solongonews
Хайранд бүүвэйлэгдэн өсөхийн жаргал
2015-02-10 10:15
Хүүхдийн бие сэтгэцийн эрүүл бойжилтод анхаарах тухай ярилцлага.

    Олонх эцэг эх зөвхөн хүүхдийнхээ сурлагыг л анхаарах биш, бие сэтгэцийн эрүүл саруул өсөх бойжихыг илүү  чухалчлах болжээ. Нээрэн хүний амьдралд сайн сураад шалгалтыг аргацаагаад болчихгүй, бас учир байдалд зөв хандан зөв шийдвэрлэх арга зэргийг сурах хэрэгтэй. Хүүхэд “Та сайн уу?” гэж хэлж сурах үед бусдыг халамжлахыг сурчихдаг.  “Бярлалаа!” гэж хэлж сурах үед яагаад бусдад талархдагийг мэдчихдэг. “Миний буруу” гэж хэлж сурах үес гэмшин ухаарахыг мэдчихдэг…

 Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн Улс Төрийн Дээд Сургуулийн профессор Ма Цэцнээс ярилцлага аван хүүхдийг хүмүүжүүлэхэд эцэг эхийн анхаарвал зохих тухай ойлголт авсан билээ. Ма Цэцэн багш олон жилийн сурган хүмүүжүүлэх, сэтгэцийн зөвлөмж өгсөн туршлагатайгаа уялдуулан хүүхдийг бойжуулах явцад юу юуг анхаарвал зохих тухай үзэл бодлыг нь уншигчидтайгаа хуваалцъя.

    “Хайраар хүмүүжүүлнэ”

    Хүүхдийг яаж өсгөж хүмүүжүүлэх вэ? Энэ асуултыг “Хайраар хүмүүжүүлнэ” гэж хураангуйлан хариулж болно. Зарим эцэг эхчүүд хүүхдээ хэтэрхий энхрийлэн хайрлаж хал амсуулахгүй, бүх зүйлийг нь бэлэн болгож өгдөг. Бас зарим нь бүр тоохгүй орхин ажлаа л хийдэг. Үнэндээ хүүхдийн сэтгэлд ээж аавыг нь хэн ч орлож чадахгүй, ялангуяа хүүхдийн далд ухамсарт ээж аавыг хэн ч орлодоггүй байна. Өвөө эмээ нь хэчнээн хайрлаж байвч аав ээжийг нь орлож чадахгүй.

    Хүүхдийн өсөж бойжих орчин маш чухал. Эв нэгдэлтэй хайрын орчинд өссөн хүүхэд бусадтай харилцахдаа чадамгай, бусадтай эелдгээр харилцаж чаддаг. Хэрэв хоорондоо зэмлэж буруушаасан хэрүүл зодоон тасрахгүй гэр бүлд өссөн хүүхэд ер нь бусадтай дайсагнах дуртай, өөрийгөө тоохгүй, өөртөө итгэлгүй байдаг. Өөртөө итгэхгүйгээр яаж итгэлтэй болж хүмүүжигдэх вэ? Дөрвөн настай нэгэн хүүхдийн гэрийн амьдрал нь сайн, юу ч дутахгүй. Гэвч тэр хүүхэд хүний жижиг сажиг зүйлийг хулгайлдаг. Энэ хүүхэд юм хулгайлан бусдын анхаарлыг татахыг хүсдэг, хэрэг гаргавал аав ээж нь ирнэ гэж боддог байна. Үүний далд шалтгаан нь даруй хүүхэд хайр эрж байгаа юм. Хүүхдийн зарим ажиллагааг ёс суртахууны асуудлаар үзэж болохгүй. Өнгөн талын үзэгдлийн цаана сэтгэцийн  шалтгаантай.

    Нэг бүсгүй хүүхэддээ маш сайн амьдралыг эдлүүлэхийн төлөө нэгэн сонголт хийсэн байна. Хүүхдээ нагац өвөө эмээгээр нь харуулаад өөрөө хөлсний ажил хийхээр явжээ. Энэ хүүхэд долоон нас хүртлээ нагац өвөө эмээтэйгээ өсжээ. Найман настайдаа гэртээ буцаж ирэв. Хожим нь энэ бүсгүй нэлээд мөнгө олоод хүүхдэдээ орон сууц энэ тэр зэргийг худалдан авч өгсөн байна. Гэвч энэ бүхнийг хүүхэд нь харин дэмий ч ойшоохгүй байсан нь энэ бүсгүйн санаанаас гадна зүйл болжээ.

    Аав ээж нь үйлээ үзэн байж бэлтгэж өгсөн эдгээр зүйлс нь хүүхдийн сэтгэлд тийм тааламжтай сайхан санагдахгүй байгаа учир юуг харуулж байна гэвэл даруй хүүхдэд хайр дутаад юу ч хэрэггүй болсон гэсэн үг. Одооны эцэг эхчүүд хүүхэддээ эд хөрөнгөөр дутаахгүйг хичээдэг. Хайраа эд юмсаар илтгэнэ. Үнэндээ хүүхэд хэдийгээр эд юмс авна гэж байвал цаанаа төдий хайр дутагдаж байгааг харуулж байна. Хүүхэд үүнийг авч өг түүнийг авч өг гэж шаардаж байвал үнэндээ хайрыг өгч чадаагүйг харуулж байна. Хайрлавал эд юмсын талын шаардлага нь багасдаг байна. Хайрыг бага насанд нь өгнө. Том болсон хойно нь нөхнө гэвэл худлаа юм.

    “Хэлж сургахын оронд хийж үзүүл”

    “Дууриалын хүчин хязгааргүй” гэдэг. Эцэг эхчүүд хүүхдийг хүмүүжүүлэх мэдлэг их дутагдаж байна. Олонх аав ээжүүд хүүхдээ чанга сургана гэж хичээдэг. Гэвч бодит ажиллагааны дунд гэрийн ахмад хүүхдэдээ биеэрээ дууриал үзүүлдэггүй. Эцэг эхийн хувьд ямар нэгэн учир явдлыг өөрөө сайн хичээж сайн хийвэл хүүхэд чинь аяндаа таныг дагаад сайн хийхээр хичээдэг. Эцэг эхчүүд өөрсдөө архи уун тоглоом тоглочихоод хүүхдээ хичээлээ сайн хий гэж шаардвал хүүхдийн сэтгэл санаа ном унших болон дасгал хийх дээр төвлөрнө гэж үү?

    Би нэгэн явдлыг сэтгүүлээс харсан. Нэг хүн аавынхаа нас барах үед аавынхаа бичиг мэдэхгүй гэдгийг мэджээ. Тэр багадаа аавынхаа бичиг доошоо харуулаад харж байсныг харж байсан юм. Нэг удаа ааваасаа та яагаад номоо доошоо харуулаад харж байна гэхэд, аав нь нүд ядарчихвал доошоо харуулаад уншвал нүд амрах шиг болдог гэж хариулсан гэнэ. Энэ явдлаас бид аав нь хэдийгээр бичиг үсэг мэдэхгүй боловч хүүхэддээ дууриал үзүүлэхийн төлөө ном уншиж байгаа дүр үзүүлэн хүүхдийнхээ ном уншихад нөлөөлж байсныг мэдэж болно. Энэ бол “Дууриалын хүчин хязгааргүй” гэдгийг харуулж байгаа юм. Эцэг эхчүүд хүүхэддээ цаг ямагт дууриал үзүүлэх хэрэгтэй, хийж сургах нь хэлж сургахаас хол үр нөлөө үзүүлдгийг эцэг эхчүүд мэдэх хэрэгтэй. Зарим эцэг эхчүүд өөрөө ном барихгүй уншихгүй байж хүүхдээ ном унш гэж шаардана. Хэлж сургах болон хийж сургахын үр нөлөө адилгүй байдаг. Хийж сургах нь хэзээд хэлж сургахаас сайн.

    “Эцэг эхийн дүрийг сайхан тоглоно”

   Эцэг эх бологсод эцэг эхийнхээ дүрийг сайхан тоглоно. Аав хүн бол аав хүний янзтай, ээж хүүн бол ээж хүний янзтай. Дундад улсын гэр бүлд аав хүний дүр их дутагддаг. Хү Нань мужийн телевиз хорооны “Аав хаана явсан бэ?” гэх нэвтрүүлэг олонд тааладгсан учир үүнд байна. Хүүхэд 4 наснаасаа эхлэн дүрэм ёс сурна. Үүнийг голдуу аав хүний биеээс сурдаг. Айлд очвол хүний юмыг зөвшөөрөлгүйгээр авч болохгүй зэрэг. Аав хүн эрх сүртэй, зарчимтай байдаг дүрийг тоглодог.

    Гэр бүл дэх эр эмийн харьцаагаа нягтруулж, эелдэг найрсаг байх хэрэгтэй. Энэ нь тус биеэрээ хүүхдэд сургаал хүмүүжил болдог. Аав ээжийн харьцаа, гэр бүлийн харьцаа хүний насан туршид нь нөлөөлдөг. Энэ нь хүүхдийн хожмын нийгмийн харилцаанд шууд нөлөөлнө. Ялангуяа ургийн харьцаанд нөлөөлнө. Нэгэн эрэгтэй  үргэлж эхнэрээ зоддог гэнэ. Тэр эрэгтэй аав ээждээ зодуулан өссөн байна. Түүний далд ухамсарт зодох нь хайрын хэлбэр гэсэн ойлголттой болжээ. Миний ээж аав намайг хайрлахдаа зодож байжээ. Ингэхээрээ би бас эхнэрээ хайрлаад зодож байна гэж боддог, эдгээр нь бүр далд ухамсрын асуудал болох юм. Профессор Ма Цэцний хэлэхдээ: -Хэрэв энэ эрэгтэй энэхүү далд ухамсрын асуудлаа халан засах гэвэл заавал энэ байдлаа буруу гэж мэдэрсэн байж сэтгэцийн жолоодлого зөвлөмж авах хэрэгтэй. Тэгэхгүй бол энэхүү муу муухай заншлаа доош үр хүүхэддээ аяндаа уламжлах юм. Хүмүүсийн “Удам нь ийм”, “Будаг арилдаг, удам арилдаггүй” гэж хэлдгийн учир үүнд бий, энэ бол үзэл санааны уламжлал юм.

    Гэр бүлийн дотроо аав ээж бологсод өөр өөрийнхөө хариуцсан ажлаа сайтар хийнэ. Эр эм хоёулаа харилцан хайрлаж хүндэтгэж амьдарна. Гэр бүлийн ийнхүү эелдэг найрсаг харьцаанаас хүүхэд олон юм сурдаг. Хүүхдээ дагуулан амьдралд оролцуулах нь ч маш чухал. Одооны эцэг эхчүүд хүүхэддээ “Сайн сурвал болно, өөр юуг ч хайхрах хэрэггүй” гэж ярьдаг. Ийм гэр бүлийн хүмүүжил хүүхдэд үүрэг хариуцлагын тухай мэдрэмж ихээр дутагдана.  Өөрийн гэсэн үүрэг хариуцлагаа гүйцэтгэж мэдэхгүй болчихно. Тиймээс Эцэг эхчүүд хүүхдийн биеэ даах чадварт сургаж, хариуцлагатай ухамсартай болгон хүмүүжүүлэх хэрэгтэй. Ингэвэл хүүхэд “Суралцах бол миний үүрэг” гэдгээ мэднэ. Үүнийг ойлговол сурлагадаа өөрөө шамдана.

Найруулагч: Сүлдээ
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл