solongonews
Дэлхийн цайны өдрийг тэмдэглэв
2026-05-22 18:35
Дэлхийн цайны өдрийг тэмдэглэв

НҮБ жил бүрийн 5-р сарын 21-ний өдрийг “Дэлхийн цайны өдөр” болгон зарласан билээ.

Энэ өдрийг тохиолдуулан, мөн “Цайны зам”-ыг дэлхийн өвд бүртгүүлэх ажлыг дэмжих зорилгоор Улаанбаатар дахь Хятадын Соёлын төв, Улаанбаатар дахь Оросын Шинжлэх ухаан, соёлын төв болон Монголын Цайны зам хөгжлийн сан хамтран Улаанбаатар хотноо “Цайны соёлын ертөнц” арга хэмжээг зохион байгуулав.

Арга хэмжээнд БНХАУ болон ОХУ-ын Элчин сайдын яам, Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Соёлын өвийн үндэсний төвийн төлөөлөгчид болон соёл, аялал жуулчлалын салбарын 200 гаруй хүн оролцсон байна.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны соёлын зөвлөх бөгөөд Улаанбаатар дахь Хятадын Соёлын төвийн захирал Ли Жь арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ, цай бол улс үндэстний хил хязгаарыг давсан соёлын хэл, найрамдал, хамтын ажиллагааны бэлгэдэл гэдгийг онцолжээ.

Тэрээр “Цайны их зам” нь Хятад, Монгол, Орос гурван улсыг хэдэн зууны турш холбосон соёлын бүс болохыг тэмдэглээд, Хятадын Ү И Шань уулаас эхэлж, Монголын тал нутгаар дамжин Санкт-Петербург хот хүртэл үргэлжилсэн энэхүү эртний зам нь худалдаа, эдийн засгийн харилцааны суваг төдийгүй ард түмнүүдийг холбосон соёл, сэтгэл санааны гүүр байсаар ирсэн гэжээ.

Мөн энэ удаад гурван улс цайгаар холбоо тогтоож, соёлоор хүчээ нэгтгэн хамтран арга хэмжээ зохион байгуулж байгаа нь соёл иргэншлүүд харилцан суралцаж буйн бодит илэрхийлэл бөгөөд шинэ эрин дэх Хятад, Монгол, Оросын найрсаг хөршийн харилцаа, хамтын ажиллагааны тод жишээ болж байгааг онцолсон байна.

Арга хэмжээний үеэр Хятад, Монгол, Орос гурван улсын цайны соёлыг танилцуулж, “Цайны их зам”-ыг хамтран дэлхийн өвд бүртгүүлэх, мөн үүнтэй холбоотой соёл, аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцжээ.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл