Өвөр Монголын Соёлын Аж Үйлдвэрийн 10 дахь экспод Өвөр Монголын компани Өвөр Монголынхоо байгаль орчин, нүүдлийн соёлын онцлогийг орчин үеийн үнэртүүлэгч, ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнтэй хослуулсан цуврал бүтээгдэхүүнээ танилцууллаа.
Тус компанийн “Тал нутгийн бэлэг” брэндийн шинэ бүтээгдэхүүнүүдийн нэг нь Монгол гэрийн уламжлалт урлах арга ухаанаас санаа авсан юм. Монгол гэрийн өвөрмөц хэлбэр, нүүдэл соёлын бэлгэдлийг орчин үеийн бүтээгдэхүүний дизайнтай хослуулж, уламжлалт соёлын агуулгыг өдөр тутмын хэрэглээнд шингээхийг зорьжээ.

- Бид тал нутгийн соёл, байгаль, хүмүүсийн дурсамжийг үнэрээр дамжуулан илэрхийлэхийг хүсэж байна. Хятад анагаах ухаан болон монгол анагаах ухааны эмчилгээний системд хүний сэтгэл санаа, бие махбодыг хамтад нь тайвшруулж, сэргээх үр дүнтэй аргуудын нэг гэж үздэг. Манай компани бүтээгдэхүүнээ боловсруулахдаа Өвөр Монголын орон нутгийн онцлог болон түүнд тохирох үнэрийн судалгааг хийсэн байна. Тухайлбал, Мэргэл голын эрэг орчмын байгалийн үнэрийн элементүүдийг судалж, зуны улирлын үнэрийг үнэрт тосонд шингээсэн бүтээгдэхүүн бүтээсэн гэж Өвөр Монголын Голомт соёл мэдээллийн ХХК-ийн Гүйцэтгэх захирал Солонго танилцуулсан байлаа.
Уг компани цаашид өөр өөр газар нутгийн байгаль, ургамал, улирлын онцлог болон хүний сэтгэл зүйг судалж, үнэртүүлэгчийн бүтээгдэхүүнийг сэтгэл санааг тайвшруулах, өдөр тутмын амьдралын чанарыг дээшлүүлэх чиглэлээр хөгжүүлэхээр хичэээж байгаа ажээ.

Тус компани зөвхөн үнэртүүлэгч, үнэрт тосоор хязгаарлахгүй, өдөр тутмын хэрэглээний болон хувийн арчилгааны бүтээгдэхүүнүүдийг ч мөн үйлдвэрлэж байна. Тэдний үзэж байгаагаар үнэр нь хүний өдөр тутмын амьдрал, сэтгэл зүйтэй нягт холбоотой бөгөөд уламжлалт анагаах ухааны зарим ойлголтыг орчин үеийн бүтээгдэхүүнээр дамжуулан шинэ хэлбэрээр илэрхийлэх боломжтой юм.
- Соёлын бүтээгдэхүүн зөвхөн үзэсгэлэнд тавигдаад зогсохгүй хүмүүсийн өдөр тутмын амьдралд нэвтэрч чадвал соёлын үнэ цэнэ нь улам өргөжнө. Тиймээс бид уламжлалт соёлын элементүүдийг орчин үеийн хэрэглээтэй уялдуулахыг чухалчилдаг гэж Солонго хэлэв.
Түүнчлэн тус компани бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд гаргах бэлтгэлээ зэрэгцүүлэн хийж байна. Өдгөө уг компанийн “Step Pura” брэнд Их Британи болон Европын Холбоонд барааны шошгын бүртгэлээ амжилттай хийлгээд байна. Мөн холбогдох стандарт, нийцлийн шаардлагуудыг хангах ажлыг үргэлжлүүлэн хийж байгаа бөгөөд энэ оны сүүлч ирэх оны эхээр Европын зах зээлд гарах бэлтгэлээ хийж байна.

Тал нутгийн байгаль, нүүдлийн соёл, орчин үеийн дизайн, үнэртүүлэгчийн технологийг нэгтгэсэн энэхүү бүтээгдэхүүн нь Өвөр Монголын соёлын бүтээлч бүтээгдэхүүн олон улсын зах зээлд хэрхэн шинэ хэлбэрээр хүрч болохыг харуулсан нэгэн жишээ болсон байна.
