“Ойр зуурын юм авах гэж гудамжаар дэлгүүр хайгаад олоогүй хэрнээ хоёр алхам тутамд нэг цагаан идээний дэлгүүр олж харсан” гэж Хөвөөт Шар хошуунд анх удаагаа очсон нэгэн гайхсан гэдэг.
Хөвөөт Шар хошууны цагаан идээ “сайхан” байдгийг би анхнаасаа мэднэ. Манай нутагт дээхэн үед Сарантуяа гэдэг Хөвөөт Шар нутагтай бүсгүй бэр болж очиж билээ. Нүүр дүүрэн халтар нөсөө сэвхнээс нь өөр хүний нүдэнд торохоор юмгүй жижигхэн туранхай биетэй даруухан эгч гэрт нь айлчилж хүрсэн хүмүүст гарынхаа цагаан идээгээр бэлэг барьдаг байв. “Үйрүүлэхгүй, хугалахгүй яаж хэрчив” гэхээр тэвнийн чинээхэн нарийн ширхэгтэй сүүн хурууд нь тухайн үед дөрвөлжин ааруул, түүхий сүүний бяслаг хийхээс цаашгүй байсан манай нутгийнхныг гайхшируулж орхив. Сүүлдээ Сарантуяа эгчийн сайхан амттай, сайхан үнэртэй, сайхан өнгөтэй “сайхан” цагаан идээнд хорхойшсон хүмүүс шалтагтай, шалтаггүй тэднийхийг зорих нь олширч, нөгөө л нөсөө толботой нүүр царай нарны цацрагаас ч гэгээтэй сайхан харагддаг болсон гэхэд өчүүхэн ч хэтрэхгүй ээ. Хөвөөт Шарын цагаан идээний гайхалтай уламжлал тийнхүү миний ой тойнд анх орж байсан түүхтэй.
Өнгөрсөн зун сэтгүүлч биднийг Хөвөөт Шар хошууны төв Шинэбулаг суурингийн Цагаан идээ боловсруулах үйлдвэрлэлийн паркт хүрэхэд саальчид 300 литрийн том тогоонд хурууд нухахаар бэлдэж байлаа.
Манзан тогоонд мах чанахыг харж байснаас харин хурууд нухахыг сая л харлаа. Тэгээд зогсохгүй том тогоо нь өөрөө нухууртай. Хөнөг хөнөгөөр дүүрэн исгэсэн ээдсэн сүүн дээрээс зөөхийг нь хамж аваад үлдсэн сүүнүүдийг том тогоондоо хийгээд цахилгаанаар халаана. Шар ус нь ялгарч гарч эхлэхэд тогоогоо хэлтгийдүүлэн, шар усыг нь юүлэн авч үлдсэн хуруудыг тогооны нухуур автоматаар нухаж эхэлнэ.

Уламжлалт цагаан идээ боловсруулах арга технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэн, хөдөлмөр хүч чөлөөлөхөөр автоматчилсан тоног төхөөрөм ашиглах болсон явдал нь Хөвөөт Шар хошууны цагаан идээ, сүүн бүтээгдэхүүний салбарын хөгжлийг урагш ахиулсан чухал хүчин зүйл болсон гэж ойлгоход илүүдэхгүй.
Хөвөөт Шар хошуу нь “Цахар цагаан идээ”-ний уламжлалт соёл үүсэж хөгжсөн чухал бүс нутгийн нэг гэгддэг бол түүхнээсээ “Ордны цагаан идээ” хэмээх сайхан алдартай цахар цагаан идээ нь мөн Шилийнгол аймгийн “Амтат найман зоог”-ийн нэгд тооцогддог аж.
- Манай Хөвөөт Шар хошуу нь 2019 оноос хойш 54 сая гаруй юанийн хөрөнгө оруулалт хийж, Цагаан идээ боловсруулах үйлдвэрлэлийн парк байгуулан, жижиг дунд хэлбэрийн саалийн үнээ маллах бааз, цагаан идээ боловсруулах гар үйлдвэрлэлийн цехүүдийг шинэчлэн сайжруулснаар өдгөө стандарт хангасан бичиг баримт бүхий цагаан идээ боловсруулах жижиг цех нийт 129, SC гэрчилгээ бүхий аж ахуйн нэгж 3 болж хөгжсөн. Энэ дундаас нийт 25 үйлдвэрийн цех нь “Шилийнголын цагаан идээ” хэмээх Шилийнгол аймгийн хэмжээний олон нийтийн брэндэд нэгдэх эрхийг аваад байна гэж Хөвөөт Шар хошууны Хөдөө аж ахуй, усан ашиглалт, Шинжлэх ухаан технологийн товчооны орлогч дарга Хишигдүүрэн тайлбарлан ярилаа.
Хүнсний аюулгүй байдал бол хүний эрүүл мэндийн үндсэн баталгаа юм. Хөвөөт Шар хошуу нь малчдын цагаан идээ боловсруулан зах зээлд нийлүүлэхийг дэмжихийн зэрэгцээ шошго, стандарт, савлагаа, маркетинг зэргийг нэгтгэсэн “Дөрвийг нэгтгэх” бодлого, саалийн үнээ маллах, бүтээгдэхүүн боловсруулах, зах зээлийн борлуулалт, брэндийн хөгжүүлэлт, соёлын аялал жуулчлал зэргийг хамарсан “Тавыг нэгтгэн удирдах” менежмэнт, гар үйлдвэрийн цехүүд холбоолох, толгойлох аж ахуйн нэгжээр удирдуулах зэрэг “Хоёр загвар”-аар сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлээ хөгжүүлж байна. Улмаар “Цагаан идээний нутаг” хэмээх олон нийтийн брэндийн шошго бүхий дэлгүүрүүд Шинэбулаг суурингийн гудамжийг чимэн ярайх болсон ажээ.

Хөвөөт Шар хошууны “Цагаан идээний нутаг” брэндийн гишүүн болох “Номинтал” цагаан идээний дэлгүүрийн захирал Буян-Өлзий ярихдаа:
- Манай дэлгүүр нь 2004 оноос эхлэн цагаа идээ боловсруулж, зах зээлд нийлүүлж эхэлсэн. Уламжлалт цагаан идээний суурин дээр шинэ бүтээгдэхүүн нэмээд нийт 20 гаруй төрлийн бүтээгдэхүүн гаргаж байна. Бүтээгдэхүүнийхээ 50-60 хувийг бүс нутгийн хэмжээнд борлуулдаг бол үлдсэн хувийг цахимаар борлуулдаг. Хамгийн холдоо Гуандүн, Юньнань, Хайнань зэрэг мужид илгээж байна гэлээ.

Хөвөөт Шар хошуу нь одоогоор 5000 гаруй толгой Холстейн үүлдрийн саалийн үнээ, 21 мянган толгой симментал үхэр маллаж байгаа ба хошууны хэмжээнд нийт 200 өрх нь саалийн үнээ дагнаж малладаг аж. 2025 оны байдлаар 63 мянган тонн сүүнээс нийт 4100 гаруй тонн цагаан идээ боловсруулсан байлаа.
“Дэлгэж барьсан хадагны зол баярыг хуваалцах
Дээдэс өвгөд багачуудыг эрүүл хүчээр тэтгэх
Амны хишиг бэлгэдсэн ариун цагаан сүү
Ард олны бишрэл хүндэтгэлийн дээж нь билээ”.
