solongonews
Бид асуудлыг шийдэхийн төлөө явж байна
2015-03-23 10:29
Дундад улсын томоохон компани болох “Өнгөт төмөрлөгийн гадаад дахь барилга, зураг төслийн компани” (товчилсон нэрээр “NFC”)-ийн Монгол Улс дахь ерөнхий төлөөлөгч Далангурванг урьж ярилцсан юм.

  Та өөрийгөө танилцуулна уу?

- Намайг Далангурван гэдэг. Төрсөн нутаг маань Өвөр Монголын Хянган аймгийн Түшээт хошуу. Сүүлд нь Баяннуур аймгийн Урадын хойт хошуунд (Тухайн үед Цог хошуу гэж нэрлэдэг байсан) зургаа долоон жил амьдарч, дараа нь 1977 онд Шанхайн Гадаад хэлний их сургуульд элсэн орсон. Тэр үед сургууль төгссөн оюутнуудад улсаас ажил олгодог байсан юм. Сургуулиа төгсөөд би Дундад улсын Нийгмийн шинжлэх ухааны академид таван жил ажиллав. Тэнд Олон улсын эдийн засаг, гүн ухааны чиглэлээр судалгаа хийж хажуугаар нь суралцсан. Сүүлд нь 1985 онд Дундад улсын “Өнгөт төмөрлөгийн гадаад дахь барилга, зураг төслийн компани” (товчилсон нэрээр “NFC”)-д ажиллаад одоог хүртэл яг гучин жил ажиллаж байна.

 Монголд анх хэдэн онд ирсэн бэ?

- Ажлын шугамаар 1991 онд анх удаа Монголд ирсэн. Олон зүйл бүтээхийг хичээж явсаар он удлаа даа.

Монгол Улсын уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын дунд танай компани нэлээд нэр хүндтэй, дээгүүрт ордог. Компанийхаа талаар товч танилцуулах уу?

- Дундад улсын “Өнгөт төмөрлөгийн гадаад дахь барилга, зураг төслийн компани" маань энд гурван чиглэлээр үйл ажиллагагаа явуулдаг. Нэг нь Монгол, Дундадын хамтран байгуулсан “Цайрт Минерал” ХХК, Хоёрт нь "NFC"-ийн төлөөлөгчийн газар. Үүнээс гадна Монголтой хамтран "Үйлдвэрийн барилга байгууламж корпораци" ХХК-ийг байгуулаад гурван жил гаруй болж байна. “Өнгөт төмөрлөгийн гадаад дахь барилга, зураг төслийн компани" нь үндсэн ажлынхаа хажуугаар Монгол Улсад үйлдвэр барилгын ажлыг гэрээгээр гүйцэтгэх зорилго тавин ажиллаж байгаа. 2003 онд Дундад улсын дарга Хү Жиньтао Монгол Улсад айлчлахдаа: - “Цайрт Минерал”- ийн энэ төслийг хоёр улсын үлгэр жишээ төсөл болгон байгуулья гэсэн. Бид одоо болтол тэр хэмжээнд авч явж байгаа, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар болон нөөц ашигласны төлбөрийг одоо мөрдөгдөж буй хуулийн дагуу төлж, бүх ажлыг хуулийн дагуу хийсээр ирсэн. Тал талдаа ашигтай энэхүү компани байгуулагдсанаар Монгол Улс хамгийн анх цайрын баяжмалтай болсон. Монгол Улсын цайрын стандартыг манай компаний бүтээгдэхүүн цайрын баяжмалаар стандар бий болгон тогтоосон. “Цайрт Минерал” ХХК нь 2003 оноос Засгийн газартай хамгийн анхны "Тогтвортой байдлын гэрээ"-г хийсэн.

Монголд бизнес хийх, үйл ажиллагаа явуулахад хэр хүндрэлтэй байдаг вэ?

- Асуудал бэрхшээл гэж хаа ч байдаг. Харин бид асуудлыг шийдэх гэж яваа. Улсын дотооддоо үйл ажиллагаа явуулахад ч хүндрэл бэрхшээл ихээхэн гардаг. Түүнтэй зохицох хэрэгтэй гэж би боддог. Улс орон өөр өөрийн соёл иргэншил, хууль дүрэм, стандарт, сэтгэхүй гэж байдаг болохоор аль ч улс оронд байсан тэр нутгийн амьдрал ахуй, хуульд нийцүүлж, зохицуулж асуудлыг олон талаас нь харж шийддэг. Сарнай өргөстэй гээд зугтах биш, харин өргөс дундаас сарнай цэцгийг олж харж болно.

Ажилчдын 90 хувийг орон нутгийн иргэд эзэлдэг гэсэн үү?

- Компанид одоогоор 400 гаруй хүн ажиллаж байна. Үүнд дөч тавиад нь хятад иргэн. Энэ нь журамд заасны дагуу зөвхөн 10-15 хувийг эзэлж байгаа. Ажиллах хүчийг ашиглах талаар манай компани эхнээсээ зөв явсан гэж боддог. Энэ нь орон нутгийн иргэдтэй хамтран ажиллах, орон нутгийн ажлын байр бий болгоход дэмждэг.

 Нөхөн сэргээлтийн талд танай компани хэр анхаарал хандуулж байна вэ?

-Бид техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийдэг. Нөхөн сэргээлтийн төлөвлөгөө боловсруулан тусгай ажилчин гарган мод, ногоо тарьж байна. Ашигт малтмалын олборлолт хийх үедээ шимт хөрс, шимэрхэг хөрсийг тусад нь хуулж, хадгалах, биологийн нөхөн сэргээлтэд ашиглаж байна. Өнгөрсөн жилүүдэд 20 гаруй га талбай газарт нөхөн сэргээлт хийж, 10000 гаруй мод тарив.

“Цайрт Минерал”компани нийгмийн сайн сайхны төлөө, орон нутгийн хөгжилд олон бүтээлч ажлыг хийсэн гэдгийг мэдээллээс уншлаа. Энэ тухай тодруулна уу?

- Тиймээ, энэ талын ажлыг жил бүр уламжлал болгон зохион байгуулж байна. Манай компани өнгөрсөн арван жилийн хугацаанд Сүхбаатар аймагт цэцэрлэгт хүрээлэн, ажилчдын орон сууцны хороолол, сургууль барих, оюутан залуусыг сургалтын төлбөрөөр нь дэмжих, эмнэлгийн шинэ аппарат тоног төхөөрөмжөөр туслах, хамтран ажиллах томоохон гэрээ байгуулах гэх зэрэг дэд бүтцийн төслүүдийг дэмжин, орон нутгийн хөгжлийн бодлого, хот төлөвлөлттэй нягт уялдуулан хамтарч ажиллаж ирсэн төдийгүй Сүхбаатар аймагт уул уурхайн салбарын үлгэр жишээ хамт олон болж ажиллаж байна. Цаашдаа уул уурхайн үйл ажиллагаагаа өргөжүүлэхийн хэрээр орон нутгийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ гэж бодож байна.

Олон жил бизнес хийсэн туршлагатай хүний хувьд “бизнесмэн” гэдэг өөрөө ямар байх ёстой гэж та боддог вэ?

- Бизнесийн харилцаа нь хүний харилцааны үргэлжлэл буюу өөр нэгэн хэлбэр гэж би боддог. Хамгийн чухал нь шударга үнэнч байх. Ганц, хоёр удаа хүнд худал хэлж болох магад ч гурав дахь удаа гэж хэзээ ч байдаггүй болохоор зарчимч, шударга байж сая ажил үргэлжлэх болно.

2015 онд хийхийг төлөвлөсөн ажлаасаа танилцуулна уу?

- 2015 гэлтгүй ер нь бол төлөвлөж байгаа зүйл олон байна. Монгол Улс зах зээлд ороод хориод жил болж байна. Ойрын үед Монгол Улс үйлдвэржилтийг эрчимжүүлэх, эдийн засгийн бие даасан байдал, тогтвортой өсөлтийг хангах зорилгын хүрээнд төр болон хувийн хэвшлийн түншлэлийн бүтээлч хамтын ажиллагааг хөхүүлэн дэмжиж, нэмүү өртөг шингэсэн, өрсөлдөх чадвартай, байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилт тавьж байгаа болохоор ойрын жилд Монгол Улс их хөгжих байхаа гэж бодож байна. Энэ хөгжил нь бидний үйл ажиллагаанд ч ач холбогдлоо ихээр өгөх байх.      

Цаг зав гарган ярилцлага өгсөн танд баярлалаа. Таны ажил, амьдралд сайн сайхан бүхнийг хүсье.

Зохиогч: Ц. Урантунгалаг, Ариухан
Найруулагч: Хурцаа
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл