Энэхүү цуврал сэтгүүл нь Монгол, Дундад хоёр орны залуу судлаачдыг нэгтгэн урьд өмнө судлагдаагүй түүхийн "цоорхой" болон дарагдаж, хадгалагдаж байсан ховорт орохоор баримт материалыг олон нийтэд гаргаж буйгаараа онцлог. Анхны дугаараас эхлэн хоёр, гурав дахь дугаарыг дундад, монголын түүх судлаач, хэл судлаач оюутан, эрдэм шинжилгээний ажилтнууд, улс төрчид, нийтлэлч, түүхч нарын анхаарлыг ихэд татаж, хүсэн хүлээдэг сэтгүүлийн нэг болоод байгаа юм. Энэ удаагийн дугаарт сонирхол татахуйц олон сонин, содон, чанартай материал нийтлэгджээ.

Монгол хэл бичиг судлалаар И.Иринчин, Го. Зоригт нарын "Уйгаржин монгол бичиг болон эртний монгол хэлний авиа", "Монгол төрлийн хэл ба түрэг төрлийн хэлийн адилавтар эгшгийн сэцгүүцлээр шинжих нь" өгүүлэл, Утга зохиол судлалаар Б.Сүхийн "Андайн язгуур соёлын шинжийн тухай", А.Шонхорын "Гаудамын домгийн тухай тогтом шинжилгээ", Фү Рүнгийн "Тогтохын дууны мотивын тухай" өгүүлэл, Дундад үеийн түүхээр Буяндэлгэр, Чимэддорж, Оюунбилэг, М.Эрдэмт, Буянтөгс нарын "Дөчин түмэн монголын нэрийдлийн үүсэл", "Монголын түүхэн данснаас 17 дугаар зууны үеийн Хөххотын түүхийг ажиглах нь", "17 дугаар зууны түрүү хагасын монгол, манж үлдмэл сурвалжуудаас Өвөр Монголын түүхийг үзэх нь", "Диба Арбубагийн нууц захидал, түүнд холбогдох түүхэн хэргийн тухай" зэрэг онц сонин өгүүллүүд багтжээ. Мөн "Орчин үеийн түүх", "Нийгэм соёлын антрпологи" булан, "БНДАУ-ын монголч эрдэмтдийн намтар судалгаа" булангаас БНДАУ-ын орчин үеийн судлаачдын тухай мэдэж авах болно. Сэтгүүлийн өнгө үзэмж, өгүүллийн чансаа ч сайжирсан бөгөөд захиалагч уншигчид, оюутан , багш, судлаач ,түүхчдийн сонирхлыг өмнөхөөс илүү татахаар болсон нь дугаарыг эрхэлсэн докторант Б.Лхагвадоржийн зүтгэл сэтгэлийн шим гэлтэй.


Эх сурвалж: Монцамэ агентлаг Ж.Батсайхан
