solongonews
Дундад улсын Цагаан сар
2015-02-06 18:15
Ардын зан заншлын дагуу өргөн утга агуулгатай Цагаан сар нь билгийн улирлын 12 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн шинэ оны эхний сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ.

       Цагаан сарыг “Билгийн улирлын нас жил”, өөрөөр бас “Жил өнгөрөх” ч гэж нэрлэдэг. Энэ бол Дундад улсын хамгийн өргөн хэмжээний, хамгийн баяр хөөртөй, хамгийн том уламжлалт тэмдэглэлт баярын өдөр юм. Дундад улс Цагаан сарыг  Баруун Хан улсын үеэс тэмдэглэж эхэлсэн бөгөөд өнөөг хүртэл уламжлагдсаар байна. Ихэвчлэн битүүн болон шинийн нэгнийг хэлдэг. Ардын зан заншлын дагуу өргөн утга агуулгатай Цагаан сар нь билгийн улирлын 12 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн шинэ оны эхний сарын 15-ныг хүртэл үргэлжилж, өмнөх, хойд өдрүүдтэйгээ нийлээд бараг гурван долоо хоног үргэлжилдэг. Энэ хугацаанд Битүүний шөнө болон Шинийн нэгэнд хамгийн хөл хөөртэй, Цагаан сарын оргил үе гэж хэлж болох юм. Цагаан сар хэдэн мянган жилийн хөгжил дунд нэгэн тогтсон зан заншил болж уламжлагдан иржээ. Энэхүү уламжлалт баяр дурсгалын өдрийг Дундад улсын хятад үндэстэн болон бусад цөөн тоот үндэстнүүд тэмдэглэдэг бөгөөд бурхны тахилга, дээдсийн онгоны тахилга, гэр орноо цэвэрлэх, баярт мөчөө угтах, баян чинээлэг байхыг хүсэх зэрэг олон утга агуулгатай. Тэмдэглэх арга хэлбэр нь олон төрөл бөгөөд үндэсний онцлогтой. Цагаан сарын зан заншил нь өвөрмөц онцлогтойн дээр он солигдох үед гэр бүлээрээ цуглаж хамтдаа тэмдэглэдэг байна.

Хог тоосоо цэвэрлэх

       Билгийн улирлын 24-нд гэр орныхоо хог тоосийг цэвэрлэдэг. Энэ заншил нь хүмүүсийн хуучин жилээ үдэж, шинэ оноо угтах хүсэл мөрөөдлийн илэрхийлэл болж байдаг. Жил бүрийн цагаан сараар айл болгон гэр орноо цэвэрлэж, аяга тавгаа угаан, цонхоо цэмцийтэл арчиж, хашаа хүрээгээ шүүрддэг. Энэ нь хуучин жилийн муу муухайг шүүрдэн арилгаж, шинэ оноо цэвэр ариунаар угтах гэсэн нэгэн ёсны бэлгэдэг юм.

Хос уянга наах

Хос уянга нь хаврын наамал, хос уянга зэрэг олон нэртэй бөгөөд утга агуулга хосолсон товч оновчтой үг үсгээр өөрийн хүсэл мөрөөдлөө ирэлхийлдэг Дундад улсын онцлогтой уран зохиолын хэлбэр юм. Жил бүрийн цагаан сараар хот хөдөөд адилхан хос уянга нааж, баярын өдрийн сайн сайхныг бэлгэддэг.

Цонхны хайчилбар наах

Ард түмний дунд цонхон дээрээ янз бүрийн хайчилбар наах заншил тогтсон. Энэ нь баяр бахдал илэрхийлдэг бөгөөд бас нэгэн төрлийн урлал юм. Хайчилбар нь Дундад улсад олон янзаар уламжлагдан дэлгэрсэн ардын урлаг бөгөөд олонх нь цонхон дээрээ наадаг учир цонхны хайчилбар гэж нэрлэжээ.

Ёслолын буудлага

Дундад улсын ардын уламжлалд “Үүд нээгч пуужин” гэдэг яриа байдаг. Шинэ жил болох үеэр айл болгоны нэгэн гол зүйл бол хувь хувьдаа ёслолын буудлага хийдэг. Энэ нь буудлагын дуунаар хуучин жилээ үдэж, шинэ оноо угтах баярын хүндэтгэлийг илэрхийлж, баярын өдрийг улам баялаг болгон хүмүүст аз жаргал сайн сайхныг авчирдаг хэмээн үздэг байна.

Сүмийн цуглаан

Сүмийн цуглааныг өөрөөр мөн “Сүмийн зах” гэдэг. Сүм хийдийн ойролцоо хуран чуулж, тахилга хийх, цэнгэлдэх, эд бараа худалдан авах зэргээр Дундад улсын уламжлалт соёлын дурсгалт өдрөө тэмдэглэдэг. Сүмийн цуглаан нь Дундад улсын хүн ардын дунд өргөн дэлгэр уламжлагдсан заншил. Уламжлалт зан заншил гэдэг нь нэгэн улс болон үндэстний ард түмний дунд өргөн дэлгэр уламжлагдсан амьдралын тухай соёл бөгөөд сүмийн хурал нь иймэрхүү амьдралын соёлын нэгэн бүрэлдэхүүн хэсэг болдог байна. Түүний буй болсон, уламжлагдсан, хувирч хөгжиж ирсэн түүх нь ард түмний амьдралтай шууд холбоотой.

Цагаан сарын эд бараа авах

Цагаан сарын хэрэглээний эд бараагаа баярын өдрөөс өмнө базааж авдаг.  Үүнд хоол хүнснээс эхлээд гэр ахуйн хэрэгсэл хүртэл багтана. Жишээлбэл, өндөр үнэ өртөгтэй далайн загас авч өнгөрсөн жилийн ажил амьдралаа шагнан урамшуулж, шинэ жилээ баярлан угтаж буйгаа илэрхийлдэг. Зарим нутгийн хүмүүс наран цэцгийн үр, чихэр, боорцог зэргийг авч, цагаан сараар садан төрөл, найз нөхдөө зочлон ирэхэд түүгээрээ дайлдаг байна. Цагаан сарын эд бараанд мөн шинэ оны золголтын бэлэг багтдаг. Шинийн нэгэнд ахмад настай хүмүүст, найз нөхдөдөө золгохдоо гарын бэлэгтэй очдог уламжлалтай.

Жилийн зураг өлгөх

Жилийн зураг нь голдуу Дундад улсын онцлогтой зураг байдаг. Энэ нь эртний “Үүдний сахиусны зураг”-аас гаралтай Хятад үндэстний байнга харагддаг ардын урлагийн бүтээлийн нэг билээ. Чин улсын Төр гэрэлт хааны үед үүнийг албан ёсоор жилийн зураг гэж нэрлэжээ. Дундад улсын хятад үндэстэнд онцгой байдаг зургийн нэгэн хэлбэр бөгөөд хөдөө орон нутгийн ард түмний баяр басгалант сэтгэлийг илэрхийлдэг урлаг юм.

Янгээ бүжиг

Тэмдэглэлт баярын өдрүүдэд хот хөдөөгийн ардууд бүгд хэсэг бүлгээрээ зохион байгуулан цагаан сарын уулзалт хийж найралдан цэнгэлддэг. Үүнээс гадна зарим тогсонууд хоорондоо Янгээ бүжиг бүжиглэж харилцан баярын мэндээ мэдэлцэн, хоорондоо уралдаан зохион байгуулдаг байна. Янгээ нь Дундад улсын хөдөө тосгонд өргөн дэлгэрсэн ардын урлаг юм. Өнгө будгийн зохицлоос эхлээд үндэстний онцлогийг харуулсан байдгаараа онцлогтой. Янгээ бүжиглэх үедээ хүмүүс өнгө өнгийн хувцас өмсдөг. Хэнгэрэг дэлдэн, бүрээ үлээж, дуулан бүжиглэж, баясгалант сэтгэлээ илэрхийлэн, сайн сайхан амьдралыг хүлээж ядаж буйгаа ийнхүү илэрхийлдэг.

Цагаан сарын заншил

“Жил өнгөрөх”-ийг басхүү “Бага жил” болон “Их жил” гэж ангилдаг. Бага жил нь жил бүрийн 12 дугаар сарын 23-ны өдөр тохиодог байна. Жил өнгөрүүлэх арга хэмжээ нь 12 дугаар сарын 23-наас эхэлдэг бөгөөд энэ нь мөн галын тахилгын баяр юм. Энэ бол монгол үндэстний галын тахилгаас гаралтай учир “Гал тахих найр” гэсэн байна. Галын тахилгыг хамтдаа тахих, айл болгон тахих гэж ангилдаг бөгөөд олонх нь үдэш орой энэ ёслолыг хийдэг байна. Энэ нь галын бурхнаа баярлуулж, ирэх нэгэн жилийн өлзий хийморь, сайн сайхнаа даатган бэлэгшээдэг тул аль сайн идээ ундааны дээжийг галдаа өргөдөг заншилтай.

Битүүний баяр

Битүүний шөнө хүмүүс баяр баяслын дунд хуучин жилээ үдэж, шинэ оноо угтдаг. Зарим айл битүүний хоолоо шөнө дунд хүртэл иддэг. Түүхэн тэмдэглэлээс үзвэл Өмнөд, Умард төрийн үед битүүний хоол идэх заншилтай байжээ. Нас, жилээ сахих заншил нь өнгөрөн одож буй нас, жилээс салж ядсан сэтгэлийг илэрхийлэн ирж буй шинэ ондоо алив сайн сайхнаа даатгасан хүсэл тэмүүллийг илэрхийлдэг байна.

Шинийн нэгний золголт

Шинийн нэгний өглөө хүмүүс баярын сайхан хувцсаа өмсөж, айлчин гийчнээ хүлээн авах буюу айл саахалтаараа зочлон золголт хийж эхэлдэг. Уулзсан бүхэнд “Сайхан шинэлэв үү”, “Сайхан баярлаж байна уу” гэхчилэн бэлэг дэмбэрэлтэй үгээр мэндчилж, чихэр жимс, боов боорцгоор зочноо хүндэтгэн дайлдаг билээ. Ахмад настай хүмүүсээс залуу хүүхдэд шинийн золголтын мөнгө өгдөг бөгөөд энэ мөнгө нь гажуу бурууг дарж, хүүхэд залуусыг нэгэн шинэ оноо амар амгалан угтах эхлэл болдог гэнэ.

Шиний хоёронд гэртээ харих

Шинийн хоёрон, гурванд Дундад улсын ихэнх нутагт төрхөмдөө харих заншилтай бөгөөд харьд мордсон бүсгүйчүүд нөхөр, хүүхдээ дагуулан төрхөмдөө очин ээж аавдаа золгодог. Охин нь төрхөмдөө харихдаа олон бэлэг сэлт бэлддэг байна. Хэрэв айл олон охинтой, охид нь өөр өөр өдрүүдэд ирвэл зөвхөн дөрвөн хэсэг буурцаг өгдөг байна. Үүний гол утга санаа нь бэлгэндээ биш, сэтгэлдээ байгааг харуулж байгааг илтгэдэг буй гэнэ.

Арван тавны “Юаньшяо”-ийн баяр

Шинийн арван таванд Дундад улсын уламжлалт “Юаньшяо”-ийн баяр болдог. Цагаан сарын тэмдэглэлт баярын арга хэмжээнүүд энэ өдөр хамгийн өндөр оргилдоо хүрдэг. Мөн шөнө зам гудамжинд айлууд олон төрлийн амьтан, уул ус, баатруудын тухай агуулга бүхий зураг дүрс сийлсэн өнгөт дэнлүү өлгөж, гадуур яваа хүмүүс ч гартаа түүнийг барьж явдаг байна.

 

Найруулагч: Хурцаа
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл