
Дуу хөгжмийн салбарт одтой цогтой гялалзаж, монгол ардын дуугаа монгол түмэндээ хүртээн, далан насны давааг давж наян насны босгыг алхсан ажлын амралтаа авсан ч мөн л дуу урлагийн төлөө хичээн зүтгэж яваа ахмад уран бүтээлч, нэрт дуу хөгжмийн судлаач Улалз гуайг монгол үндэстний урлагт оруулсан хөдөлмөр зүтгэлийг ард түмэн ихэд хүндэтгэдэг билээ. Харин сурвалжлагч миний азын тэнгэр ивээж хэдэн удаа уулзаж, эцэст нэг цаг ярилцах боломж гарсанд туйлын их олзуурхсан юм.

Уран бүтээлч хүнд л байдаг гэмээр халуун дотно, эрх чөлөөтэй, эрхэм нандин зантай Улалз багштай ярилцан түүний дурсамж, түүний гуниг, тэмцэл, амьдрал, ажил үйлс, туулж өнгөрүүлсэн урлагийн урт аяныг нь сонсон суухад цаг минут надад даанч ховор үнэтэй санагдаж билээ....
“Сайхан дуу хөгжим гэгч хүнийг тэжээж, сэтгэлийг ариутгадаг шидтэй юм билээ” гэж Улалз багш урьдын ажиллаж тэмцэж ирсэн ул мөрөө дурсан санахад урам зориг нь хөгжин бадарч, уран бүтээлийн ертөнцдөө, урлагийн тайзандаа буцаж ирэв үү гэлтэй сэтгэл догдлон байлаа.
Дуу хөгжимд авьяаслаг хүмүүст аав ээж буюу ойр дотно хамаатан, төрөл садан нь нөлөөлдөг бол Улалз багш ч мөн л балчир багаасаа сайхан хоолойтой дуучин ээжийнхээ эгшиглэнт дууны дунд бүүвэйлэгдэн өсөн дуу хөгжмийн анхны замаа эндээс эхэлж байлаа. “Намайг уран бүтээлч болгосон хамгийн том зүйл бол миний ээж тун их нөлөөлсөн гэхэд болно. Намайг балчир бага байхаас ээж маань найр наадам, хурим найрт ч ихэд дуулдаг байсан. Ийнхүү би төрснөөсөө ээжийнхээ сайхан дууны дунд бүүвэйлэгдэж өссөн, энэ бүхэн надад их нөлөөлсөн гэж би боддог. Мөн нутгийн ардын минь ач буянаар энэхүү сайхан ардын дуу хэмээх монголын язгуур урлагтаа хөтлөгдөн орлоо шүү дээ!” гэж ярьж байлаа.

Монголчууд эх байгаль, уудам талынхаа элгэнд тааваар өссөн болохоор байгалиас заяасан онцын гоё дуу хөгжмийн өвтэй байж, Ордос ардын дуу, Алшаа ардын дуу, Хорчин ардын дуу...гээд тал нутаг ч гэж тэр хэвээрээ дуу хөгжмийн ногоон тал байж, тэрхүү үр шимт хөрсөнд нь ургаж үндэслэсэн уран бүтээлчийн нэг нь Улалз багш юм.
Улалз багш маань Төвийн Үндэстний Их Сургуулийн судлаач, Дундадын Дуу Хөгжмийн Дээд Сургуулийн онцлон урьсан урьсан докторын багш, “Монгол судлалын нэвтэрхий толь•урлагийн боть” номын редактор буюу Дундадын цөөн тоот үндэстний дуу хөгжмийн нийгэмлэгийн орлогч дарга, Дундадын дуу хөгжимчдийн нийгэмлэгийн захирлаар ажиллаж байжээ.
Тэрээр 1953 онд төвийн дуу хөгжмийн дээд сургуулийн харъяа дунд сургуульд орж, 1959 онд уг сургуулийн хөгжмийн салбарт элсэн, ардын дуу хөгжим сурсан байна. Сургуульд сурч байх хугацаандаа Улалз шаргуу суралцахын зэрэгцээ илүү цаг гарвал Хорчин ардын дуугаа сурч оролдож явдаг байлаа. Мөн өвөл зуны амралтын хугацаагаа ашиглан хөдөө нутгаар явж ардын дуу цуглуулан, ахмад дуучдаас ярилцлага авч, энэ талын мэдлэг сургалтаа зузаатган, ололт амжилт ихтэй явжээ. 1964 онд Дундадын Дуу Хөгжмийн Дээд Сургууль байгуулагдаж, Улалз уг сургуулийн дуу хөгжмийн онолын салбарт шилжин сурч, сургуулиа дүүргэсний дараа мөн сургуульдаа үлдэн багшилсан байна. 1977 оны үеэр Өвөр Монголд шилжин ажиллаж, урьд хожид ӨМ-ын дуу хөгжимчдийн нийгэмлэгийн нарийн бичгийн дарга, ӨМ-ын үндэстний жүжгийн бүлгэмийн даргаар ажиллаж байснаа 1993 онд дахин Төвийн Үндэстний Дээд Сургуулийн цөөн тоот үндэстний утга урлагийн судалгааны газарт ажилласан байна.
Хүн гэж өөрийн хийж оролдож яваа ажилдаа дур сонирхолтой байх нь маш их эрч хүч өгдөг байж, ядарч зүдрэхээ ч мартаж, амжилт бүтээлийн зам нь аз хийморьтой болдог нь гайхалтай. Улалз багш хэдэн арван жилийн турш монгол үндэстний урлагийн адил бус онцлогийг судалж, урьд хожид “Монгол үндэстний дуу хөгжмийн түүх”, “Дундадын монгол үндэстний уртын дуу”, “Дундадын Юань үеийн хөгжмийн түүх”, “Залайд ардын дуу”, “Монгол үндэстний бөөгийн шашны дуу хөгжмийн судлал” зэрэг маш олон эрдэм шинжилгээний өгүүлэл шүүмж нийтэлсэн байна.
Ардын дуу хөгжмийн ур төрхийг тусгасан дуучин судлаач болсон тэрбээр хэлэхдээ: -Ардын урлагийн сайн зүйлс, эерэг ач холбогдолтой тал олон байна, хүрэлцэхгүй тал ч бас бий. Гэхдээ тэр нь орон нутгийн онцлог шинж болон өнгө будаг, үнэр амтаараа өвөрмөц, нутаг нутгийн амьдрал заншлын ул мөрийг зураглан тэмдэглэж хадгалсаар. Урт удаан жилийн түүх уудлаад баршгүй соёлын өв учраас ардын урлагийн баялаг сангаас бид алт шүүж, сувд тунгаах мэтээр ардын уламжлалт дуулах хэлбэрийн сайнтай талыг шингээн, дутагдалтай талыг нь нөхөж, мэргэжилтэйгээ уялдуулан нэн сайн болгож монгол ардын дуугаа хөгжүүлж болно гэж боддог гэж байлаа.

Ажилдаа амжилт гаргах гэж хэчнээн олон жил ажилласанд биш, харин ажилдаа чин үнэнч сэтгэлээр тэсвэр тэвчээртэй хандах идэвхтэй санаачилга хамгийн чухал байж таарна. Өөрийн дур сонирхолтой зүйлээ хийж оролдож зүтгэдэг хүн эцсийн эцэст зөвхөн амжилтад хүрэхийн төлөө биш, харин хийж оролдсон тэр бүхэн нь утга учиртай болохыг л хүсдэг. Буурал болсон Улалз багш маань аль эрт ажлын амралтаа авч өндөр насаа тайван өнгөрүүлж болох л байсан. Гэвч тэрээр ӨМИС-ын Урлагийн дээд сургуулийн Хорчин ардын дууны уламжлалт ангид 3 жил гаруй багшилж байна. “Энэ хөөрхөн хүүхдүүддээ, хойч үедээ Монгол үндэстнийхээ язгуур соёлоо өвлөн уламжилж, сүүлийн үед хаягдаж гээгдээд байгаа ардын дуу урлагаа сэргээн авчрах бол бүх монгол хүний үүрэг шүү, миний энэ жаахан ядрал зүдрэл юу ч болохгүй” гэж ярьж байлаа.
Ярицлагын төгсгөлд -Багш маань өөрийн ажил үйлсийнхээ тухай дүгнэвэл гэсэнд:
“Миний явж ирсэн зам мөр маш амаргүй, би алдарт дуучин биш, мөн гавъяат зүтгэлтэн биш” хэмээн хариуллаа.
Ахмад багш маань унаган нутагтаа эрдэм өвөрлөн ирж, нутгийн ард түмэндээ, хойч үедээ сурч эзэмшсэн бүх зүйлээ өргөн баръя гэж л шамдан зүтгэнэ...
Дуу хөгжимд өртэй төрсөн гэмээр үүний төлөө алив бүхнээ зориулах нь түүний хувьд хамгийн их аз жаргал биз ээ.
