solongonews
Энхбаатарын Үржинхандын ”Хос номын баяр” боллоо
2015-03-05 18:33
Шинэ Мянган Утга Зохиолын Нэгдлийн гишүүн, Монголын Зохиолчдын Эвлэлийн гишүүн, яруу найрагч, сэтгүүлч Энхбаатарын Үржинхандын ”Алсын гэрлийн хэлтэрхий” нэртэй шүлгийн түүвэр, ”Хэзээ ч оройтохгүй” нэртэй гурамсан туужийн ”Хос ном”-ын нээлт Улаанбаатар хотноо “Интерном” номын их дэлгүүрт өргөн дэлгэр болж өндөрлөлөө.

“Хэзээ ч оройтохгүй” гурамсан туужийн ном
        Тэрээр сүүлийн 2 жилд бичсэн туужуудаасаа “Хэзээ ч оройтохгүй”, “Анирхүү”, “Дурлалын барьцаа” нэртэй туужуудаа эмхтгэн анхны гурамсан туужийн номоо гаргажээ. Энэхүү номыг Монгол Улсын Ардын Уран Зохиолч, Төрийн соёрхолт, түүний багш Бавуугийн Лхагвасүрэн ариутган шүүсэн байна. 

 Яруу найрагч Энхбаатарын Үржинханд


 “Алсын гэрлийн хэлтэрхий” яруу найргийн түүвэр
Мөн түүний сүүлийн жилүүдэд бичсэн шүлгүүдээсээ түүвэрлэсэн яруу найргийн гурав дахь номыг нь Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн, доктор, профессор, яруу найрагч Чойсүрэнгийн Дагвадорж редакторласан. МУСТА, зураач Амарсанаа номын зургийг зурсан байна. 


        Яруу найраг, үргэлжилсэн үгийн зохиол бичдэг хос морьтой уран бүтээлч Э.Үржинхандын Хос номын нээлтэд үе үеийн яруу найрагч, зохиолч, нэр хүндтэй уран бүтээлчид хүндэтгэн ирлээ. Номын хуримын үеэр найрагч бүсгүй  “Монголын зохиолчдын эвлэл"-ийн гишүүний үнэмлэх, тэмдгийг албан ёсоор гардаж авсан нь бас нэгэн баярт явдал боллоо. “Хэзээ ч оройтохгүй” тууж нь БНСУ-д хэвлэгддэг “Солонгос Монгол мэдээ” сонинд цувралаар хэвлэгджээ. Энэхүү Хос номыг хэвлэлд бэлтгэхэд Өвөр Монголын Өөртөө Засах Орны "Солонго" мэдээллийн төв, Монголын "Шинэ Мянган Утга Зохиолын Нэгдэл”-ээс дэмжиж тусалсан байна.


        Залуу уран бүтээлч Энхбаатарын Үржинханд 2009 онд “Өөртөө үнэнч үлдэнэ” яруу найргийн түүвэр, 2011 онд “Шувуутай цүнх” өгүүллэгийн түүвэр, 2012 онд “Хайр цацруулж...” яруу найргийн түүвэр, 2014 онд “Зөндөө хайртай” яруу найргийн цомгууд гаргаж олны хүртээл болгосон. 2012 онд “Хүүхэд, залуучуудын уран зохиолын дээжис” ном,  2013 онд Өвөр Монголын Өөртөө Засах Орноос эрхлэн гаргадаг “Дэлхийн уран зохиол” сэтгүүл, 2013 онд “Шинэ мянганы яруу найраг” ном,  2013 онд МЗЭ-ийн “Монголын эмэгтэй зохиолчид” номуудад бүтээлүүд нь тус тус нийтлэгджээ. 


 

 

Зохиогч: Ц. Урантунгалаг, Ариухан
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл