solongonews
Өвөр Монголын гадаад худалдааны нийт импорт, экспортын хэмжээ өмнөх оны мөн үеэс 28.7 хувиар өсөв
2026-05-14 12:00
Хөх хотын Гаалийн газрын статистик мэдээллээр Өвөр Монголын гадаад худалдааны нийт импорт, экспортын хэмжээ энэ оны эхний дөрвөн сард 87.06 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 28.7 хувиар өссөн нь Хятадын дундаж өсөлтийн түвшингээс 13.8 хувиар өндөр байна

Импорт, экспортын өсөлтийн хэмжээ болон цар хүрээ нь Хятадад тус тус 7 ба 24-р байранд оржээ. Үүнд экспорт 31.29 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 21.5 хувиар өссөн ба импорт 55.77 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 33.1 хувиар өссөн юм.

Энэ оны эхнээс хойш аж ахуйн нэгжүүдийг дэмжиж, ашиг тусаа өгөх хэд хэдэн бодлогын ачаар Өвөр Монголын гадаад худалдааны аж ахуйн нэгжүүдийн эрч хүч улам бүр бэхжиж байна. Эхний дөрвөн сард Өвөр Монголд гадаад худалдааны үйл ажиллагаа эрхэлдэг 3,069 аж ахуйн нэгж байсан нь өнгөрсөн оны мөн үеэс 25.5 хувиар өссөн үзүүлэлт юм. 2,931 хувийн аж ахуйн нэгж гадаад худалдааны үйл ажиллагаа эрхэлдэг нь өнгөрсөн оны мөн үеэс 26.1 хувиар өссөн үзүүлэлт мөртөө импорт, экспортын хэмжээ 75.16 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 43.8 хувиар өссөн нь тус бүс нутгийн гадаад худалдааны импорт, экспортын нийт үнийн дүнгийн 86.3 хувийг эзэлж, гадаад худалдаанд тэргүүлэх үүрэг гүйцэтгэсээр байна.

Худалдааны түншүүдийн хувьд эхний дөрвөн сард Өвөр Монголын Орос, Монголтой хийсэн импорт, экспортын хэмжээ нийт 49.15 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 63.2 хувиар өссөн нь тус бүс нутгийн нийт гадаад худалдааны импорт, экспортын үнийн дүнгийн 56.5 хувийг эзэлж, гадаад худалдааны өсөлтийн чухал хөдөлгүүр болсон юм. Импорт болон экспортын бараа бүтээгдэхүүний хувьд эхний дөрвөн сард Өвөр Монголын зэсийн баяжмал болон нүүрсний импорт тус тус 28.17 тэрбум юань, 12.94 тэрбум юань болж, өнгөрсөн оны мөн үеэс 60 хувь ба 28 хувиар өссөн байна. Наранцэцгийн үр, жимс, хүнсний ногоо, компьютер болон тэдгээрийн эд ангийн экспорт тус тус 1.93 тэрбум юань, 1.31 тэрбум юань ба 960 сая юань болж, өнгөрсөн оны мөн үеэс 29.6 хувь, 7.5 хувь ба 217.3 хувиар  тус тус өсжээ.

Хөх хотын гаалийн холбогдох албан тушаалтны мэдээлснээр, боомтын ачаа тээврийн хэмжээ нь тус бүс нутгийн нийт импорт, экспортын худалдаанд чухал нөлөө үзүүлдэг. Эхний дөрвөн сард Өвөр Монголын боомтын ачаа тээврийн хэмжээ 54.166 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс 43.1 хувиар өссөн байна. Тэдгээрийн дотор Ганцмод, Цэхээ, Манжуур, Эрээн хот, Мандал зэрэг таван боомт 52.149 сая тонн ачаа тээвэрлэж, өмнөх оны мөн үеэс 46.6 хувиар өссөн нь тус бүс нутгийн нийт боомтын ачаа тээврийн эзлэхүүний 96.3 хувийг эзэлсэн байна. Цаашилбал, зарим худалдааны салбарууд мэдэгдэхүйц өсөлттэй гарч, гадаад худалдаанд шинэ эрч хүчийг бий болгов. Жишээлбэл, эхний дөрвөн сард Өвөр Монголын хил орчмын оршин суугчдын харилцан худалдааны импорт, экспортын үнэ цэнэ 340 сая юаньд хүрч, өмнөх оны мөн үеэс 132.5 хувиар өссөн байна. Эдгээрээс Манжуур хот болон Эрээн хотын хил орчмын оршин суугчдын харилцан худалдааны импорт, экспортын үнэ цэнэ тус тус 210 сая юань, 130 сая юаньд хүрч, өмнөх оны мөн үеэс 105.1 хувь,  ба 196.8 хувиар өссөн байна.

Зохиогч: Бэлтгэсэн: ЧҮНЬ ЯНЬ
Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : http://nm.people.com.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл