Хүн төрөлхтний баяр цэнгэлийн нэг нь яах аргагүй спорт. 8-р сарын 8-наас 16-ны өдрүүдэд Өвөр Монголын тал нутгийн гангийн хот Бугат хотноо Өвөр Монголын спортын XVI наадам болж өндөрлөлөө.
Өвөр Монголчууд дөрвөн жил тутамд зохион байгуулдаг хамгийн том, хамгийн өндөр түвшний, хамгийн нөлөө бүхий спортын энэхүү наадмаараа цэнгэлдэн, “ногоон хөгжил”-өө харуулсан юм. Хурдтай, цэгцтэй, нижгэр спортын наадмын үеэр сайхан үйл явдлууд үргэлжилж, тамирчин, дасгалжуулагчдын бахархалтай үлгэр түүхүүд ам дамжин хүн зоныг баясгаж, сэтгэлд хоногшин үлдлээ.
Тал нутгийн охины мөрөөдөл

Хятад улс волейболын спортын тавцанд өөрийн гэсэн түүх, амжилттай. Ийнхүү Хятадад волейболоор хичээллэдэг тамирчид олон. Тэдний дунд талын монгол малчны охин Б.Энхзаяа уран гойд тоглолтоор хүн зоныг баясган, гялалзаж байгааг спортын наадмаар харахад таатай.
1 метр 88 сантиметрийн өндөртэй энэ охин төрөлхийн нуруулаг. Спортын ур авьяастай гэдгийг уралдаан, тэмцээний талбай дахь уран гойд тоглолт нь бүрэн харуулж байлаа.
Удмын бөхийн гэр бүлд төрж өссөн Б.Энхзаяа цахим ертөнцөөс волейболын тоглолтыг сонирхож, тоглох мөрөөдөл нь ундарчээ. Ерөөлөөр учирна гэдэгчлэн 2021 онд Бугат хотын Нэгдүгээр дунд сургуулийн 50 гаруй жил дасгалжуулагчаар ажилласан Хао Жэньшэн багш Өвөр Монголын хил хязгаарын бүс нутагт волейболын спортоор сурагч элсүүлэн явахдаа энэ охины төрөлхийн спортын ур авьяас, өндөр нурууг нь хараад элсүүлэн авч, волейболын чиглэлээр дасгалжуулжээ. Ийнхүү талын охины волейбол тоглох анхны мөрөөдөл нь биелсэн.
Хатуу чанга бэлтгэл дасгалаар Б.Энхзаяагийн спортын ур чадвар тодрон гялалзсан бөгөөд итгэл зориг нь ч улам дайчлагдан, сургуулийнхаа волейболын багийн ахлах тоглогч болжээ. Улмаар Бээжингийн волейболын мэргэжлийн лигийн хараанд өртөж, Бээжин хотод мэргэжлийн волейболоор хичээллэдэг болсон байна. Б.Энхзаяа:
- Олимпын тавцанд үндэсний шигшээ багийн тамирчны хувиар тоглох мөрөөдөлтэй болсон гэж ярив.
Зүүн Үзэмчин хошууны Мандахбулаг нутагтай малчны охин түм түжигнэсэн волейболын тамирчдын эгнээнд багтаж, волейболыг мэргэжлийн түвшинд тоглож байгаа нь түүх бүтээсэн явдал юм. Хао Жэньшэн дасгалжуулагч:
- Монгол хүүхдүүд бие бялдар сайтай байдаг учир би Өвөр Монголын мал аж ахуйн нутгаар явж, волейболын чиглэлээр сурагч элсүүлдэг байсан. Ордос, Улаанцавын малжих нутгаас элссэн хүүхдүүд энэ жил волейболын мэргэжлээр Хятадын дотор газрын алдартай их сургуулиудад элссэн тухай Бугат хотын Нэгдүгээр дунд сургуулийн хүндэт самбар дээр танилцуулж байна гэж хэллээ.
Мөрөөдөл хүнийг эрч хүчтэй болгон дайчилдаг. Олимпын мөрөөдөлтэй Б.Энхзаяа хол явж, илүү их түүх бүтээх боломжтой нь дамжиггүй.
Мянга мянган волейболоор хичээллэж байгаа хүмүүсийн дотор монгол зүрх цохилж байна гэдэг юутай сайхан бахархалтай вэ?
Сэтгэл өндөлзсөн гурван аав

“Ачаад ав”, “Хутгаарай, хутгаарай”, “Хөмрөөд дар даа”... Спортын наадмын чөлөөт бөхийн тэмцээний талбайн үзэгчдийн суудалд наранд борлосон, хөрслөг царайтай ахимаг насны гурван хүн тэмцээний үеэр бөх өвдөг шороодоход гуяа алгадан харамсаж, учраа бөхөө давж босоо дэвэхэд нь баярлан алгаа ташиж, уухайлан суудлаасаа өндөлзөн байх агшинд нь бид тэдэнтэй уулзаж, хаанаас, хэзээ ирсэн тухай нь асууж лавлав.
Эрдэнэмөнх, Сайнбаяр, Адуучинхүү гэх энэ гурван нарны бор малчин бол газрын холыг хол хэмээн цөхрөлгүй, 1000 гаруй километрийн зайтай Зүүн Үзэмчин хошуунаас хүүхдүүдийнхээ бөхийн финалын тавцан дахь барилдааныг харах, урам хайрлах, уухайлан дэмжихээр ирсэн малчин аавууд байлаа. Тэд бөхөд хорхойтой төдийгүй бүгдээрээ барилдаж ноцолдох дуртай хүмүүс байв. Сайнбаяр нь Өвөр Монголдоо 512 бөхийн барилдаанд хоёр ч удаа үзүүрлэж байсан түүхтэй. Хэдэн хүүхэд нь ч балчир багаасаа хамтдаа нэг дасгалжуулагчийн удирдлага дор барилдаж өссөн. Өдгөө нутгийнхаа өмнөөс Өвөр Монголын спортын наадамд барилдаж байгаа нь энэ аж.
- Хүүхдийнхээ барилдааныг хажуунаас нь хараад суухад их сандарна шүү гэж Даваажаргалын аав Адуучинхүү хэлэхэд:
- Манай хүүхдүүдийн Өвөр Монголын спортын наадмын шувтаргын барилдааныг үзэхээр бид гурвуулаа тусгайлан зорьж ирсэн гэж Хүчний аав Сайнбаяр сэтгэгдлээ хуваалцлаа.
- Манай гурван хүүхэд бүр хар багаасаа найр наадам дагаж барилдаж байсан бөгөөд нэг багшийн дор сорионд явж байлаа гэж Төмрийн аав Эрдэнэмөнх гар утсаар зурагласан бичлэгээ сошиал сүлжээнд хуваалцангаа танилцуулж байв.
Үр хүүхдийнхээ сайн сайхныг харах нь аав, ээжүүдийн жаргал. Энэ гурван хүү Өвөр Монголын спортын наадмаар ийм бага насандаа шувтаргын шатанд барилдсан хэдий ч зорьсон санасандаа хүртэл амжилттай барилдаж чадаагүйдээ жаахан харамсаж байлаа. Харин гурван аав нь баяр хөөртэй байлаа.
Аав хүний уужим сэтгэл, холын хараа гэдэг энэ л байх. Тэд:
- Бөх хүн өвдөг шороодож байж сайн бөх болно доо. Хүүхдүүд маань та нар бага балчраараа байна, залуу хүний замын хүзүү урт гэдэг дээ. Хожим нь сайн бөх болно гэх урмын үгсээр хүүхдээ урамшуулаад буцах замдаа гарлаа.
Ижилхэн мөрөөдөлтэй ихрийн одон

Чөлөөт бөхийн талбайд 8-р сарын 11-ний үдээс хойш Хай Руншуань хэмээх эрэмгий, чадалтай хүү үзүүр түрүүнд дайчин барилдаж, ялалт байгууллаа. Түүний сайхан барилдааныг нь сонирхон шагшин харж суухад арын сандалд сууж байсан ах нь:
- Хай Руншуань алтан медаль авчихлаа. Ах нь үдийн өмнө хүрэл авсан шүү. Мөн ч сайхан барилддаг ихэр ах дүүс юм аа гэхэд нь:
- Ихэр? гэж гайхан “Бяр чадал, алхаж гишгэх намба нь монгол хүүхэд шигээ” гэж арын суудлын ахтай ам нийлүүлэн яриа үүсгэхэд:
- Угаасаа монгол хүүхэд шүү гэж бахархан байлаа.
“Монгол хүүхэд”, “ихэр”, “хоёулаа медаль авсан” зэрэг мэдээллүүд нь аргагүй бидний анхааралд орж, ярилцлага авсан юм.
Дасгалжуулагч багш нь Өвөр Монголын Спортын Мэргэжлийн Коллежийн дасгалжуулагч Орчлон хэмээх сайхан залуу багш:
- Гурван жилийн өмнө би Баяннуур хотын Урадын Дунд Хошууны наадмаар ихрийн ах Хай Жишуаны дайчин зоригтой, хүчтэй барилдааныг хараад эрхгүй шагшин биширч, аавд нь чөлөөт бөхийн чиглэлээр сургуульдаа элсэх саналаа хэлсэн. Аав нь:
- Миний энэ хүүтэй адил 2010 оны 10 дугаар сарын 16-ны өдөр төрсөн бас нэг хүү бий. Ихэр хоёуланг нь багшид шавь оруулна гэж хэлсэн юм. Ингэж л энэ ихэр хүүг сургуульдаа элсүүлэн дасгалжуулсан. Аавынх нь надад захисан “Миний хүүг сайн бөх болгох эсэх нь хамаагүй, харин сайн хүн л болгон хүмүүжүүлээрэй” гэсэн үгийг их санаж явдаг. Хүүхдүүдээ сорионы талбайд дасгалжуулагч нь, амьдралд аав, ээж нь байхыг их хичээдэг гэж байлаа.
Гуравхан жилийн сорионд орж байгаа энэ ихэр ах дүү дайчин чадал, эрэмгий зоригоор барилдаж, удаа дараалан ялалт байгуулсаар ирсэн. Эрэмгий чадалтай, дайчин барилдаан л ихэр ах дүүгийн онцлог гэж Орчлон багш нь хэлэхэд:
- Миний дүү надаас илүү эрэмгий барилдаантай, хүч чадалтай гэж ах Хай Жишуань нь үргэлжлүүлэн ярилаа.
Аав нь барилддаг байсан болохоор ихэр хөвгүүд ч барилдах дуртай. Багаасаа тугал, бяруутай ноцолдох, хоорондоо барилдах нь барилдааны үндсэн нөхцөл болсон.
Ихэр ах дүүгээс мөрөөдлөө яриач гэхэд хоёулаа “Олимпын тавцанд барилдах санаатай” гэж ам булаалдан хариулав. Ихэр заяасан хоёрын мөрөөдөл нь хүртэл ижилхэн байдаг нь ямар ч гайхалтай хувь тавилан билээ. Бөхийн дэвжээнд одтой барилдаж яваа энэ ихэр оддын ижилхэн мөрөөдөл нь эртхэн биелэхийн өлзийтэй ерөөл дэвшүүлье.
Баатарын зориг, Тамирын ялалт

“Хянамгай бай”, “Чармай, Урагшаа”... Ингэж хүч мэдэн сөөнгөтсөн хоолойгоор Еншөөбү Тамирыг урамшуулж хашхирах хүн бол Бугат хотын дугуйт тэшүүрийн дасгалжуулагч Баатар.
13-ны өдөр Баатарын шавь Еншөөбү Тамир спортын наадмын 1000 метрийн дугуйт тэшүүрийн уралдаанд дахин алтан медаль хүртэж, энэ жилийн наадмын дугуйт тэшүүрийн дөрвөн аварга цол болон дугуйт тэшүүрийн их дуулга тэмцээнд түрүүлсэн цорын ганц тамирчин болжээ. Хоёр дахь удаагаа их дуулга тэмцээнд түрүүлсэн 16 настай тамирчин Тамир шаргуу хөдөлмөрөөрөө мөрөөдлөө биелүүлэх домогт түүхээ бичжээ.
Эрэгтэйчүүдийн 1000 метрийн А хэсгийн финал нь энэ жилийн дугуйт тэшүүрийн тэмцээний эцсийн тулаан байлаа. Тамир гарааны үеэр гэнэтийн нөхцөл байдалтай тулгарлаа. Гарах мөчид тэрээр хажууд нь байсан тамирчинтай мөргөлдөж, бараг унах шахсан. Тэрээр бат бөх суурин дээрээ тулгуурлан тэнцвэрээ хурдан олж, хэмнэлээ тохируулан, шийдэмгий хурдлан тэргүүлж, аварга цолыг хүртлээ. Энэхүү алтан медаль нь энэ жилийн наадмын дугуйт тэшүүрийн дөрвөн төрөлд түүний аварга шалгаруулах тэмцээний цуглуулгыг бүрэн болгож, дөрвөн тэмцээнд дөрвөн ялалт байгуулжээ.
2018 онд 8 настайдаа Тамир анх удаа дугуйт тэшүүртэй танилцаж, энэ спортод дур бахтай болж билээ. 2023 онд 13 настайдаа тэрээр Өвөр Монголын Спортын XV наадамд анх удаа оролцож, үзэгчдийг шуугиулж, дугуйт тэшүүртэй бүх тэмцээний алтан медалийг хүртэж, анхны их дуулга тэмцээндээ түрүүлжээ.
“Бэлтгэл хийх бүрдээ тууштай байх ёстой гэж өөртөө сануулдаг” нь Тамир хүүгийн дугуйт тэшүүрийн Их Дуулгын цолоо амжилттай хамгаалж, домогт амжилтаа үргэлжлүүлсний үндсэн шалтгаан юм.
Тамирын домогт ялалтын ар талд гайхалтай түүх, үлгэртэй дасгалжуулагч багш Баатарын зориг зүтгэл, шаргуу хөдөлмөр байгааг ярихгүй байхын аргагүй.
2004 онд Баатар анх Бугат хотод ирж, манаачийн ажил хийжээ. Тэрээр хүүхдүүдийн тэшүүрээр хичээллэхийг хараад чөлөөт цагаараа тэшүүр сурсан төдийгүй дасгалжуулагчаар ажиллаж эхэлсэн. Ийнхүү тэрээр манаачаас дасгалжуулагч хүртэл эгэл хүний эгэлгүй зүтгэл, чармайлтаар түүх бүтээсэн хүн юм.
Эдүгээ Өвөр Монголын гуравдугаар зэрэглэлийн багийн дасгалжуулагчаар ажиллаж байгаа Баатар тэшүүр болон мөсөн гулгалтын заан сургалтын туршлагатай багш. Тэрээр шилдэг тамирчин хүмүүжүүлнэ гэх хүсэл мөрөөдлийнхөө замаар тэмүүлсээр.
Өнөө болоход 20 гаруй жилийн дасгалжуулагчийн түүхтэй болж, Тамир мэтийн шилдгийн шилдэг шавь хүмүүжүүлж яваа домогт дасгалжуулагч билээ.
Дасгалжуулагч аав, тамирчин хүү

8-р сарын 13-ны орой бид хэд Бугат хотын Олимпийн төвд спортын наадмын хөнгөн атлетикийн тэмцээнийг сонирхохоор хүрлээ. 110 метрийн саадтай гүйлтийн шагнал олгох самбар дээр мөнгөн медалийн эзэн
- “Азтай” гэх монгол нэр анхаарлыг татаж, утасны дугаарыг нь олоод залгахад “16-ны өглөө 400 метрийн саадтай гүйлтийн тэмцээн болно. Тэр үед ярилцлага өгье гэв.
Нэг метр 96 сантиметрийн өндөртэй Азтай талбайд олны дунд онцгойрч харагдаж байлаа. Аавыг нь Цэнхэр гэдэг. Нэг метр 92 сантиметрийн өндөртэй, сэтгүүлч, спортод амьтай нэгэн. Хүүгийнхээ анхны дасгалжуулагч нь юм. Тэрээр оюутан байхдаа Хятадын хэмжээний оюутны спортын наадамд оролцож, ганзага дүүрэн гялалзаж, мэргэжлийн тамирчин болох мөрөөдөлтэй болсон. Гай газар дороос гэгчээр нэг удаагийн тэмцээн дээр хөлдөө бэртэл аваад аргагүйн эрхэнд мэргэжлийн тамирчин болох мөрөөдлөө орхисон.
Тэрээр спортод аргагүй амьтай болохоор дасгал хийх нь ажил, амьдралынх нь ердийн зуршил болжээ. Азтай хүү ч багаасаа аавтайгаа адилхан спортод амьтай хүү байлаа. Яриангүй, аав нь хүүдээ спортын талаар дасгалжуулалт хийдэг ч мэргэжлийн чиглэлээр хөгжихийг харин санал болгоогүй. Харин хүү нь нэг өдөр аавдаа саадтай гүйлтийн спортоор мэргэжлийн түвшинд дасгал хийх санал тавив. Аав нь өөрийн үлгэр түүхээ ярьж, сайтар бодохыг зөвлөсөн.
2023 онд Азтай хүү аавдаа саадтай гүйлтийн спортоор хичээллэх шийдэмгий сонголт хийж, аав, хүү хоёр “гэр” тохирч, мэргэжлийн дасгалжуулалтаа эхлүүлсэн. Ийнхүү хоёр, гурван жилийн дотор Азатай Хятадын үндэсний хэмжээний тэмцээнд олон амжилт бүтээж билээ.
- Би энэ төрлийн спортод дур бахтай, аавын бүтээж чадаагүй зүйлийг бүтээж, олимпын тавцанд өрсөлдөнө гэж хэлэхэд царайд нь итгэл зориг дүүрэн харагдаж байв.
- “Хоёр үеийн мөрөөдлийн төлөө” гэхээр ачаалалтай санагдах уу гэхэд Азатай:
- Үгүй, үгүй, харин эсрэгээрээ надад урагшлах эрч хүч болдог гэж хэлэв.
Санаагаар болдоггүй хүний заяа гэж энэ дээ.
- Энэ өдөр биеийн байдал, уур амьсгалын байдлаас болж, өмнө нь Хэбэй мужид болсон улсын тэмцээнд үзүүлсэн амжилтад хүрч чадсангүй, харин Өвөр Монголын шинэ дээд амжилтыг бүтээсэндээ баяртай байна гэж өөрийгөө маш сайн мэдэрч, алдаа оноогоо ойлгож байгаа нь арван зургаа долоон настай хүүгийн хэлсэн үг гэхэд итгэмээргүй байлаа.
Дасгалжуулагч аав, тамирчин хүүгийн хүсэл мөрөөдөл биелэх болтугай.
