Энэ сарын 9-нд Дундадын олон нийтийн дипломатчдын нийгэмлэгээс зохион байгуулсан Цагаан сарын үдэшлэг Бээжингийн Чанфүгүн зочид буудалд болов. Дундадын албаны төлөөлөгчид, БНДАУ-д суугаа гадаадын дипломатчид, төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид, хятадын урлаг, соёл, эрдэм шинжилгээ, бизнесийн салбарын төлөөлөгч нийлсэн 400 орчим хүн үдэшлэгт оролцож, 2015 оны сар шинийн баяраа хамтдаа угтлаа. 
Тус нийгэмлэгийн дарга Ли Жаошин цугласан зочид төлөөлөгчдөд сар шинийн мэндчилгээ дэвшүүлээд, дэлхийн улс орнуудын ардын дипломат харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд хувь нэмэр оруулахын төлөө ажиллана гэдгээ илэрхийлэв.

Үдэшлэгт гадаад дотоодын уран бүтээлчид дуу, бүжиг, хөгжим, Бээжин дуурийн үзүүлбэр багтсан уран сайхны тоглолт гаргасан юм. Дундад даяар алдаршсан "Мянган мутарт арьяабал" бүжгийг Сонсгол, ярианы бэрхшээлтэй залуусын хамтлаг бүжиглэсэн нь гадаадын зочдын сэтгэлийг уярааж, халуун талархал хүлээв. Дундадын Олон Улсын Радиогийн Монгол улсын мэргэжилтэн Э.Эрдэнэсувд "Унаган хайр" дуугаар, Украины мэргэжилтэн Саша Александр "Галзуу DJ" бүжгээр оролцож, үдэшлэгт өнгө нэмлээ.



