2026 оны АПЕК-ийн Худалдааны сайд нарын уулзалт 05-р сарын 22–23-ны өдрүүдэд Хятадын Жянсү мужийн Сүжөү хотод зохион байгуулагдана. Өнөөдрөөс эхлэн хэд хэдэн зөвлөлдөх уулзалт, хэлэлцүүлэг зэрэг дагалдах арга хэмжээнүүд эхэлж байна.
Энэ удаагийн уулзалтад АПЕК-ийн 21 гишүүн эдийн засаг болон олон улсын байгууллагуудын нийт 700 орчим төлөөлөгч оролцож байна. Худалдааны сайд нарын энэ уулзалтад ямар чухал асуудлууд хөндөгдөх талаар мэргэжилтнүүдийн байр суурийг хүргэж байна.
Хятадын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хорооны Гадаад эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн Худалдаа, хөрөнгө оруулалтын судалгааны хэлтсийн дэд захирал Юань Чянь хэлэхдээ, АПЕК нь Ази–Номхон далайн бүс нутгийн хамгийн өндөр түвшинтэй, хамгийн өргөн хүрээтэй, хамгийн нөлөө бүхий эдийн засгийн хамтын ажиллагааны механизм юм.
Ази–Номхон далайн чөлөөт худалдааны бүс байгуулах хэтийн зорилт дэвшүүлсний 20 жилийн ойтой давхцаж буй энэ уулзалт нь олон талт худалдааны тогтолцоог хамгаалах, бүс нутгийн хамтын ажиллагааг тогтворжуулах, дэлхийн нээлттэй хөгжлийг чиглүүлэхэд эерэг үүрэг гүйцэтгэх бөгөөд худалдааны хамгаалалтыг нэмэгдүүлэх хандлагыг сөрөх ач холбогдолтой гэж онцоллоо.
Шинэ үеийн шинжлэх ухаан, технологийн хувьсгал, аж үйлдвэрийн өөрчлөлт хурдацтай явагдаж байгаа энэ цаг үед энэхүү уулзалт нь дижитал болон ногоон хөгжил зэрэг шинэ салбарын хамтын ажиллагаанд голлон анхаарч, дэлхийн технологийн инновацийн чиг хандлагад нийцэх, эдийн засгийн уналтын дарамтыг бууруулах, бүс нутгийн хамтын ажиллагааны шинэ орон зайг нээх зорилготой юм.
АПЕК-ийн Худалдааны сайд нарын уулзалтын хэлэлцэх асуудлуудад дижитал эдийн засаг, цахим тээврийн баримт бичиг, ногоон нийлүүлэлтийн сүлжээ зэрэг асуудал онцгойлон дурдагдаж байна.
