2026 оны Дэлхийн үйлчилгээний худалдааны дээд хэмжээний уулзалт 09-р сарын 09-ны өдөр Бээжин хотноо болж, ХКН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны Байнгын хорооны гишүүн, Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Дин Шюэшян оролцож, үг хэлсэн байна.
Дин ШюэШян хэлэхдээ “ Үйлчилгээний худалдаа нь олон улсын худалдааны чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд дэлхийн эдийн засгийн өсөлт, аж үйлдвэрийн өөрчлөлт шинэчлэлийг дэмжихэд гүйцэтгэх үүрэг нь улам бүр нэмэгдэж байна. БНХАУ-ын дарга Ши Жиньпин дэлхийн үйлчилгээний худалдааны дээд хэмжээний уулзалтад олон удаа чухал видео илтгэл тавьж, Олон улсын үйлчилгээний худалдааны үзэсгэлэнд баярын захидал илгээж, үйлчилгээний салбарын нээлттэй хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх бодит арга хэмжээнүүдийг зарлаж ирсэн. Энэ нь Хятад улс өндөр түвшний гадаад нээлттэй байдлыг өргөжүүлэх тууштай шийдвэр, дэлхийн үйлчилгээний салбар болон үйлчилгээний худалдааны хөгжлийг дэмжихэд чухал ач холбогдолтой ажээ” гэв.

Мөн тэрээр “ Хятад улс үйлчилгээний худалдааны хөгжлийг дэмжиж, үйлчилгээний салбарын нээлттэй байдлыг улам өргөжүүлэн гүнзгийрүүлж байна. Үүний зэрэгцээ үйлчилгээний худалдааны цар хүрээ тасралтгүй тэлж, бүтэц нь улам боловсронгуй болж, дэлхийн улс орнууд болон аж ахуйн нэгжүүдэд улам олон шинэ боломжийг бий болгож байна. Өнөөгийн олон улсын эдийн засаг, худалдааны бүтэц хурдацтай шинэчлэгдэн өөрчлөгдөж байна. Үйлчилгээний худалдааг эрчимтэй хөгжүүлж, үйлчилгээний салбарын нээлттэй байдал, хамтын ажиллагааг урагшлуулах нь зөвхөн Хятадын сонголт төдийгүй дэлхий нийтийн хэрэгцээ юм.
Тэрээр доорох гурван саналыг дэвшүүлэв.
Нэгдүгээрт, үйлчилгээний салбарыг чанартай хөгжүүлж, үйлчилгээний худалдааг шинэ түвшинд гаргах ёстой. Үйлчилгээний салбарын чанар, үр ашиг, инновацын чадавхыг дээшлүүлж, үйлчилгээний салбар болон үйлчилгээний худалдааг харилцан дэмжин хөгжүүлэх замаар улс орнуудын эдийн засаг, нийгмийн хөгжлийг илүү сайн дэмжих хэрэгтэй.
Хоёрдугаарт, хүртээмжтэй, хамтын хөгжлөөр үйлчилгээний худалдааны хөгжлийн шинэ орон зайг өргөжүүлэх ёстой. Нээлттэй байдлыг чухалд үзэн, үйлдвэрлэлийн хүчин зүйлсийн хил дамнасан урсгалд тулгарч буй саад бэрхшээлийг бууруулан, үйлчилгээний худалдааг либералчлах, хөнгөвчлөх түвшнийг тасралтгүй дээшлүүлэх хэрэгтэй.

Гуравдугаарт, дижитал технологи болон хиймэл оюун ухааныг ашиглан үйлчилгээний худалдааны хөгжлийн шинэ хөдөлгөгч хүчнийг бий болгох ёстой. Хиймэл оюун ухаан зэрэг дижитал, ухаалаг технологийг үйлчилгээний салбарт нэвтрүүлэн, ашиглахыг урагшлуулж, дижитал дэд бүтцийн харилцан уялдаа, холбоог ахиулах замаар үйлчилгээний худалдааны хөгжилд хүч нэмэх хэрэгтэй.
Уг Дээд хэмжээний чуулга уулзалт өндөрлөсний дараа Дин Шюэшян Үйлчилгээний худалдааны үзэсгэлэнгийн танхимуудаар зочлон, оролцогч байгууллагуудын төлөөлөгчидтэй уулзаж, санал бодлоо солилцов.
