solongonews
Хөх тэнгэрийн “хэмжээ”-гээр ногоон дэлхийгээ хайрлая
2026-04-29 11:41
“Байгаль орчны агаарын чанарын стандарт”-ын шинэчилсэн хувилбар 03-р сарын 01-ний өдрөөс албан ёсоор хэрэгжиж эхэлснээр Хятад улсын агаарын бохирдлын хяналт илүү хатуу шаардлага, өндөр стандарт бүхий шинэ үе шатанд шилжлээ.

Энэхүү шинэчилсэн хувилбарт агаарын бохирдлын нарийн ширхэгт тоосонцор (PM2.5)-ын жилийн дундаж агууламжийн хоёрдогч хязгаарыг куб метр тутамд 35 микрограммаас 25 микрограмм болгон тохируулж, үе шаттайгаар хэрэгжүүлэхийг шаардсан бөгөөд ингэснээр бүтцийн зохицуулалт, эх үүсвэрийн бууралтын суурь арга хэмжээнүүдэд хангалттай хугацаа, орон зайг бүрдүүлэхийг зорьжээ.

Бээжин хот: Хөх цэнхэр тэнгэрийн төлөө хүчин зүтгэнэ

Хөх тэнгэр, цагаан үүл, нарны алтан туяа цацарсан сайхан өдөр тохиох бүр Бээжин хотын Экологийн орчны хяналтын төвийн дэд захирал Ван Шяожюй гар утсаараа зураг авч дурсгал болгон хадгалдаг байв. Харин өнөөдөр Бээжин хотод цэлмэг тэнгэр, цэвэр агаартай өдөр улам бүр олширч, хүссэн үедээ үзэсгэлэнт зураг авах боломж бүрджээ. Ийнхүү хөх тэнгэр нь Бээжин хотын хувьд “тансаг хэрэглээ”-нээс “өдөр тутмын хэрэглээ” болон хувирсан байна.

Бээжин хотын экологийн орчны хяналтын техникч Ван Шяожюй энэ салбарт 16 гаруй жил ажиллаж байна. Тэрээр гэрээсээ гарахын өмнө цаг агаарыг ажиглаж, ажилдаа ирмэгцээ компьютерээ асаан Бээжин хот болон ойр орчмын бүс нутгийн агаарын чанарыг шалгах нь мэргэжлийн дадал болжээ.

Агаарын бохирдлоос урьдчилан сэргийлэх, хянах ажил нь онцгой чухал бөгөөд Бээжин хотын Экологийн орчны хяналтын төв нь энэхүү ажлын “харуул”, “сонор” болж ажилладаг. Энэ бүхний ард технологийн дэмжлэг чухал үүрэгтэй. Уламжлалт хяналтын тогтолцоонд тулгуурлан Бээжин хот мэдрэгч, эд зүйлсийн интернет, хиймэл дагуулын алсын зайн тандалт зэрэг технологийг өргөн ашиглаж, төрөл бүрийн өгөгдлийг нэгтгэн, хиймэл оюун ухааны тусламжтайгаар бохирдлын эх үүсвэрийг нарийвчлан шинжлэх, динамик хянах, ухаалаг сэрэмжлүүлэх боломжийг бүрдүүлсэн байна.

Хичээл зүтгэл үр дүнгээ өгдгийн жишээгээр Бээжин хотын PM2.5-ийн жилийн дундаж агууламж 2013 онд куб метр тутамд 89.5 микрограмм байснаас 2025 онд куб метр тутамд 27.0 микрограмм болж, 69.8 хувиар буурсан байна. “14-р таван жилийн төлөвлөгөө”-ний хугацаанд PM2.5-ийн жилийн дундаж агууламж таван жил дараалан үндэсний стандартыг хангаж, шинэ доод түвшнийг тогтоосоор байна.

Тайюань хот: Эрүүл цэвэр агаарын төлөө “ногоон”-оор хөгжинө

Чиншюй эдийн засгийн хөгжлийн бүсэд байрлах Мэйжинь Хуашэн химийн аж үйлдвэрийн паркт устөрөгчөөр ажилладаг хүнд даацын ачааны машинууд устөрөгч түгээх станцад шатахуун авч байв. Коксын зууханд үүсэх хий нь эдгээр тээврийн хэрэгслийг ажиллуулах цэвэр эрчим хүчний эх үүсвэр болж байна. “Коксын хий цэвэршүүлэх – устөрөгч түгээх станц – устөрөгчийн тээврийн хэрэгсэл” гэсэн загварын дагуу парк нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулж, эрчим хүчний дахин ашиглалтыг хэрэгжүүлж байна.

Мэйжинь Хуашэн химийн аж үйлдвэрийн парк нь Шаньши мужийн Тайюань хот ногоон өөрчлөлтөөр агаарын чанарыг сайжруулах бодлогын тод жишээ юм.

Өмнө нь нөөцөд тулгуурласан хот байсан Тайюань нь үйлдвэрлэлийн бохирдол ихтэй, газарзүйн нөхцөл нь бохирдуулагч бодисын тархалтад таатай бус байсан тул агаарын чанарын үзүүлэлтээр 168 гол хотын дунд удаан хугацаанд доогуур байр эзэлж байв.

Энэхүү нөхцөл байдалд чиглүүлэн Чиншюй шянь аж үйлдвэрийн бүтцийн өөрчлөлтийг идэвхтэй хэрэгжүүлж, аж ахуйн нэгжүүдийг аж үйлдвэрийн паркт төвлөрүүлэх бодлого баримталсан байна. Мэйжинь Хуашэн, Гэн-Ян Шинэ Эрчим Хүчний ХХК, Яшинь Шинэ Эрчим Хүчний Технологийн ХХК зэрэг орон нутгийн гурван хувийн аж ахуйн нэгж эхэлж нэгдэн, үйлдвэрлэлийн бат бөх суурь, шинэчлэлийн шийдэмгий байдлаараа бүс нутгийн өөрчлөлтийг манлайлан хэрэгжүүлжээ.

Экологи, Байгаль орчны яам 2024 онд холбогдох байгууллагуудтай хамтран “Коксжих үйлдвэрийн салбарт хэт бага ялгаруулалтыг хэрэгжүүлэх тухай санал”-ыг гаргаж, бохирдуулагч бодисын агууламжийн тодорхой хязгаарыг тогтоосон байна.

Тайюань хотод энэ чиглэлийн шинэчлэл эрт эхэлсэн бөгөөд ган, кокс, цахилгаан, цементийн үйлдвэрүүдэд агууламж болон нийт ялгаруулалтын “давхар хяналт”-ыг хэрэгжүүлж, хэт бага ялгаруулалтын шаардлагыг мөрдүүлж байна.

Ногоон өөрчлөлт нь байгаль орчны болон эдийн засгийн үр ашгийг зэрэг хангах боломжийг бүрдүүлжээ. Аж ахуйн нэгжүүд устөрөгчийн эрчим хүчний салбарыг хөгжүүлснээр кокс төдийгүй цэвэр эрчим хүч нийлүүлэх боломжтой болж, зах зээлийн хэлбэлзэлд тэсвэртэй байдал нь нэмэгдсэн байна.

Эдгээр арга хэмжээний үр дүнд Тайюань хот 2025 онд 282 өдөр цэвэр агаартай байж, өмнөх оноос 34 өдрөөр нэмэгдсэн байна.

Гуанжөү хот: “Үлэмж хөх тэнгэр”-ийг уран нямбай бүтээнэ

Гуанжөү хотын Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас тус хот Гуандүн мужийн экологийн хамгаалалтын үнэлгээнд зургаан жил дараалан “Шилдэг” үнэлгээ авсныг мэдээлэв.

Юэшю дүүргийн барилгын талбайд хэрэгжүүлж буй “мөнгөн дээвэр” хэмээх хийн бүрхүүл нь тоосны 99 хувийг, дуу чимээний 96 хувийг тусгаарлах чадвартай, байгаль орчинд ээлтэй шинэ технологи юм.

2013 оноос хойш Гуанжөү хот 3000 гаруй хуучин аж ахуйн нэгжийг шинэчилж, шинэ эрчим хүчний тээврийн хэрэгслийн тоог нэг саяас давуулан, иж бүрэн хяналтын сүлжээг бий болгожээ.

Олон эх сурвалжийн өгөгдлийг нэгтгэсэн “хяналт – сэрэмжлүүлэг – хариу арга хэмжээ”-ний системийн ачаар агаарын чанар сайтай өдрийн эзлэх хувь 90 гаруй хувьд хүрсэн байна.

“15-р таван жилийн төлөвлөгөө”-ний эхэнд Гуанжөү хот зөвхөн үзүүлэлт хангахаас гадна хөгжлийн үзэл баримтлалаа шинэчлэхэд анхаарч, тогтвортой “хөх тэнгэр”-ийг бий болгох зорилтыг дэвшүүлж байна.

Зохиогч: ПАНЬ ЖЮНЬЧЯН, МА РҮЙШАНЬ, ЖЯН ШЯОДАНЬ
Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : СОЛОНГО
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл