Дал шинжих ёсон
Дал шинжих нь монголчуудын эрт үеэс уламжилж ирсэн өвөрмөц соёл. Даланд далны хот, далны хамар, далны бариул, далны тогоо, далны омог, хулгайчийн нүх гэх мэтээр хонины дал ясны нэрийдэл олон бий. Далны хот уужим бөгөөд гэмгүй байвал тэр айлын хонь үржиж баяжна гэдэг. Далны хамар зузаан байвал тухайн айл олон хүүхэдтэй болно гэдэг бол далны хамар талын сэжүүр нимгэн бөгөөд хурц иртэй байвал тухайн айлыг жороо адуутай болно гэдэг. Хамрын нөгөө талын хяр дахь хотгор шугам гүн байвал тухайн айлын үхрийн цуваа урт бөгөөд үхэр нь олон болно гэж бэлгэшээдэг байна. Далны тогоо нь дүүрэн байвал идээ ундаар элбэг гэдэг. Тогооны хажуу дахь товгор нь өндөр байвал тэр айлын омог нь их гэх буюу эхнэр нь тогоогоо өнгийж байна, харамч айл гэх мэт олон хэллэг бий.
Далны яс нэр олон ч хамартай тал нь халуун тал, хамаргүй тал нь хүйтэн тал гэж хоёр төрлөөр хуваан шинждэг заншилтай. Дал шинжихэд ашиглах дал нь цэвэр, сэвгүй дал байх хэрэгтэй. Гэм хижиггүй, даллагад гаргасан буюу тахилга шүүсний дал, хутганы сэв ороогүй далыг бүгдийг ариун дал гэдэг. Өвчнөөр үхсэн, нохойд баригдсан, ураг хуримд хэрэглэсэн олон хүний гар дамжсан далыг шинжихэд хэрэглэдэггүй.
Далыг шатаах үед дал шинжээч цагаан хиаг өвс авчраад далны хамрын дотор талаар дагуулан наалдуулж далны бариулаас барьж магнайдаа хүргэн шившлэг даатгал хийнэ. Ингээд тулган дахь аргалын зөөлөн гал дээр хойд талаас урагш хандуулан хөндий тавьж шатаана. Дал шатааж байх үед хэн ч үг хэлж болдоггүй. Далыг шинжих хэмжээнд хүртэл шатсан үед галын хайчаар хөнгөхөн авч, засаж тэгшилсэн үнсэн дээр тавиад хөрсний дараа бариулаас нь барьж далны шатаж хагарсан зураасыг шинждэг байна. Монголчуудад хонины далны тухай ёс жаяг олон бий. Зарим айл дорой буурай унага дааганы мундаанд хэдэн далны бариулаас нь хэлхэж зүүлгэн тавьдаг. Энэ адуунд хээрийн нохой халдахаас хорьдог гэнэ. Зарим айл тахидаг модондоо ариун дал гэж уяж тавьдаг ч бий. Зарим айл хүндэт зочин ирвэл дал, дөрвөн өндөр чанаж өгдөг ч бий. Энэ нь хонины ууцаар дайлсантай тэнцдэг гэдэг. Далны тухай цээр ёс ч олон бий. Зээ хүн нагацын дэргэд дал барьж болдоггүй. Далны махыг ганцаараа идэж болдоггүй, далны хуудас гэж бусадтай хувааж идэх ёстой гэх мэт газар газрын адил бус зан заншил ба далны тухай үлгэр домог олон байдаг.
Монголчууд далны ясыг орон байр буюу онцлог шинжээр нь далны тогоо, далны мөгөөрс, омог, эрхий далны бариул буюу баян түрүү, далны хүзүү, огторгуйн туйл, дээд өнцөг, далны хот, самсаа, тэмээн хэвтэр, адуун цуваа, морь нохойн омог, хүүхдийн өлгий буюу таваг гэхчилэн олон төрлийн сайхан нэрийдэлтэй. Ийнхүү хааг салгахдаа чөмөгний толгойг далны тогоонд хугалдаггүй бөгөөд далны мөгөөрсийг огтолдоггүй. Далны махыг даяараа хүртэж дууссаны дараа гэрийн эзнээс суудалд суугаа ахмад настанд далны яс гардуулж “Дал шинжиж хайрлана уу?” гэж гуйдаг.
Өвөг дээдсийн аман яриагаар бол эрт цагт Чингис хааны үр хойч далны ясыг галд шатаагаад ясан дээр нь илэрсэн дүрс зураасаар дайн байлдаан хийх тухайд тогтдог гэнэ. Мөн далны ясыг түүхийгээр нь махыг шулж ясных нь янз хэлбэрийг шинжиж үздэг байна. Монголчууд нүүж буухдаа далны ясыг бүтнээр хаядаггүй, заавал цоолж хаях буюу сэтэлж хаядаг. Энэ нь далны яс мэддэг хүнээс сэргийлсэн арга гэх юм.
Далны махыг даяараа иддэгийн учир:
Эрт урд цагт алт мөнгө, эд хөрөнгө хэдий байхыг мэдэхгүй нэгэн баян айл байв. Гэвч энэ айл тариа будаагүй гэнэ.
Нэг өдөр аав нь хоёр хүүдээ хэдэн ачаа алт мөнгө өгөөд: - Та хоёр үүнийг авч яваад тарианы үр солиод ир гэжээ. Хоёр хүү нь замдаа нэг хониор замын хүнс хийжээ. Хоногийн газар хүрээд ах нь хаа эвдэж, дал чөмөг хоёрыг нь чанаад: -Чи дал иднэ үү ? Чөмөг иднэ үү ? гэж дүүгээсээ асуужээ. Дүү нь : - Би дал иднэ гэжээ. Маргааш өглөө босоход дүүгийнх нь морь үхчихсэн байж гэнэ.
Ах дүү хоёул морь яаж үхсэн тухайд бодол болж үзээч хайж үзүүлжээ. Үзээч шинжиж үзээд: - Та хоёрын хэн нь өчигдөр ганцаараа дал идэв? гэж асуухад, дүү нь : - Би! гэжээ. Үзээч: - Чи далны махнаасаа ахдаа өгсөн үү ? гэхэд дүү нь: - Үгүй гэжээ. Үзээч: - За ! Морь чинь үүнээс болж үхжээ гэлээ. Түүнээс хойш монгол хүн далны махыг ганцаар иддэггүй болсон бөгөөд далны хуудсыг хувааж идвэл адуу өнөр олон болдог гэдэг аж. Ийнхүү монголчууд далны мах идэхдээ дал барьсан хүн нь: - За! далны махыг даяараа гэж хэлээд далны хуудас түгээхэд дал хүртсэн бүхнээ: - Далны махыг далан хүн иддэг, далд үгээ даралгүй өгүүлдэг, даага чинь дал насалж бие чинь ная наслаг! Даваагаар дүүрэн дандаа жороо, дандаа цоохор далан сайхан адуутай болог, дал, эгэмтэй залуус бөх болтугай. Давхраа алаг нүдтэй бэрүүд хүүхнүүд уран болтугай!” гэж ерөөгөөд сая иддэг заншилтай болжээ.
Далны ерөөл
Монгол идээний соёлд аман хүзүүний ерөөл, далны ерөөл, шагайн ерөөл, асуух нуруу, богтос чөмөг, өвчүү, тойг зэрэг том ба жижиг яс хувь хувийн утга санааг илтгэсэн өвөрмөц онцлогтой соёл байдаг. Үүнд дал бол хамгийн хүндтэй яс юм. Түүнд ерөөл, шинжих зэрэг ёсон байдаг. Хэдийгээр нэг үе хаягдсан боловч одоогийн байдлаар буурлуудын уламжлалаар дахин сэргэж байна.
Ум сайн амгалан болтугай !
Энх сайн жаргалан болтугай !
Өвөг удмын үеэс
Өвлөж ирсэн заншилтай
Богд Чингисээс аваад
Бүгд монголын ёсон
Хүндэт хүндээ тавьдаг
Ирсэн бүхэндээ өгдөг
Итгэлт хүндээ тавьдаг
Идээ бүхэнд ордоггүй
… …
Далдыг мэдэгч мэргэн дал
Даяарыг ивээгч хүндтэй дал
Энэ далыг амссан бүхэн
Энх жаргалан болтугай !
Эдээр баян амьдарч
Эгнэгт амгалан жаргатугай !
Далны хишгийг даяараа амсаж
Далай Богдод жилийн гурван удаа мөргөтүгэй !
Шагай тоглоом
Шагай тоглоом нь монгол хүний мал маллах амьдралаас загварчлан зохиогдсон түүхт уламжлал бүхий үндэсний өвөрмөц онцлог бүхий амьдралын агаар бялхам ардын тоглоом. Шагай тоглоомыг настан буурай, залуус, багачууд хүүхэд, эрэгтэй эмэгтэй гэж ялгалгүйгээр ямар газар хэзээ хаа ч тоглож болдог.
Шагай гэдэг нь хонь, ямаа, үхэр болон буга зээр, аргаль зэрэг мал амьтны хоёр хөлийн шаантны ясны нарийн үзүүрт байдаг дөрвөн талтай жижиг ясыг хэлнэ. Шагайг морь, хонь, ямаа(үхэр гэж хэлэх нь ч бий ), тэмээ гэж дөрвөн талыг нь тус тус нэрлэх бөгөөд хүн, онго гэж нэрлэн тоглох ч байдаг.
Жил цагаан сар, найр хурим, нас жил оруулахад монголчууд шагай тоглоомоор тоглодог. Цагаан сараар монголчууд үе уламжлан хадгалж ирсэн шагайгаараа шинийн нэгнээс шинийн найман хүртэл гэртээ тоглоом нааддаг. Мөн шинийн нэгний өглөө шагайгаар дөрвөн удаа “Дөрвөн бэрх” хаяж аз хийморио шинждэг билээ.
Шагай нь монголчуудын аж амьдралтай шууд холбоотой тоглоом учир шагай тоглоомын төрөл зүйл нь маш олон байдаг. Энгийн шагай тоглоомд халз харвах, бөх барилдуулах, морь уралдуулах, гүү саах, хонь холбох, аян хийх, арван хоёр жил хаях, цүү хаях, азын гурав хаях, дөрвөн бэрх хаях, тоо барих, дугуй долоо хаях, шагай атгах, таван шагай тоглож мянгад уралдах, морь, тэмээ уралдуулах зэрэг төрөл бүрийн шагайн наадгай байдаг.
Шагайн наадгай нь монгол хүний амьдралд тоглоом наадгай төдийгүй үр хүүхдээ сургах ухаан болдог. Монголчууд шагай тоглоомоор дамжин хүүхдүүддээ олон талын хүмүүжил хүртээдэг. Хүүхдээ шагайн олон тоглоом наадгай тоглуулж, балчир багаас нь бие махбодь, оюун ухааны хөгжлийг нь дээшлүүлж, ах захаа хүндлэх, ах дүү нараа хайрлах, анд найзтайгаа эвтэй байх, хичээл зүтгэлтэй, дэг журамтай болгон хүмүүжүүлэх ёсонд сургадаг. Мөн малчин хүний амьдралд дадлага хийлгэж, мал маллах, ажил хөдөлмөрийн тухай олон хүмүүжил олгодог билээ. Иймээс монгол хүүхэд хар багаасаа шагай тоглоом тоглож хүн болохын анхны үндсэн мэдлэгийг хүртдэг байна.
