solongonews
Ши Жиньпин Египетийн Ерөнхийлөгч Абдель Фаттах Ас-Сиситэй хэлэлцээ хийв
2026-09-03 09:29
Ши Жиньпин дарга Египетийн Ерөнхийлөгч Абдель Фаттах Ас-Сиситэй хэлэлцээ хийв.

Орон нутгийн цагаар 9 дүгээр сарын 2-ны өглөө Египетийн Ерөнхийлөгч Абдель Фаттах Ас-Сиси БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй Каир хотын Нарны ордонд уулзаж, хэлэлцээ хийлээ.

Ши Жиньпин дарга:

- 1956 онд Египет Арабын болон Африкийн орнуудаас хамгийн түрүүнд БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосон. Өдгөө хоёр орны дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байгаа бөгөөд өнгөрсөн 70 жилд Хятад, Египетийн харилцаа эрх тэгш, харилцан итгэлцэх, найрсгаар бие биеэсээ туршлага сурах, бэрхшээлийг хамтдаа даван туулах, харилцан ашигтай хамтран ажиллах онцлогтой хөгжиж ирсэн юм.

Ши Жиньпин хоёр талын хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх таван чиглэлийг санал болгов. Үүнд:

Нэгдүгээрт. Харилцан дэмжлэгээ тууштай хадгалж, дээд түвшний харилцааны эрчийг үргэлжлүүлэн нэмэгдүүлэх, бүх салбар, бүх түвшний харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх.

Хоёрдугаарт. Харилцан ашигтай хамтын ажиллагааг ахиулж, хөгжлийн стратегиа уялдуулахын зэрэгцээ ногоон эрчим хүч, цахилгаан автомашин, сансар судлал, дижитал эдийн засаг, орчин үеийн хөдөө аж ахуйн технологи зэрэг шинэ салбарт хамтын ажиллагааны шинэ боломж бүрдүүлэх.

Гуравдугаарт. Соёл, боловсрол, шинжлэх ухаан, технологи, эрүүл мэнд, спорт зэрэг салбарын иргэдийн солилцоог өргөжүүлэх.

Дөрөвдүгээрт. Аюулгүй байдлын хамтын ажиллагааг бэхжүүлж, үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй хамтран тэмцэх, авлигатай тэмцэх олон улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх.

Тавдугаарт. Олон талт олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлж, НҮБ, БРИКС зэрэг олон талт платформ дахь зохицуулалт, хамтын ажиллагааг нягтруулах, Хятад-Арабын орнуудын хамтын ажиллагааны форум, Хятад-Африкийн хамтын ажиллагааны форумыг хамтран хөгжүүлэхийн зэрэгцээ нэг талт үзэл, дээрэлхэх үйлдлийг хамтран эсэргүүцэх.

Ерөнхийлөгч Ас-Сиси Ши Жиньпин даргыг хоёр орны дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн үеэр Египетэд түүхэн айлчлал хийж байгаад баярлаж байгаагаа илэрхийлэв. Египетийн тал худалдаа, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэл, дэд бүтэц, санхүү, шинжлэх ухаан, технологи, шинэ эрчим хүч зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, цэрэг, аюулгүй байдлын харилцаа, иргэдийн харилцан зорчих хөдөлгөөнийг нэмэгдүүлэн, хоёр орны ард түмэнд үр өгөөж хүртээж, бүс нутгийн хөгжил, цэцэглэлтийг дэмжихэд Хятадын талтай хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

Хоёр улсын төрийн тэргүүн Ойрх Дорнодын нөхцөл байдлын талаар мөн дэлгэрэнгүй санал солилцсон юм. Ши Жиньпин үүнд холбогдуулан дөрвөн санал дэвшүүллээ.

Нэгдүгээрт. Бүс нутгийн хамтын аюулгүй байдлын дотоод хүчин зүйлийг идэвхжүүлэх. Ойрхи Дорнодын ард түмэн өөрсдийн хувь заяаг өөрсдөө шийдэхийг дэмжиж, гаднын хүчний хөндлөнгийн оролцоог эсэргүүцэн, бүс нутгийн улс орнуудыг энх тайван, аюулгүй байдлын асуудлаар яриа хэлэлцээгээ бэхжүүлэхийг дэмжих.

Хоёрдугаарт. Бүс нутгийн хамтын аюулгүй байдлыг цогцоор нь хангах тогтолцоог боловсронгуй болгох.

Гуравдугаарт. Бүс нутгийн хамтын аюулгүй байдлын хөгжлийн суурийг бэхжүүлэх.

Дөрөвдүгээрт. Бүс нутгийн хамтын аюулгүй байдлыг хангахад олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэх.

Ерөнхийлөгч Ас-Сиси Ойрхи Дорнодын асуудлаарх Хятадын талын бодитой, шударга байр суурийг өндрөөр үнэлэв. Египетийн тал бүс нутгийн нөхцөл байдлыг намжааж, улс төрийн арга замаар зөрчил, маргааныг шийдвэрлэн, бүс нутгийн аюулгүй байдал, хөгжлийг хангахад хүчин чармайлт гаргаж буйгаа мэдэгдсэн байна.

Хэлэлцээний дараа хоёр тал “БНХАУ болон Арабын Египетийн Бүгд Найрамдах Улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг цаашид гүнзгийрүүлэх тухай хамтарсан мэдэгдэл” нийтэллээ.

Мөн дижитал эдийн засаг, шинжлэх ухаан, технологи, боловсрол, зам тээвэр зэрэг салбарын 20 гаруй хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурсан байна.


Редактор : Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл