
БНХАУ-ын дарга Ши Жиньпин Египет улсад төрийн айлчлал хийж буй энэ үеэр Хятадын Үндэсний киноны газар болон Египетийн Кино хорооны дэмжлэгтэйгээр, ХТРТ-ээс зохион байгуулсан “Торгоны замын гэрэл сүүдэр” Хятад улсын киноны Египет дэх үзүүлбэрийн арга хэмжээ орон нутгийн цагаар 9 дүгээр сарын 1-нд Каир хотод нээлтээ хийлээ. “Хурдлан давхих амьдрал 3”, “Цонхны цаана цэнхэр одод”, “Эмээд бичсэн захидал”, “Баавгайнуудын түүх: Жил бүр баавгайтай”, “Аз жаргалын галт тэрэг” зэрэг Хятад улсын шилдэг таван кино Каирын кино театруудад дэлгэцнээ гарч, Египетийн үзэгчдэд Хятад улсын кино урлагийн салбарын эрч хүчтэй хөгжил болон Хятадын соёлын дахин давтагдашгүй онцлогийг амьд дүрслэлээр хүргэлээ.

Энэхүү кино үзүүлбэр гурван өдрийн турш үргэлжилнэ. Дэлгэцнээ гаргах таван шилдэг бүтээл нь халуун тэмүүлэл, урам зориг, гэр бүлийн хайр сэтгэл, сансар судлал, хүүхэлдэйн уран зөгнөл, бодит амьдралын асуудлыг хөндсөн зэрэг олон төрлийн сэдвийг хамарч байна. Эдгээр бүтээлээр дамжуулан Египетийн үзэгчдэд Хятадын кино урлагийн эрч хүч, шинэ эрин үеийн Хятадын олон талт дүр төрхийг харуулж, Хятад-Египетийн хүмүүнлэгийн солилцоо болон соёл иргэншлийн харилцан суралцах үйл явцыг цаашид ахиулах зорилготой.
“Торгоны замын гэрэл сүүдэр” Хятад улсын киноны үзүүлбэрийн арга хэмжээ энэ оны 5 дугаар сард эхэлснээс хойш Өмнөд Африк, Кени, Киргиз зэрэг “Бүс ба Зам”-ыг хамтран бүтээн байгуулагч олон оронд хүрч ажиллаад байна. Энэ оны 6 дугаар сард болсон Шанхайн олон улсын киноны 28 дахь удаагийн наадмын үеэр ХТРТ “Нил мөрний гэрэл сүүдэр” Египетийн киноны долоо хоног арга хэмжээг зохион байгуулж, “Хөндий дэх тулаан”, “Каирын өртөө”, “Александрид дурласан нь” зэрэг Египетийн сонгодог кинонуудыг Хятадын үзэгчдэд толилуулсан юм. Египетийн кино Хятад улсын үзэгчдэд хүрэхээс эхлээд Хятадын кино Египетийн үзэгчдийн хүртээл болсон хүртэлх энэхүү “Уул, далайг давсан хоёр талын харилцан тэмүүлэл” нь Хятад-Египетийн соёл хүмүүнлэгийн солилцооны хэлбэр, агуулгыг улам баяжуулж, хоёр орны ард түмэн бие биеэ ойлгож, дотносох шинэ гүүрийг бий болгож байна.

