solongonews
Цасан цагаануудад зориулсан нүүр будалтын зөвлөгөө
2015-01-30 09:42
“Цасан цагаан” гэдэг үг чамд магтаал биш ёжлол шиг сонсогдож байна уу? Цонхигор, хөх туяатай цайвар арьсандаа бүх бурууг тохох хэрэггүй ээ.

Түүнд давуу тал ч бий. Зөв будах нь л чухал.

Шингэн крем
Цагаан царайтай бүсгүйчүүд үүнийгээ далдлахын тулд хэт бараан юм уу буруу туяатай кремийг сонгох нь элбэг. Үр дүнд нь, тэдний будалт ёстой л “будалт” шиг харагддаг. Шингэн кремээ зөв сонгохын гол түлхүүр нь өөрийнхөө далд туяа буюу undertone-ийг мэдэх явдал юм. Бугуйныхаа судсыг ажиглаад үзээрэй. Хэрвээ судас чинь хөх цэнхэр байвал чи хүйтэн тонтой гэсэн үг. Харин оливийн ногоон юм уу шар тал руугаа өнгөтэй байвал дулаан тонтойд тооцогдоно. Далд туяагаа мэдсэнийхээ дараа түүндээ тохирох кремүүдийг туршиж үзээрэй. Нарны туяаг хамгийн ихээр авдаг учраас гаран дээрээ түрхэж туршаад хэрэггүй. Оронд нь эрүүний доод ясан дээрээ түрх.

Хацар өнгөлөгч
Бор өнгөнөөс зайлсхий. Сарнайн ягаан, тоорын ягаан өнгөнүүд цайвар өнгөтэй сайтар уусдаг учраас хацраа эдгээрээр өнгөлж болно. Мөн өвөл даарахаар эсвэл ичих үед хацар чинь ямар өнгөөр улайдгийг бодоод үзээрэй. Түүнтэйгээ хамгийн ойр өнгийг сонгож чадвал натураль төрөлхийн хацар гоо төрхийг бий болгож чадна.

Боронз/сүүдэртүүлэгч
Сүүдэртүүлэгч чинь бараан байх тусмаа илүү хиймэл харагдана. Цайвар царайтай бүсгүйчүүдийн хувьд өөрийнхөө арьснаас нэг л тон доод өнгийн сүүдэртүүлэгч сонгоход хангалттай. Жаргаж буй нарных шиг улбар бордуу өнгийн сүүдэртүүлэгч ихэнх цагаан арьстай зохицдог.

Уруулын будаг
Абрикосны туяатай бейж, бүх төрлийн ягаан, зөөлөн шүрэн улаан өнгийн уруулын будагнууд цайвар арьсанд гайхалтай тохирно. Ямар ч туяагүй дан бейж, чавганы ягаан, хар улаан зэрэг өнгөнүүд чиний цонхигор цайвар арьсыг улам л тодруулахын нэмэр. Тиймээс шүрэн улаан, ягаан мэтийн хөнгөн, зөөлөн юм уу тод улбар, янагийн ягаан гэх мэт хөгжилтэй, тод өнгийг сонгоорой.

Нүдний будалт
Цонхигор арьстай бүсгүйчүүдэд түгээмэл ажиглагддаг нэг алдаа бол хар, бараан өнгөөр нүдээ будах юм. Хар саарал смоки будалт цайвар арьсыг готик, эмо харагдуулах болно. Түүний оронд алтлаг, бор зэрэг хөнгөн гэгээлэг өнгийн будаг ашиглаарай.

 

Найруулагч: Чүнь Янь
Эх сурвалж :
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл