
Төв Азийн Монгол, Түрэг хэлтэн ард түмэн, тухайлбал Хүннү, Түрэг, Уйгар, Монгол зэрэг эртний улсуудын талаархи бичгийн болон археологийн дурсгалд чоныг тотемчлон үзэж, түүнээс гарал угсаатай болохыг өгүүлсэн мэдээ сэлт цөөнгүй уламжилж ирсэн байна. Монголын нууц товчоонд монголчуудын гарлыг шууд чоно, марал /буга/ хоёртой холбон домоглосон байдаг. Чухам эртний ийм үзэл төсөөлөл хожуу үе хүртэл хэрхэн хадгалагдаж ирэв гэдэг асуудал сонирхолтой юм.
Халхчуудын аман домог, элдэв ёс, зан үйлд чоно агнах, чононоос мал сүргээ хамгаалахтай холбогдох аж ахуйн шүтлэгийн зэрэгцээ чоныг домгийн өвөг дээдсээ болгон тотемчлох эртний үзэл төсөөллийн үлдэц бас дайралдана. Аян жин, адуу малын эрэл сурал зэрэг алив ажил үйлсэд зорьж гэрээс явах үед замд чоно тааралдахыг чоно мөрт сайн, үйл бүтнэ хэмээн бэлгэдэх нь халхчуудын дунд өргөн дэлгэр буй. Чоно мал сүрэгт орох, мал идэхийг төдийл гай гарз болгон үздэггүй, “Чонын ам өөдрөг, хулгайн гар хар” хэмээн хулгайгаас ч дээгүүр тавих жишээтэй.

Чоныг тотем өвөг дээдсээ болгон үзэх төсөөлөл тогтдоггүй хүүхэдтэй холбоотой нэлээд зан үйлд уламжилж үлдсэн нь огт санамсаргүй зүйл биш бололтой. Энэ нь юуны өмнө тотем өвөг дээдсийн аль нэг зүйл ер бусын хүч чадалтай байдаг мэтээр үзэх, тотем амьтантайгаа цусан төрлийн холбоотой байдаг гэсэн ойлголтын холын ул мөр байж болох юм. Жишээ нь, тогтдоггүй хүүхэдтэй айл хүүхдийн хүйг чонын шөрмөсөөр боож авах, чонын шаа, хоншоорыг хүүхдэд зүүхийг сайн гэж үзэхийн зэрэгцээ бас чонын арьсанд боож авах, улмаар буруу үүдээр айлд өгч, шаалуу, бэлтрэг гэдэг нэр өгвөл хүүхэд осолддоггүй гэх мэтээр ярьж, заримыг нь багагүй дагаж баримталсаар явжээ. Халхын зарим нутгийн цөөн тооны ахмад хүмүүсийн нэрийг сонирхоход дээрх зан үйлтэй холбоотой анх нэр өгсөн нь уг заншил нэлээд сүүл үе хүртэл хадгалагдаж явсныг гэрчилж байна.

Тотем амьтныхаа нэрээр тодорхой овог элгэн өөрсдийгөө нэрлэх ёс дэлхийн ард түмэнд элбэг байдгийн нэгэн адил халхчуудын овог ясны нэрэнд чоно тотемийн нэр бас уламжилсан байна. Тухайлбал, Архайнгай аймгийн Жаргалант сумын Асайтын голоор нутаглах бүлэг халхчууд яс угсаа “Чоно бүртийнхэн”, “Бүртийнхэн” гэхчилэн нэрлэсээр ирсэн нь ихээхэн сонирхолтой мэдээ юм. Мөн монголын алтан ургийн овог “Боржгин” хэмээх нь “Бор эзэн” буюу угтаа бас л чоно тотемийн нэрээс үүсэлтэй болохыг сүүлийн үед зарим судлаачид нягтлан гаргасныг энд дурдууштай. Чоно тотемтой холбоотой өөр нэгэн сонин баримт бол моголчуудын тав, есөн зоосны мэрэг төлгөнд хадгалагдаж үлдсэн чоныг онцгойлон үзэх өвөрмөц заншил юм. Зоосоор мэргэлэхэд 5 эсвэл 9 зоосыг зайлсны дараа алган дээрээ дугуйруулан цувруулж тавих ба ийм тохиолдолд нар сар, уул, хэрээ, чоно, арслан гэх мэтээр газар дэлхий, од гараг, амьтдаар төлөөлүүлэн нэрлэсэн зооснууд тодорхой дэс дарааллаар байлах бөгөөд үүнийг “Зоосны хөл” гэж нэрлэдэг. Зоос төлөөлүүлж буй юмс хийгээд амьтныг хар, цагаан гэсэн өнгөөр ялган хэлэлцэх ба цагаан өнгө нь алив ажил үйлс бүтэмжтэй, хар өнгө нь түүний эсрэг юм. Гэвч “Зоосны хөл”-д хар цагаан аль ч зүсмийн чоно ялангуяа цагаан чоно буухыг ихэд бэлгэдэн үзэж, элдэв ажил хэрэг бүтэмжтэй, хэл сураг сайн байдаг гэх мэтээр бүх л өөдрөг сайн бүхнийг холбон төсөөлдөг нь мөн л чоныг тотемчлох, түүнийг дээдлэн үздэг монголчуудын өнө эртний сүсэг бширэлийн улбааны илрэл болох нь эргэлзээгүй. Үүнээс гадна халхын анчид, ер нь нийт монголчуудын дунд их дэл үстэй, цагаан зүстэй чоныг “Тэнгэрийн чоно” хэмээн онцгойлж, түүнийг хороохыг ихэд цээрлэдэг байсан нь дээр өгүүлснийг нотолж буй гэлтэй.
