solongonews
Нацагдоржийн галын дэргэд
2015-01-22 15:46
Нацагдоржийн галын дэргэд

                                                                          

Нацагдоржийн гал зуун жил ноцлоо

Нэр мэт гэрлийн тань буянд  зуун жил шүлэг бичлээ

Нацагдоржийн галд зуун жил хөлчлөө

Найргийн дарсыг тань бид зуун жил зүрхээрээ залгилаа

 

Нацагдорж та өөрөө

Онгодын хэт цахисан хурмастын тогшид байсан юм

Нацагдорж та өөрөө

Найраг шүлгийн цусгүй тулалдаанд жанжин туг явсан юм

Нацагдорж та өөрөө

Хэнтэйн мутраас тэнэгт татсан солонго байсан юм

Нацагдорж та өөрөө

Хийлийн чавхдаснаас тасарсан дусал цэнхэр нулимс байсан юм

 

Наргүй, саргүй, зулгүй харанхуйд ч

Нацагдоржийн гал гэрэлт цамхаг байсан юм

Нанчидгүй, наргиангүй, хүүхэнгүй үед ч

Нацагдоржийн шүлэг тайтгарлын рашаан байсан юм

 

Яруу найргийн өргөөний хоймор богд мэт заларч

Ид найрын ширээний цаанаас хүрхрээ мэт асгарч

Янаг хайрын дүүрэн хундаганд сар мэт хөвж

Ертөнцийн зүг бүрийн шүтээнд Янжинлхам мэт гэрэлтэнэм , та

 

Заяа тавилангийн цахиураар асгасан

Задгай галын дэргэд

Бүрх малгайтай Нацагдорж гансаа погшин

Битүү гунигт нухчуулан гал ширтэж бодолширно

Хэлмэгдлийн хар манан зүрхийг сэгчиж хуйларна

Хэнтэй чигийн салхинаас ээжийн бүүвэйг анирлана

 

Дэлхий сарны хоорондуур дэлт чоно хатираад гатлахыг мэдрэв

Дээвэр товшсон жавар шүлэг мэндлэхийг чагнаад хором төдий тайтгарав

Тоноо дэлгэрсэн галын очис тэнгэрийн одонд хувилав

Тэр оддын гэгээнд орчлонгийн харанхуй хага татан урагдав

 

Энэ галын дэргэдээс түүх шилгээсэн уулс сүүдрээ хумьсан юм

Энэ галын дөлнөөс хүн таван од гэрлээ сэлбэсэн юм

Энэ галын цуцлаас мянга мянган хүн тасалж “өрх тусгаарласан” юм

Энэ галын илчнээс цөвийн шуурганы царцмал бодлууд хэссэн юм

 

Нацагдоржийн чанасан цай, сөгнөсөн айргаас нь

Нууж унагасан нулимс, хүчит авьяас амтлагдана

Гучин нэгэн нас, ертөнцийн харамсал харагдана

Гундсан цагийн аяс, Пагамдуламын гашуудал сонсдоно

 

Таны бүтээсэн оргил өөд зуун жил авирлаа

Таны баринтагласан нууц руу зуун жил гүйлээ

Таны хайрласан ивээл зүг зуун жил залбирлаа

Таны сэтэрлэсэн салхин доогуур зуун жил эргэцлээ

 

Нацагдоржийн галын дэргэд

Найраг шүлгийн аранзал хээр дэвхэцнэ

Нармай монголын тансаг авьяа задарна

Нарт орчлонгийн алс ирээдүй гэрэлтэнэ

 

Тийм ээ

Тэнгэрийн онгодтой Нацагдоржийн хүүхдүүдээ

 

 

 

Зохиогч: Зүүгар.Буянбат
Найруулагч: М.Банди
Эх сурвалж : holvoo.net.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл