Зургаадугаар сарын 09-нд хоёр өдөр үргэлжлэх Дэлхийн сонгодог судлалын II хурал Грекийн Афин хотод нээлтээ хийлээ. Энэ удаагийн хурлын сэдэв нь “Эрт ба эдүгээгийн яриа хэлэлцээ: Сонгодог оюун ухааны орчин үеийн үнэ цэнэ” юм.
Хуралд Хятад, Грекийн холбогдох байгууллагын төлөөлөгчид, дэлхийн олон орны сонгодог судлал болон холбогдох салбарын эрдэмтэн судлаачид, мөн Грект суугаа дипломат төлөөлөгчид, хэвлэл мэдээллийн ажилтнууд зэрэг 200 гаруй хүн оролцож байна.
Оролцогчид хэлэхдээ:
- 2024 оны арван нэгдүгээр сард Бээжин хотод болсон Дэлхийн сонгодог судлалын анхдугаар хурлаас хойш Хятад, Грекийн талууд хамтран ажиллаж, анхдугаар хурлын үр дүнг идэвхтэй хэрэгжүүлэн, сонгодог судлалын солилцоо, яриа хэлэлцээний сүлжээг бий болгосон. Үүнд Хятадын Нийгмийн шинжлэх ухааны академийн дэргэдэх Хятадын Сонгодог иргэншил судлалын хүрээлэн зэрэг эрдэм шинжилгээний байгууллагууд өөрсдийн давуу талаа ашиглан сонгодог судлалын хөгжлийг дэмжиж, хүн төрөлхтний соёл иргэншлүүдийн харилцан суралцах, солилцох үйл явцыг дэмжихэд чухал хувь нэмэр оруулсан гэж онцолсон байна.
Оролцогчид мөн сонгодог иргэншил нь хүмүүнлэгийн гүн гүнзгий үнэт зүйл, өвөрмөц мэргэн ухааныг агуулж, хүн төрөлхтний хөгжил дэвшилд үргэлж оюуны тэжээл болж ирсэн төдийгүй улс орнуудын хөгжил цэцэглэлтэд чухал түлхэц үзүүлсээр ирснийг тэмдэглэжээ.
Тэдний үзэж буйгаар, сонгодог судлалыг гүнзгийрүүлэн хөгжүүлж, цаг хугацаа, орон зайг дамнасан соёл иргэншлийн яриа хэлэлцээг өрнүүлэх нь соёл иргэншлийн олон янз байдлыг хамгаалах, харилцан суралцах солилцоог ахиулах дотоод шаардлага төдийгүй цаг үеийн хөгжлийн чиг хандлагад нийцсэн, соёл иргэншлийг шинэ шатанд гаргах зайлшгүй зам мөн аж.
Мөн хүний цогц хөгжлийг дэмжихэд сонгодог мэргэн ухааныг ашиглан иргэдийн ёс суртахууны төлөвшлийг бэхжүүлэх, улс орны хөгжил дэвшилд сонгодог мэргэн ухаанаар орчин үеийн хөгжлийн оюуны суурийг тавих, дэлхийн эв найрамдалтай зэрэгцэн оршихуйг дэмжиж, сонгодог мэргэн ухаанаар дэлхий нийтийн өмнө тулгарч буй сорилтуудад хариу өгөх шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийллээ.
Хурлын үеэр “Ёс суртахуун ба хүмүүжил”, “Нөхөрлөл ба хамтын нийгэмлэг”, “Энх тайван ба дэг журам”, “Технологи ба соёл иргэншил” сэдвээр салбар хуралдаанууд зохион байгуулагдаж, соёлын солилцооны цуврал арга хэмжээ мөн болох юм.
