solongonews
Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх БНДАУ-ын Иргэний хэргийн сайдтай уулзав
2015-03-25 09:07
Монгол Улс, БНДАУ-тай Хил орчмын ой, хээрийн түймэртэй тэмцэх талаар хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, БНДАУ-ын Засгийн газар хооронд хэлэлцээрийг 1999 онд байгуулжээ.

Энэ хэлэлцээрийн дагуу хоёр орны онцгой байдлын хэлтэс, ой хээрийн түймэр хариуцсан байгууллагууд  хамтран ажиллаж ирсэн. Тухайлбал 2009, 2010 онд  Халх голын дархан цаазат бүсэд гарсан ой хээрийн түймрийг унтраах ажилд ӨМӨЗО-ны Хянган, Шилийн гол аймгийн Ой хээрийн түймрээс сэргийлэх газрын 200 гаруй албан хаагчид оролцсон байна.

Хил залгаа орнуудад хамтарч гамшгийн эсрэг тэмцэх, гамшгийн хор хөнөөлийг арилгах чиглэлээр хийж  хэрэгжүүлэх ажил цөөнгүй байгааг  Шадар сайд У.Хүрэлсүх БНДАУ-ын Иргэний хэргийн сайд Ли Лигуотой уулзах үеэрээ хэллээ.  Гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн гуравдугаар бага хуралд оролцож байгаа Шадар сайд У.Хүрэлсүх бага хурлын үеэр зарим улсын сайд, олон улсын байгууллагын удирдах албан тушаалтнуудтай уулзсаны нэг нь ноён Ли Лигуо байлаа.

Гамшиг болсны дараа хор уршгийг арилгах, аврах, яаралтай тусламж үзүүлэх чадавхийг бэхжүүлэх нь чухал ч гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, гамшгаас хамгаалах талаар иргэд олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх, эрсдэлийг бууруулахад анхаарч ажиллах нь илүү үр дүнтэй талаар сайд нар уулзалтынхаа үеэр хөндөн ярилаа. Монгол Улс ойрын хугацаанд Эрэн хайх, аврах олон улсын дунд түвшний багтай болохоор зорьж байна. Харин тус улсын Эрэн хайх, аврах баг нь хүн хүч, техник тоног төхөөрөмжийн чадавхийн хувьд дэлхийд дээгүүрт тооцогддог. Тиймээс хоёр орны онцгой байдлын байгууллагуудын харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэх, мэргэжилтэн солилцох талаар Шадар сайд У.Хүрэлсүх БНДАУ-ын Иргэний хэргийн сайд Ли Лигуотой  уулзахдаа ярилцжээ. 

Зохиогч: Урантунгалаг
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл