solongonews
Бүхнийг хүүхдийн төлөө
2015-01-22 11:12
50 гаруй жил ажиллуулсан завин дээрх сургууль надаас хойш алга болж болохгүй

        Наран ээж, навч цэцэг дэлгэрсэн налгар зуны таатай өдөр нуурын ус намуухан долгилно. Нуурын дунд хэсэгт нэгэн завь, завины оройд өлгөсөн таван одтой улаан туг салхины аясаар намирах ба “Бүхнийг хүүхдийн төлөө” гэж бичсэн байлаа. Энэ бол Шаньдүн мужийн Жинин хотын Вэй Шань шяний завь дээр байгуулагдсан Вэй Си нэртэй бага сургууль юм. Ван Шэнань бол сургуулийн захирал, мөн багш нь бөгөөд гэргийнхээ хамт энэхүү сургуульд 30 гаруй жил багшилжээ. 

“Тэтгэвэрт гарахаас өмнө хэзээ ч хүүхдүүдээ орхихгүй”
        1978 оны хавар. Ахлах  дунд сургуулиа дөнгөж дүүргэсэн Ван Шэнань Вэй Си баг сургуульд ирж бага сургуулийн төгсөх ангид багшилсан гэх. Харин ажилдаа ороод хоёр долоо хоногийн дараа усан дээрхи Юн Шэн дунд сургуульд шилжүүлэн багшлуулах тухай мэдэгдэл хүлээн авав.  “Анх би өөрийгөө газар дээр ажиллах боллоо гэдэгт маш баярлаж байлаа. Гэвч энэ хөөрхөн хүүхдүүдтэй ижилсэн дасаж, салж ядан хоргодсон. Хүүхдүүд ч надаас салж ядан, дагаж уйлаад сүйд болсон шүү” гэж Ван Шэнань ярина. 
        Ван Шэнань Юн Шэн дундад сургуульд шилжин ирж ажилласны дараа гурав дахь өдрийн үдээс өмнө түүний завин дээрх сургуулийн 46 сурагч  Юн Шэн дунд сургуульд хүрэлцэн ирж, “Бид Ван багшийгаа буцааж авчирна, багшийг минь буцаахгүй бол бид ч буцахгүй” гэж хашгиралдахыг сонсож, нүд дүүрэн нулимстай хүүхдүүдээ хараад Ван Шэнаны сэтгэл эмзэглэн зүрх нь шимширч, хүүхдүүдээ хөтлөн завин дээрх сургуульдаа буцаж, 13 юанийн цалингаар 36 жил ажиллажээ. 
        “Хүүхдүүд маань намайг буцааж авчирахаар Юн Шэн сургуульд очсон тэр мөчөөс эхлэн би тэтгэвэрт гарахаас нааш хэзээ ч хүүхдүүдээ орхихгүй хэмээн сэтгэлдээ эрс бодсон” гэж Ван Шэнань ярьж байлаа. 
        Сургууль нь нуурын дунд хэсэгт байрладаг. Мөн орчин нь хүнд хэцүү, зам харилцаа хялбаргүй учир энд ирсэн ганц бие залуус хань ижлээ олоход ч хүндрэлтэй байлаа. 1986 оны үеэр уг сургуулийн залуу багш нар бүгд эндээс гарч, ихэнх нь өөр газраар ажил хайж, бараг Ван Шэнань ганцаар сургуульдаа хоцорсон байна. Ийнхүү тэрбээр хаа хаанаа цаг нь хүрэлцэхгүйн эрхэнд гэргий Цао Гүйингээ урин сурагчдаа хичээл заалгажээ. 1992 он гэхэд  Ван Шэнань Вэй Си бага сургуулийн захирлаар томилогдож, цалин хөлс нь бага зэрэг нэмэгдэв. Харин түүний гэргий Цао Гүйингийн цалин нь мөн л 300 юань хэвээр байсаар.

Сурагч болгон миний гэрт хонож, хооллож байсан удаатай
        Сургууль нуурын голд байрлаж, энэ нь илүү их аюултай учир сурагчид аврах хантааз, аврах тоног төхөөрөмж өмсөж хичээлдээ ордог. 2001 онд, хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангахын тулд уг бүс нутгийн боловсрол сургалтын яам болон Вэй Си тосгон хамтран нуурын дунд байрлах шавар чулуун тавцан дээр сургууль байгуулав. Харин чулуун тавцан дөрвөн талаараа усаар хүрээлэгдсэн тул удалгүй сургуулийн гадна талын хананд хагарал үүсч, сурагчид дахин завь руугаа буцлаа. 
        Хожим нь Вэй Шань сяныг сургууль болгов. Гэсэн ч Вэй Си бага сургууль мөн л завин дээрээ үлдсэн байна. Одоогоор энэхүү завин дээрх сургуульд 34 сурагчтайгаар Ван Шэнань гэргийнхээ хамт бүх хичээлийг зааж байлаа. 
        -Энэ завин дээрх сургуульд ирээд би бараг 3000 гаруй сурагчдад хичээл заасан юм, миний хичээлд суусан сурагч болгон манайд хонож, хооллож байсан гэж Ван Шэнань хэлнэ. Тосгоны иргэд ч түүнийг ихэд хүндэтгэдэг,  - Ван багшид хүүхдүүдээ даатгачихаад санаа амар өдрийн ажилдаа анхаардаг” гэж сурагчдын аав ээж нь сэтгэл хангалуун ярина.

50 гаруй жил ажиллуулсан завин дээрх сургууль надаас хойш алга болж болохгүй
        Ван Шэнань тэтгэвэрт гарахад ердөө тавхан жилийн хугацаа үлдээд байлаа. Түүний ажлыг залгамжлан сурагчдад хичээл заах хүн хайж, нуурын дагуух загасчдын хүүхдүүд гэрийнхээ ойролцоо суралцахыг хүсэж байв. 
        Цалин хөлс хэт бага байдаг учраас энд ирж ажиллах залуус цөөн байдаг. Тэрбээр сяны болон тосгоны хүмүүсийг зохион байгуулж, завин дээрх сургуулиа засварлан сэлбэж, хуучин тоног төхөөрөмжүүдийг нь сольж сайжруулахын сацуу компьютер, мультимедиа зэрэг тоног төхөөрөмжүүдийг зохицуулсан. Одоо Вэй Си бага сургууль зөвхөн багш ажилтан л дутагдаж байна. Сургуульдаа хэрхэн багш элсүүлэн авах тухай асуудал Ван Шэнаны өдрийн бодол шөнийн зүүд болжээ. “Энэ сургуульд багш ирж ажиллатал би сурагчдад хичээлээ заасаар байх болно” гэж Ван Шэнань инээмсэглэн ярьж байлаа. 

 

 

Найруулагч: Шинэцэцэг
Эх сурвалж : "Солонго" сэтгүүл
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл