Нар хур тэгширсэн сайхан зуншлага боллоо. Саяхан орсон бороонд норсон тал угаагаад дэлгэсэн тэрлэг шиг өнгө жигдрэн үзэсгэлэнтэй харагдаж, цээж дүүртэл амьсгахад цэвэр чийглэг агаар сэтгэл сэргээнэ. Базарынх өнөөдөр шинэ шөл уухаар гаднаа сувай хонь уясан харагдана. Гэрт Базар хутгаа билүүдэх зуур гэргий Сэмжидтэй хөөрөлдөж завдав.
- Хүүхдүүд иртэл бас хоёр хоногтой гээд байхад өнөөдөр хонио барьчихдаг мөн ч давтиргүй хүн шүү чи гэж гэргий уцаарлан ярихад:
- Маргааш хонь өдөр гээд байгаа юм биш үү, залгаад дандаа улаан, улаагчин өдөр, яаж амьтны амь таслах юм? Тэгээд ч хадгалъя гэвэл хөргөгчтэй, хөлдөөе гэвэл хөлдөөгчтэй болсон энэ цагт мах муудахаас ямар айна уу даа гэж Базар өөрийгөө өмгөөлнө.
- Хөлдөөсөн мах яаж шинэ махны дайтай амттай байж чадах вэ? Одоо бид чинь амар хялбараа бодоод хамаг юмаа хөргөгч рүү чихдэг болж. Урьд нь зуны цагт шөл ууна гэдэг ямар хэцүү байдаг байлаа даа. Чи санаж байна уу? Махан дээрээ давс үрээд аргалын утаагаар утдаг байлаа. Нөгөөх дээр ялаа батгана суугаад, урьдын хүмүүсийн бие чийрэг байдагтаа л болдог байсан байх гэж Сэмжид хуучлан хөөрлөө.
- Саналгүй яах вэ. Бид чинь бүгд л тийм цагийг өнгөрөөсөн улс. Тэгээд бодохоор цаг төр ямар хурдан хөгжиж байна аа? Одоо чинь хүмүүс хөлдөөх аргыг голоод нойтон махыг шинэ соргогоор нь олон хоног хадгалдаг болоод байна гэнэ шүү. Тэр нь түгээмэлжээд өгвөл хоёр хоног бүү хэл, хүүхдүүд маань хоёр сарын дараа ирсэн ч өнөөдрийн гаргасан хонины махаараа шинэ шөл уулгах боломжтой болох нь гэж Базар ч дэмжлээ.
- Наад мэргэжил чинь дэргэд ирээд байна аа хөгшин минь, тэр ч байтугай үйлдвэр нь манай Шилийнголд нутагшаад 10 жил болж байна гэнэ шүү. Бодвол бид ч удахгүй ашгийг нь хүртэнэ биз.
Өвгөн эмгэн хоёрын яриа ортой үг байжээ. Нойтон махыг хөлдөөхгүй шинэ соргогоор нь олон хоног хадгалдаг “хөргөгч техник” гэгч нь махны бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн салбарт нэгэнт сонин зүйл биш болсон. Бэлчээрийн хонины нөөц баялагтай, шимт махны өлгий нутаг болсон Өвөр Монголын Шилийнгол аймагт энэхүү техник аль хэдийн нутагшаад буйн нэгэн жишээ бол “Да Жуан Юань” /Grand Farm/ буюу “Их эдлэн” махны үйлдвэрлэлийн групп юм.

Улаан идээний үйлдвэрлэлийн салбарт хөл тавиад 40 гаруй жил болж буй “Их эдлэн” группийн Шилийнгол аймаг дахь охин үйлдвэр нь 2014 оноос барилгын ажлаа эхлүүлж, 2016 оны 09-р сараас албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлсэн гэдэг.
Чанар сайтай махны бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд “гурван хүчин зүйл” шаарддаг гэнэ. “Сайн үүлдэр, сайн орчин, сайн техник”. Энэ бол “Их эдлэн”-гийн олон жилийн турш баримталсаар ирсэн “горим” нь аж. Тэр ч утгаараа Шилийнгол аймаг нь тус группийн охин компани байгуулах тэргүүн сонголт нь болжээ. Дэлхийн өндөр стандартын дагуу байгуулсан тус компанийн үйлдвэр нь “хөргөгч техник”-ийн дэвшилтэт технологийг орон нутагт нэвтрүүлэн, бэлчээрийн үүлдэр сайтай хонины махыг шинэ соргогоор нь зах зээлд нийлүүлж байдгаараа тус салбартаа “манлайлагч” аж ахуйн нэгж болоод байна.
- “Хөргөгч техник”-ээр хадгалсан махыг хөлдөөсөн махтай харьцуулахад үнэр амт, шим тэжээл, махны чанарын хувьд маш их ялгаатай. Махыг хөлдөөх явцад махны эд эсэд мөсөн талст үүсэж, махны шүүс, шим тэжээл зэргийг тодорхой хэмжээгээр алдагдуулдаг. Харин хөргөх технологиор махны сүүн хүчлийг задалж, хонины махны органик амт, шим тэжээлийг бүрэн хадгалах боломжтой. Манай компани энэ техникийн ачаар малын махны ердийн бүтээгдэхүүнийг 15 хоног, тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүнийг 45 хоног хадгалагдах боломжтой болгож, жил тутамд дунджаар 2000 тонн бүтэгдэхүүн зах зээлд нийлүүлж байна даа гэж тус компанийн ерөнхий менежер Лю Фүже тайлбарлан ярилаа.

Шилийнголын тал хээрийн өргөн уудам бэлчээр, байгалийн эко орчин нь чанар сайтай хонины нөөцийг бүрдүүлдэг бол энэ нь тус үйлдвэрийн гол давуу тал юм. Гэхдээ зөвхөн нөөцдөө түшиглээд хол явахгүй гэдгийг сайн ухамсарласан тус компани нь техник технологио сайжруулахын зэрэгцээ хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн “Гуяны мах, хааны мах, хавирганы мах, нурууны мах” гэх мэтчилэн малын биеийн хэсгээр нарийлаг төрөлжүүлсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болсон аж. Үүнийхээ ачаар бүтээгдэхүүнүүд нь одоогоор Хятадын зүүн хойд бүс нутаг болон Бээжин, Шанхай, Гуанжөү, Шэньжэнь зэрэг том хотуудад зах зээлтэй болсон төдийгүй гаднын 10 гаруй оронд экспортлогдох болжээ.
Хийж бүтээж яваа хүнд хариуцлага заавал оногддог. Компани нь нийгмийн хариуцлагаа ухамсарлан, малчидтай хамтын ажиллагааны гэрээ байгуулж, малчдын орлогыг нэмэгдүүлээд зогсохгүй орон нутгийн мал аж ахуйг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж байгааг мөн онцлон сайшаах учиртай.
