solongonews
Галын тахилгын дуудлага, ерөөл
2015-02-11 09:51
Галыг ариусган тахих нь айл бүрийг өршөөл ивээлдээ багтааж, тэдний гал голомтонд ариун үйлсийг хүргэж өгдөг гэж үздэг.

 Айл гэрийн гал голомт нь тэр айлыг ариусгадаг, гэрэлтүүлдэг, дулаацуулдаг, хоол хүнсээ боловсруулдаг.

Шүүс хуваахаасаа өмнө гал голомтоо заавал мялаадаг. Богино хавиргаар үйлс бүтэх, бүдэрхийгээр бүх юм бүтэмжтэй сайхан болох, булуу чөмгөөр баяжихыг бэлэгддэг.

“Болж яваг гэж богино хавиргаа

Бүтэж яваг гэж бүдэрхийгээ

Баяжиг гэж булуугаа өргөе” гэж ерөөн хэлдэг.

 

Гал асахгүй бол:

“Хөгж хөгж

Хөх ямааны өөх өргөнө

Улалз улалз

Улаан ямааны өөх өргөнө

Ас ас

Алаг ямааны өөх өргөнө

Бадар бадар

Балганатай шар тос өргөнө” гээд өөх тос өргөж галаа асааж бадраадаг.

 

Дээр үед монгол хүн галаа тахихдаа бөө удган нараар бөөлүүлдэг байсан. Гал тахилганд бөө удганы дуудлага, лам нарын уншлага хоёр агуулгаараа өөр байдаг.

Галын хаанд зориулж:

“Сүмбэр уулын төдий идээг

Сүүн далайн төдий ундааг

Сүрт галын хаан танд өргөе” гэж гал тахихад хэлдэг ажээ.

Хаад, ноёд, баян айлын гал тахилганд унших уншлага, дуудлага өөр ондоо байдаг. Жишээлбэл:

Одноос олон малтай болтугай

Уулнаас их цагаан гэртэй болтугай

Төрсөн бие чинь мөнх жаргах болтугай

Төрийг эзлэх нигуун хөвгүүнтэй болтугай” гэж баян айлын гал тахилганд унших номонд байдаг бол ядуу айлд ирж бөөлөхдөө:

Нуурт зогсох олон адуутай болго чи

Ноён хүнийг дагах хиа хөвгүүнтэй болго чи

Задгайд олон хоньтой болго чи

Зан сайтай охин үртэй болго чи” гэдэг байна.

 

Монголчуудын гал тахих эртний зарим сударт буюу “Гүүний үрс гаргах сацал ерөөл”-ийн сударт:

"Цагаадай бөөгөөр сацлаа сацуулж

Цангалан удганаар хөнөгөө бариулж..." гэх зэргээр гардгийг ажиглавал, гал тахих явдал монголчуудын дотор эртнээс эхлэн, ямар нэг айлын гал голомттой холбоотойгоор барахгүй, улсын гал голомттой ч холбогдож байжээ. Юу гэвэл, Цагаадай хаан өөрөө бөө хүн байсан төдийгүй, түүний хатан Цангалан бас удган байсан түүхтэй. Ингээд тэд улсын гал голомтын тахилгад оролцож явжээ.

Гал тахихад урьд тулганы дөрвөн тотго дээр өрөм, шар тос, өнгө өнгийн бүс, торгоны өөдөс мэтсийг тавиад, цороцгүй өвчүүг хадгаар ороон, зугуухан түлсэн галд хийнэ. Түүний дээрээс хайлмал шар тос дусааж:

"Хойт жилийн өдий хүртэл

Хотол голомтоо сахин тэтгэж

Мэнд суухын мэхийг даатгаж

Амар суухын авралыг эрье айлтгая Хурай, хурай, хурай" гэж хэлээд, галаа их бадраадаг байсан байна. Энэ бол нэг ёсны шившлээс үүссэн даатгал юм.

Галын тахилгын дуудлага

Арм үсгээс үүдсэн

Арши нарын увидсаар бүтсэн

Ариун гэгээн чанарт

Хатуу түлэгч

Харанхуйг гийгүүлэгч

Галын хаан Миража

Энэ өдрийн

Үндсийг чинь тоолж

Үлгэрийг чинь дурьдах

Шалтгаан юу гэвэл

Суут Богдын сургууль

Сутай хатны үлгэр бөлгөө

Зөв буянаар учирсан

Хоёр өмчит улсаа хурааж

Өөхөн тосоор тахиж

Өнгөт магнаг өмсгөнө.

Өргөжих төрийн

Хаан хатан болон жаргаж

Эцэст нь бурханы хутгийг олох болтугай

Сав ертөнц бүтэхээс

Олон амьтныг үүсхээс

Өөдсөн галын хаан Миража

Богд дээд эзний захисан

Бөртөлжин хатны үлээсэн бөлгөө

Захабад сэцэн хаан хатан хоёрын

Заасаар зарлигжим

Сургасан судар бөлгөө

Болд эрдэнэ төмөр эцэгт

Болор хас чулуун эхэт

Галын хаан эх мину

Хангай ханы дов болохын цагаас

Хамаг улсын үүдэхээс

Хамгийн их болон заяасан

Галын хаан эхэт

Арц шатаам, тос өөхөөр

Тахин дусаан суунам би

Бурхад ханыг дов болохын цагаас

Бургас модыг найлзуурын цагаас

Бүгд улсыг үүдэхээс

Бүрний эзэн болон бүтсэн

Галын хаан эхэт

Хар архи, халим өөхөн тосыг

Дусаан суунам би

Эзэн тэнгэрийн дэлбий цагаас

Этүгэн эхийн өлмийн цагаас

Өргөн их улсыг үүдэхүйеэ

Эрхэтийн эх болон заяасан

Галын хан эхийг тахинам

Хатан төмөр эцэгт хайр чулуун эхэт

Хавтгай хавчин үрт

Галын хан эхэд

Хар архи, халимт өөхөн тосыг

Дусааж тахин мөргөн залбирахад минь

Өршөөхөөр буян хишигээ өгөн соёрх

Хялган өвс амьт

Шар тосон идэшт

Шар тэрүүт цагаан хонин тахилгат

Шинэхэн улаан торгон өмсгөлт

Галын хан эхэд

Тос өөхөө дусаанам

Агуу өргөн царайт

Өөхөн тосон амьт

Энэ бүхий амьтныг

Өргөн болгогч галын хан эх минь

Өөдлөх мэт буян хишгээ өгөн соёрх

Галын эх минь

Хамгаар олон хэлт

Отгон галын хан эх

Ганц хэлт

Салхин галын хан эхэд

Хар архи, халимт өөхөн тосыг

Дусааж тахин мөргөн залбирахад минь

Өршөөхөөр буян хишигээ өгөн соёрх гэж Бямбадорж зайран тахилгаа хийдэг байна.

 

 

Найруулагч: М.Банди
Эх сурвалж : Монгол ёс заншлын тайлбар толь
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл