solongonews
“Маск” продакшны жүжигчин М.Баярмагнай : Бид түрүүлж сэтгэж, алхаж байж л уран бүтээлээ хийнэ шүү дээ
2015-02-05 19:44
Бид мэдээж бусдаас түрүүлж алхах ёстой, түрүүлж сэтгэж, алхаж байж л бид уран бүтээлээ хийнэ шүү дээ. Өдөр шөнөгүй шинэ, сонин санаа хайдаг.

Хошин урлаг бол амьдралын бүхий л зүйлийг хошин хэлбэрээр хүнд хүргэдэг хэлбэр. Монгол Улсын хошин урлагийн хамтлагийнхны дотроос авъяас чадвараараа олонд хэдийнээ танигдаж, үзэгчдийн хүсэн хүлээдэг “Маск” продакшны жүжигчин М.Баярмагнайтай уулзаж ярилцлаа.  

-Та өөрийнхөө тухай мөн нутаг усныхаа талаар Өвөр Монголын ард түмэнд танилцуулахгүй юу?
-Би Баянхонгор аймгийн Баянбулаг сумны харъяат. Манайх эхээсээ зургуулаа. Би айлын ууган хүү. Одоо эхнэр хоёр хүүхдийнхээ хамт амьдардаг. Эхнэр маань төрийн байгууллагад ажилладаг. Том хүү маань Түрк сургуульд сурдаг. Бага хүү маань живх зүүгээр гэртээ мөлхөж явна даа. 
-Та хэзээ хошин урлагт хөл тавьсан бэ? Бас “Маск продакшн”-аа  хэзээ байгуулсан талаар ярихгүй юу?
-Би 2000 онд СУИС-ийн Кино драмын ангийг дүүргэсэн. Сургууль төгсөөд УДЭТ-д жүжигчнээр ажилд орсон доо. Тэндээ нэг л жил ажилласан. Дараа нь Хошин урлагийн театрт жил гаран болоод “Өнгөт инээд” хамтлагт орсон. Тэнд бид дөрвөн жил болсон. Харин 2006 оны наймдугаар сард жүжигчин Эрдэнэзаан, Мөнхсайхан ах, Энхсайхан гэх залуутай “Маск продакшн”-аа байгуулсан даа. Түүнээс хойш есөн жил болсон байна. Удахгүй арван жилийнхээ ойг тэмдэглэнэ дээ. 


- Ямар ч хүнд бага насны мөрөөдөл гэж байдаг. Харин таны хувьд юу мөрөөддөг байв. Мөрөөдөл тань биелэсэн үү?
-Би спортын хүн болно гэж боддог, мөрөөддөг байсан. Биеийн тамираар хичээллэх дуртай. Тиймдээ ч энэ чиглэлээ хөөвөл амжилтад хүрнэ гэж боддог байсан байх. Аравдугаар ангиа төгсөөд улсын шалгалт өгөөд уначихсан. Тэгээд л СИУС-д шалгалт өгч тэнцсэн.


-Урлагийнхан давхар бизнес хийдэг гэж дуулдсан. Та бизнес хийдэг үү? 
-Яаж бизнес эрхлэх вэ дээ. Бид нэг тоглолтоо Улаанбаатар хотод л гэхэд нэг сараас бараг хоёр сар хийдэг. Монголынхоо аймгуудаар яваагүй долоон жил болсон байна лээ. Саяхан бид Өвөрхангай, Баянхонгор, Говьалтай, Ховд, Увс, Завхан Архангай зэрэг аймгуудад тоглоод ирлээ. Сайхан хүлээж авсан. Энэ хавар бид говийн аймгуудаараа аялан тоглох төлөвлөгөөтэй байгаа.    
-Нийгмийн тулгамдаж буй асуудлыг хошин хэлбэрээр хүргэх зохиол бичдэг хүмүүс цөөрсөн гэлцэх юм. Та бүхэн зохиолоо өөрсдөө бичдэг үү?
-Бид зохиолынхоо сэдвийг өөрсдөө гаргаж, тайз, хувцас зэргээ ч өөрсдөө хийдэг.

-Таныг багын найздаа машин бэлгэлсэн гэж дууллаа, Та их сайн хүн юм аа..?
-Мэдээж найз нөхдийн хооронд тийм юм байлгүй л яахав. Машин бэлэглэнэ гэдэг сэтгэлийн л юм шүү дээ. Түүгээрээ таксинд явж амьдралаа залгуулаг гэж бодоод л... Би дандаа л хүнд өглөг өгөөд байдаг тийм хангалуун амьдралтай биш ээ. Тэгэхдээ сэтгэлээрээ бол баян шүү. Эрдэнэзаан, Мөнхсайхан ах нар маань ч гэсэн мөнгө нэмэрлээд найзыгаа унаатай болгосон. 


-Та бүхэн хошин урлагийн бусад хамтлагуудтайгаа харилцаа холбоотой ажилладаг уу?
-“Х түц”, “Шинэ үе”-ийнхэнтэй байнга л хамтдаа байж инээж, хөөрөлдөж явдаг даа.
 -Урлаг бол цаг үеийн толь гэж хүмүүс ярьдаг. Та бүхэн энэ толиндоо нийгмийн хүнд хүнд асуудлуудыг онож тусгаж чаддаг гэж боддог уу?
-Бид мэдээж бусдаас түрүүлж алхах ёстой, түрүүлж сэтгэж, алхаж байж л бид уран бүтээлээ хийнэ шүү дээ. Өдөр шөнөгүй шинэ, сонин санаа хайдаг. Гуравдугаар сарын 12-оос манай шинэ бүтээл тоглогдоно. Сая бэлтгэлдээ орчихоод явж байна. Мөн “Соёлын төв өргөө”-д бид бүхний 2014 онд хийсэн шилдэг хөтөлбөрүүд тоглогдож байгаа.

-Та бүхэн Өвөр Монголд хэдэн удаа очиж тоглолт хийсэн бэ? Уран бүтээлчид нь хамтран ажиллах санал тавьж байв уу?
-Би Өвөр Монголд ”Өнгөт инээд” хамтлагт ажиллаж байхдаа хоёр удаа очиж байсан. ”Маск” хамтлагаараа бол очиж  байгаагүй. Өвөр Монголоос олон хүн тоглолт хийж өгөхийг хүсч, санал тавьж байсан. Одоохондоо ажил амжихгүй л байна. 


-Чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөдөг вэ?
-Жилийн 365 хоногийн 65-100 хоногийг нь л гэр бүлтэйгээ өнгөрүүлж байна. Зав чөлөө гарвал гэр бүлтэйгээ л өнгөрүүлэхийг боддог. Бусад цагт нь хамтлагтайгаа байж, уран бүтээлээ хийж байна даа. 
- 2015 оныхоо ажлын төлөвлөнөөс танилцуулахгүй юу?
-Төлөвлөсөн ажил их байна. Европын орнуудад тоглоно. Мөн манай хамтлагийнхан том сонгодог жүжиг дээр ажиллах гэж байна. Сая бэлтгэл ажлаа хийж байлаа. 


-Та манай “Солонго” сэтгүүлээр дамжуулж Өвөр Монголчуудад хэлэх үг байна уу?
-Урьд нь миний хийж байсан тоглолт дээр Өвөр Монголчуудынхаа зарим хэллэгийг  жишээлбэл, “Зайрмаг”-ийг ”Мөсөн мөлжүүр” гэж хэлдэг тухай дурдсан. Бид цахим мэдээллийн хэрэгсэл болон сонингоос энэ мэдээллийг авч ямар ч судалгаагүйгээр бүтээлдээ буулгасан нь алдаа болсон. Өвөр Монголчуудаасаа хүлцэл өчье.  Уул нь бид нэгэн дээвэр доор байгаа ар, өвөрийн ахан дүүс шүү дээ. Өвөр Монголчууд маань босоо монгол бичгээрээ бичдэг уламжлалаа хадгалж явахад бид чинь “Ломбард”, “Ресторан” гээд л харь хэлээр ярьж, бичиж байна гэсэн санааг давхар оруулах гэж л хийсэн юм.  


-Цаг зав гаргаж ярилцлага өгсөн танд баярлалаа. Танд уран бүтээлийн өндөр амжилт хүсье!
- За баярлалаа.

Зохиогч: Саранчимэг, Цэлмэг
Найруулагч: Шинэцэцэг
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл