Жянсү мужийн төлөөлөгчид Хятадын Олон улсын Үйлчилгээний худалдааны 2026 оны үзэсгэлэн (CIFTIS)-д чансаатай үйлчилгээний худалдааны аж ахуйн нэгж, байгууллагуудыг танилцуулсан юм. Уг үзэсгэлэнгийн бүс нь хиймэл оюун ухаанд суурилсан үйлчилгээний худалдаа болон үйлчилгээний худалдаа, үйлчилгээний хэрэглээний нэгдсэн хөгжил гэсэн хоёр үндсэн хэсгээс бүрдсэн байна. Салбартаа тэргүүлэгч төрөл бүрийн ухаалаг роботууд өөрсдийн чадавхийг газар дээр нь үзүүлж, олон тооны үзэгчдийн анхаарлыг татсан юм.

Үүнд ширээн дээрэх дөрвөн хөлт робот, зүүж хэрэглэх боломжтой орчуулагч төхөөрөмж зэрэг нь Жянсү мужийн “ухаалаг үйлдвэрлэл”-ийн салбарын шинэлэг бүтээгдэхүүнүүд олны анхаарлыг илүү татаж байгаа.

Та ширээн дээрэх хөнгөн шаламгай гүйж, үсэрч чадах роботыг харж байсан уу? Хятадын Олон улсын Үйлчилгээний худалдааны 2026 оны үзэсгэлэнгийн Жянсү мужийн үзэсгэлэнгийн бүсэд байрлах Лү-Ү Ухаалаг Технологийн ХК-ийн лангууны өмнө алганы хэмжээтэй, харилцан үйлдэл үзүүлдэг дөрвөн хөлт роботууд хөгжилтэйгөөр хөдөлж үзэгчдийг баясгаж байна. Уг компанийн бүтээгдэхүүн хариуцсан захирал Ли Шынянь дөрвөн хөлт робот өнөө үед түгээмэл болсон ч ийм жижиг хэмжээтэй загварт шингэсэн уян хатан хөдөлгөөн, нарийн удирдлагыг бий болгох нь техникийн хувьд жинхэнэ сорилт юм гэж тайлбарлав. Тэрээр эдгээр ширээн дээрэх роботууд нь “бататгах сургалт” (reinforcement learning)-ын аргыг ашиглан янз бүрийн байрлалыг бие даан эзэмшдэг бөгөөд энэ чадвар нь тус компанийн өөрсдийн бүтээсэн бичил серво моторын ачаар боломжтой болсныг онцоллоо. 2020 онд Харбины Технологийн Их Сургуулийн гол лабораториас үүсэлтэй энэхүү залуу компани нь Хятадын 400 гаруй сургууль, цэцэрлэгт бүтээгдэхүүнээ нийлүүлээд зогсохгүй гадаадын зах зээлд ч байр сууриа эзлээд байна.
Ли Шынянь:
- Өнгөрсөн зун гэхэд бид 10 мянга гаруй ширхэг бүтээгдэхүүн борлуулсан мөртөө Сычуань мужийн нэгэн үйлчлүүлэгч уг төхөөрөмжийг аялал жуулчлалын бүсэд хиймэл оюун ухаантай хөтөч болгон ашиглахаар өөрчлөн тохируулсан тохиолдол ч бий. Тус компани өдгөө дотоодын их сургуулиудтай хамтран орон нутгийн нөхцөл байдалд илүү нийцсэн “биет оюун ухаан” (embodied intelligence)-ы сургалтын хөтөлбөрийг боловсруулж байгаа мөртөө шинжлэх ухааны судалгааны үр дүнг боловсролын хүртээмжтэй бүтээгдэхүүн болгон хувиргахыг зорьж байна.

Үзэсгэлэнгийн Жянсү мужийн танилцуулгын хэсгийн нөгөө талд байрлах “Зымао Ухаалаг Технологи” компанийн лангууны өмнө ч мөн зочдын хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Олон хүн ухаалаг утсанд холбогддог, алганы хэмжээтэй орчуулагч төхөөрөмжийг туршиж, дэлгэцэн дээр орчуулга шууд гарч ирэхийг сонирхож байлаа.
Наньжин Зымао Ухаалаг Технологи ХК-ийн Ерөнхий менежер Зүө Жяжя:
- Энэ бол бидний бүтээсэн зүүж хэрэглэх боломжтой орчуулагч төхөөрөмж юм. Үүнийг гар утасны зүүлт эсвэл бугуйвч зэрэг гоёлын хэрэгсэл болгон ч ашиглаж болно. Тус төхөөрөмж нь дуу чимээг үр дүнтэй тусгаарлах зорилгоор DNN (Гүн мэдрэлийн сүлжээ)-д суурилсан дуу хоолой ялгах технологийг ашигладаг мөртөө дэлхий дахинд түгээмэл хэрэглэгддэг хэлнүүдийн 99.9 хувийг дэмждэг байна. Уламжлалт орчуулагч төхөөрөмжүүд хэт нүсэр, эв хавгүй санагддаг бол энэхүү зүүж хэрэглэх орчуулагч нь хүмүүсийн өдөр тутмын амьдрал болон аяллын хэв маягт төгс зохицдог онцлогтой юм.
