М. Хасбагана.1950 оны 2 дугаар сарын 7-нд Ордос хотын Отгийн өмнөд хошууны Нанс балгасын Баянхурах гацаанд төржээ. Бага сургуулийн таван жилээ дүүргээд хөдөө нутагтаа буцав. 1975 оноос аймгийнхаа Багшийн сургуульд суралцаж багш болсон тэрээр 1982 оноос ”Алтан гандир” сэтгүүлд ерөнхий редактороор ажиллав. Нэрт зохиолч маань анхны өгүүлэг ”Сарт зээрт”-ээ ”Өнөр цэцэг” сэтгүүл дээр нийтлүүлснээс хойш түүний зохиол бүтээлийн их ундраа сөхөгдөн, улсын дотоод гадаадын олон сэтгүүл сонинд 22 тууж, 100 гаруй өгүүллэг, найруулал болон гуч гаруй ардын зан заншлын бүтээл нийтлүүлэн уншигч түмнийхээ оюуны цангааг тайлж явсан юм.

Түүний ууган роман ”Засгийн хотгор” нь 1991 онд мэндэлж, ”Тэр холын бараа” роман нь 1994 онд, ”Бүсгүй бараан замбуулин” роман нь 1998 онд, ”Нутгийн халуун шороо” роман нь 2003 онд, ”Төрийн хар хүмүүс”, ”Алтан яст Өрлүүдийн Түмэн -Өлзий” зэрэг поманууд нь ар араасаа уншигчидтай золгов. Одоогоор ”Салхин” нэртэй долоо дахь романаа бичиж дуусгаад хэвлэлд өгөхөөр зэхэж байгаа аж. Дашрамд дуулгахад их зохиолчийн Ордос монголчуудын зан заншлыг харуулсан ”Ордос хурим” бүтээлийг 2011 онд 25 ангит телевиз жүжиг болгон Өвөр Монголын Одон телевизээр үзэгчдийн хүртээл болгов.

М.Хасбагана гуай үргэлж хүмүүсийн сэтгэл зүрхэд хүрсэн уран бүтээл гаргадаг болохоор ард түмний, төр засгийн өндөр үнэлгээг авсаар ирэв. Тэрээр ӨМӨЗО-ны уран зохиолын хамгийн дээд ”Солонго” шагналыг гурван удаа хүртэж, бас ”Гавьяат найруулагч”, ”Өнөр цэцэг”, ” Дорно утга зохиолын шагнал” зэргээр шагнуулж байлаа.

