О.Насанбурмаагийн томоохон амжилтын нэг бол 2013 оны Ази тивийн АШТ-ний аваргын алтан медаль юм. 6 жил тасраад байсан тивийн аваргын алтан медалийг 2013 онд эх орондоо авчирч байжээ. Түүнээс өмнө н.Отгонжаргал 1 удаа, Ц.Энхжаргал 2 удаа тивийн аваргын алтан медалийг авчирч байсан бол О.Насанбурмаагийн хүртсэн тивийн аваргын алтан медаль бол манай орны 4 дэх алтан медаль болсон.

О.Насанбурмаагийн амжилтаас дурьдвал: 2008 оны Токиогийн ДАШТ-нд 67 кг-д хүрэл, 2011 оны Станбулын ДАШТ-нд 63 кг-д хүрэл, 2013 оны Будапештын ДАШТ-нд 67 кг-н жинд хүрэл медаль хүртсэн байна. Мөн багийн ДАШТ-нд 1 удаа мөнгө, 1 удаа хүрэл медаль хүртжээ. Азийн Спортын наадам Гуанжоу-2010-д мөнгөн медаль, Ази АШТ-нд 2013 онд алт, 2008 онд мөнгө, 2004 онд хүрэл медаль тус тус хүртсэн.
Анх тэрээр хүндийн өргөлтийн спортоор хичээллэж эхэлсэн байдаг. Харин төдөлгүй “Замчин” спорт хороонд Т.Сүхбаатар, н.Дамбарагчаа нарын удирдлага дор чөлөөт бөхийн спортоор хичээллэж эхэлсэн байна. Түүнийг бөхийн спортод хөтөлсөн хүн бол түүний эгч, ОУХМ О.Мягмарсүрэн юм. Анхны тэмцээн нь өсвөрийн УАШТ байсан юм. Анхны тэмцээн, анхны медаль нь түүнийг бөхийн спорт руу эргэлт буцалтгүй хөтөлсөн байна. Тэгвэл анхны ОУ-н тэмцээн нь Казакстаны Алма-Ата хотноо болсон Азийн цомын тэмцээн байлаа. Мөн л тус тэмцээнд оролцож хүрэл медаль хүртсэн байна.

Өдгөө “Хүч” спорт хороонд харьяалагдан бэлтгэл сургуулилтаа хийж байна. Манай улсын эмэгтэй чөлөөт бөх бол тив дэлхийд хүчтэй юм. Саяхан хэд хоногийн өмнө Дэлхийн цомын тэмцээнд хүрэл медаль багаараа хүртсэн нь үүний нэг илрэл юм. Т.Сүхбаатар, З.Дүвчин, Б.Батбаяр нарын ур ухаан, авьяас чадвараар манай улсын эмэгтэй чөлөөт бөхийн спорт амжилттай урагшилж байна.
Энэхүү багийн хүчтэй төлөөлөгч бол О.Насанбурмаа мөн. Түүний бас нэг гайхалтай чанар бол 2011 оны ДАШТ-нд хүрэл медаль хүртэж, Олимпийн эрхийг олж ирсэн байдаг. Гэвч Олимпийн наадамд О.Насанбурмаа биш С.Батцэцэг барилдахаар болсон. Тухайн үеийг хэн ч ойлгоход бэрх байх. Гэвч тэр дотроо уйлж байсан ч шигшээ баг болон багш дасгалжуулагчдаа хүндэтгэж шийдвэрийг нь хүлээн авч байсан. Энэ бол бас л мундаг зан чанар юм. Харин ч бүр Олимпийн дэвжээнд гарах гэж байсан өрсөлдөгч, багийн гишүүн, хайртай дүү С.Батцэцэгтээ амжилт хүсэж, “Монголын 63 кг хүчтэй гэдгийг харуулаад өг дүү минь” хэмээн амжилт хүсэж, дээлийн захыг нь мушгиж байсан.
Тамирчин бүрийн хүсэл бол Олимпийн дэвжээ байдаг. О.Насанбурмаа ч мөн ялгаагүй. 2016 оны Риогийн Олимпийн наадамд амжилттай барилдаж, эх орныхоо нэрийг цуурайтуулахыг хүсэн ерөөе.

