solongonews
Дундад улсын урлагийн тайзнаа цахилсан “Аянга”
2015-02-05 14:56
Ордос нутагтай залуу дуучин Аянгатай танилцана уу?

           
            Он солигдох зааг дээр монгол түмнийг баярлуулан догдлуулсан нэгэн сайхан явдал бол Ордос нутагтай залуу дуучин Аянга, Мөнгөнхуар нар Дундад улсын хамгийн нэр хүндтэй телевиз болох Төв телевизийн зохион байгуулсан "Дундад улс сонирхон үзэж байгаа" нэртэй томоохон дууны уралдаанд ширүүн өрсөлдөөнийг давж амжилт гаргалаа. Уралдаанд  оролцогч Аянга гуравдугаар байранд орсон бол Мөнгөнхуар тав дугаар байранд шалгарав. Өнгөрсөн жилүүдэд Амгалан, Уудам гээд олон монгол хүүхдүүд Өвөр Монголын төдийгүй Дундад улсын дуу хөгжмийн ертөнцөд авьяасаа гайхуулж, үндэсний аялгуу дууг дэлхийн сонорт хүргэж байсан юм.
         2013 оны гурав дахь удаагийн "Улаанцав" нэрэмжит Өвөр Монголын залуу дуучдын телевизийн уралдаанд тэргүүн байранд шалгарч анх  олны танил болж байсан дуучин Аянга 2014 онд улам ч өндөр амжилтад хүрсэн байна. Үүнд 2014 онд Анхүй телевизийн зохион байгуулсан "Sиреr Мr." тэмцээнд оролцож, ур авьяас, өвөрмөц дуу хоолой, монгол эрийн омог зоригоор хамгийн өндөр үнэлгээг авч тэргүүлж байсан бол мөн тухайн онд Дундад улсын Төв телевизийн "Дундад улс сонирхон үзэж байгаа" (Riѕing Sтаr) шоу нэвтрүүлэгт гуравдугаар байранд шалгарсан. Тэрээр нутгийн олны сэтгэлийг догдлуулсан олон сайхан монгол дуу, үндэсний бүжгийг дэлхийн үзэгчдийн хүртээл болгов. Ийнхүү эгэл хөдөөний бор хүү Аянга богино хугацаанд жинхэнэ “Од” боллоо.


         Аянга Ордос хотын Отог хошуу нутагтай. Хэдийгээр гуравхан настай ахуйд нь хайрт аав нь зүрхний өвчнөөр өөд болсон ч гэлээ гурван утаст хуур, хоёр утаст хуур, морин хуур зэрэг олон хөгжим тоглодог ардын уран бүтээлч аавынхаа авьяасыг өвлөсөн, бага наснаасаа дуу хөгжимд дуртай хүүхэд байлаа. Гэрт нь байсан ганц цахилгаан хэрэгсэл болох радиог таван жил "Тэврэн", дуучин Тэнгэрийн төдийгүй тухайн жилүүдэд хит болж байсан дуунуудыг бүгдийг дуулж сурсан гэдэг. Өглөө бүр ээжийнхээ бэлтгэж өгсөн борцтой сүүтэй цайг аваад хонь хариулах ажилдаа гардаг. Бүтэн өдөр хонио хариулаад үдэш орой болоход одод түгж, салхи үлээсэн намуухан үдэш өдөржин түүний нялх дууг сонсож амгалан идээшилсэн "Үнэнч фенүүд" болох хонин сүргээ туугаад гэртээ харьдаг байсан гэх балчир насны өдөр хоногууд нь түүнд хамгийн жаргалтай санагддаг тухайгаа Аянга хожим нь дурсан ярьж байлаа. Нутгийн олон нь Аянгыг “Бяцхан поп дуучин” гэж өндөр үнэлэн, үргэлж урмаар тэтгэдэг.


         Түүнийг долоон настай тэр жил ээж нь мөн өвчнөөр бурхан болов. Ийнхүү амьдралын хатуу бэрхийг эрт үзсэн өнөөх дуу хөгжимд дуртай хүүхэд дуугаа хурааж, сэтгэл гонсгор явах болсон гэх. Тэр байдлыг нь харж сэтгэл зовсон төрөл садан нь Аянгыг урлагийн сургуульд оруулсан юм. Урлагийн сургуульд оруулсан нь түүнийг өөрийн гэсэн мэргэжилтэй болоод ирээдүйд бие даан өөрийгөө авч явдаг болвол хэрэгтэй гэх үүднээс ийнхүү дэмжсэн гэнэ.  Арав гаруй настай Аянга тийнхүү урлагийн замаар алхаж эхлэв.
Өвөр Монголд хэдэн жил бүжгийн мэргэжлээр сурсан Аянга 2009 онд Бээжингийн бүжгийн сургуульд элсэн орж оюутан боллоо. Дундад улсын нутаг нутгийн бүжгийн урлагт сонирхолтой хүүхдүүдийн мөрөөдөл болсон энэ сургуулийн босгыг хэр баргийн хүн давж алхдаггүй. Аянгын хувьд ч амаргүй даваа байсан гэх. Залуу хүний халуун сэтгэл, амжилтын оргилд хүрэх чигч шулуун зорилго, зоригоороо Аянга дөрвөн жил Бээжин хотод ажиллан, суралцаж байж шалгалт өгөөд тэнцсэн байна.


         Сургуульд орох гэж дөрвөн жилийн хугацаа зарцууллаа гэхээр Аянга лав муу сурдаг хүүхэд байсан болов уу гэж бодох хүн гарч магадгүй юм. Гэвч тийм биш ээ. Үнэндээ ар гэрийн амьдрал тааруухан түүнд сургуулийн тэр их төлбөрийг цуглуулах гэж хоолны газар бүжигчнээр ажиллах, зочид буудалд дуу дуулах зэрэг олон арван ажил хийсэн байна. Дөрвөн жилийн оюутан насны он жилүүдэд Аянга сэтгэл санаа харьцангуй тайвширч, зүгээр суулгүй бүжиг сурахын зэрэгцээ мэргэжлийн багшаас дуулаачын урлагт суралцав.
         Сургуулиа дүүргэсэн тэр жилдээ Аянга Бээжингийн үндэсний дуу бүжгийн чуулгад орж ажилласан юм. 2014 онд нэгэн сайн найзынхаа хүсэлтээр Дундадын нэрт шоу нэвтрүүлэг "Sиреr Мr."- д оролцон тайзны ур авьяас, дуу хоолой, зүс царай, бие галбираараа олноос онцгойрон үзэгчдийн сайн танил боллоо. Улмаар "Дундад улс сонирхон үзэж байгаа" уралдаанд оролцон шилдэг уран бүтээлч гэдгээ харуулж, нэр алдар нь олноо түгэв. Сайхан монгол залуу Аянгад цаашдын уран бүтээлийн гэгээн замд нь өндрөөс өндөр амжилт хүсье.

Зохиогч: Ц Урантунгалаг
Найруулагч: Ц Урантунгалаг
Эх сурвалж :
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл