solongonews
Хөтлөгч Алимаагийн уран бүтээлийн нээлт боллоо
2015-03-16 10:10
Өвөр Монголын Радио Телевизийн Монгол одон сувгийн хөтлөгч Алимаагийн “Сэтгэлийн ертөнцийг нээхүй” ном болон “Сэтгэлийн ертөнцийг дуулахуй” цомгийн нээлтийн арга хэмжээ өнгөрсөн бямба гарагт Хөххотод боллоо.

Алимаа Алшаа аймгийн Алшаа зүүн хошууны уугуул. 2006 онд Өвөр Монголын Радио Телевизийн Монгол одон сувагт ажлын гараагаа авч, “Өглөөний мэдээ”, “Гарагийн болзоо”, “Гурван даваа”, “Одод түгэх цаг” зэрэг нэвтрүүлэгт хөтлөгчөөр ажиллаж, мөн сар шинэд зориулсан урлагийн үдэшлэг зэрэг томоохон тайзнаас өөрийн дуу хоолойгоо ард түмэндээ хүргэсээр байна.

“Сэтгэлийн ертөнцийг нээхүй” ном нь Алимаагийн “Гарагийн болзоо”,  “Одод түгэх цаг” нэвтрүүлэгт оролцсон 21 эрхэм хүний тухай сурвалжилгын бүтээл болон “Ээжтэй хийсэн нэгэн ярилцлага”-ыг багтаасан ном болно. Тэрбээр “Сэтгэлийн ертөнцийг нээхүй” номоо Хөххотын Монгол үндэстний сургууль, Хөххотын Монгол үндэстний хүүхдийн цэцэрлэг, Хөххотын Монгол үндэстний туршилтын бага сургууль, Хөххотын Шинэхот дүүргийн Монгол үндэстний хүүхдийн цэцэрлэг, Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн харъя дунд сургууль болон Өвөр Монголын номын сан, Чонос өв соёлын санд бэлэглэсэн байна. “Сэтгэлийн ертөнцийг дуулахуй” цомогт “Ээж ааваараа үнэсүүлнэ дээ”, “Ариун бумбын Алшаа”, “Эсгий бойтог” зэрэг өөрийн бүтээлийг багтаасан 8 дуу орсон байна.

 

 

 

Зохиогч: Цолмон, Мөнгөнхэлхээ
Найруулагч: М.Банди
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл