solongonews
Ши Жиньпин, Пэн Лиюань нар Египетийн Ерөнхийлөгч Абдель Фаттах Ас-Сиси болон түүний гэргийн хамт Египетийн Үндэсний Музейд зочиллоо
2026-09-03 15:38
Ши Жиньпин, Пэн Лиюань нар Египетийн Ерөнхийлөгч Абдель Фаттах Ас-Сиси болон түүний гэргийн хамт Египетийн Үндэсний Музейд зочиллоо

Орон нутгийн цагаар 9-р сарын 2-ны үдээс хойш  БНХАУ-ын дарга Ши Жиньпин болон түүний гэргий Пэн Лиюань нар Египетийн Ерөнхийлөгч Абдель Фаттах Ас-Сиси болон түүний гэргий Энтиссар Амер нарын хамт Египетийн Үндэсний Музейд зочиллоо.

Ши  Жиньпин, Пэн Лиюань нарыг музейд хүрэлцэн ирэхэд Абдель Фаттах Ас-Сиси болон түүний гэргий халуун дотноор угтан авав. Хоёр улсын төрийн тэргүүн болон гэргий нар үзэсгэлэнгийн танхимд хамтдаа орж, Рамзес II-ын хөшөөний өмнө зураг авахуулан, музей болон эртний Египетийн түүхийн талаар танилцуулга сонслоо. Тэд урсдаг шатаар өгсөж, сүрлэг сайхан чулуун сийлбэр, хөшөө дурсгал, бичээстэй чулуун багана, сүмийн оройн хэсгүүдийг сонирхон үзэж, ажиглалтын тавцангаас пирамидын цогцолборыг алсаас тольдон харлаа. Дараа нь хоёр улсын төрийн тэргүүн Тутанхамоны үзэсгэлэнгийн танхимд орж, фараоны сэнтий, алтан баг, хааны тэрэг зэрэг музейн үнэт үзмэрүүдийг сонирхон үзэв.

Ши Жиньпин  дарга:

- Хятад, Египет хоёр эртний соёл иргэншилтэй, дэлхийн өвөөр баялаг орнууд болно. Хоёр улсын эртний соёл иргэншил цаг хугацаа, орон зайг туулан харилцан тэмүүлж, бие биеэ баяжуулан, хоёр орны ард түмний үе үеийн найрамдлын шинэ хуудсыг тасралтгүй бичиж ирсэн юм. Хоёр тал эрх тэгш байдал, харилцан суралцах, яриа хэлэлцээ, хүртээмжтэй байдлыг эрхэмлэсэн соёл иргэншлийн үзлийг түгээн дэлгэрүүлж, Дэлхийн соёл иргэншлийн санаачлагыг хэрэгжүүлэн, өөр өөр соёл иргэншил хүртээмжтэйгээр зэрэгцэн оршиж, харилцан солилцож, суралцахыг хамтдаа дэмжих хэрэгтэй. Ингэснээр хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдлийг байгуулахад соёл иргэншлийн хүчийг нэгтгэх юм гэж хэлэв.

Дарга Ши Жиньпин өнгөрсөн жил Египетийн Үндэсний Музейг нээх үеэр баяр хүргэн захидал илгээсэнд Абдель Фаттах Ас-Сиси Ерөнхийлөгч талархал илэрхийллээ. Тэрээр эртний Египетийн соёл иргэншил болон Хятадын соёл иргэншилд нийтлэг байдаг “Олон янз байдлыг хүлээн зөвшөөрч, багтаамжтай нээлттэй байх, олон талт байдлаар зэрэгцэн орших” онцлог нь Ши Жиньпин даргын дэвшүүлсэн Дэлхийн соёл иргэншлийн санаачлагын үзэл баримтлалтай өндөр түвшинд нийцэж байгааг онцоллоо. Египетийн тал Хятадын талтай хүмүүнлэгийн харилцаа, солилцоог нягт хөгжүүлж, соёл иргэншлүүдийн харилцан суралцахыг дэмжин, дэлхий ертөнцийг илүү эв найрамдалтай, хүртээмжтэй болгоход хувь нэмрээ оруулахад бэлэн байна гэж хэллээ.


Редактор : Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл