
Улам бүр тэлэн өргөжиж байгаа хамтын ажиллагааны тавцан
Хятад, Монгол хоёр орон бол уул усаараа хаяа нийлсэн харилцан итгэж түшиглэж болох сайн хөрш, сайн түншүүд юм.
“Хятад, Монголын урт хугацааны тогтвортой, сайн хөршийн найрсаг хамтын ажиллагааны харилцааг хадгалах нь хоёр орны ард түмний үндсэн ашиг сонирхолд нийцнэ” хэмээн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга Ши Жиньпин онцлон тэмдэглэсэн байдаг.
“Сайн хөршийн харилцаа гэдэг нь зөвхөн газар зүйн ойролцоо байршлыг хэлж байгаа бус, харин харилцан ойлголцол, итгэлцэл, хүндэтгэл, хамтын ажиллагаанд тулгуурладаг. Энэ бүхнийг бэхжүүлэхэд бидний сэтгүүлчид болон хэвлэл мэдээллийнхний оруулах хувь нэмэр онцгой чухал.”
Хятад, Монголын хэвлэл мэдээллийн XVI формын нээлтийн ёслол 2026 оны 9-р сарын 8-ны үдээс өмнө Өвөр Монголын Өөртөө Засах Орны төв Хөххотд боллоо.Нээлтийн ёслолын үеэр Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн ерөнхийлөгч Л.Нинжжамцын хэлсэн үг нь хоёр орны сэтгүүлчид болон хэвлэл мэдээллийн салбарынхны үүрэг хариуцлага нь чухам юу вэ гэдэг талаар хуралд оролцсон хүмүүст гүнзгий сэтгэгдэл үлдээсэн билээ.
Хятад, Монголын хэвлэл мэдээллийн форум 2010 онд анх зохион байгуулагдснаасаа хойш уламжлал ёсоор жил болгон хоёр оронд ээлжлэн зохиогдсоор ирсэн бөгөөд энэ онд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын ӨМӨЗО-ны Хөххотод болж өндөрлөлөө. “Хэвлэл мэдээллийн үүрэг хариуцлага: Хоёр орны ард иргэдийн ойлголцлыг нэмэгдүүлж найрсаг хэлхээ холбоог бэхжүүлэх” уриан дор болсон энэ оны форумыг Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбоо болон Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл санаачилж, Өвөр Монголын Өөртөө Засах Орны Ардын Засгийн Газрын Хэвлэл мэдээллийн алба зохион байгуулсан байна. Форумд хоёр орны хэвлэл мэдээллийн салбарын 120 гаруй зочин морилон саатаж, 14 төлөөлөгч үндсэн илтгэл тавилаа.
- Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбоо урт хугацааны турш олон түвшний олон улсын хэвлэл мэдээллийн харилцааны сүлжээ байгуулахад тууштай хүчин чармайлт гаргаж ирсэн түүхтэй. "Бүс ба Зам"-ын сэтгүүлчдийн байгууллагуудын хамтын ажиллагааны платформд тулгуурлан дэлхийн 100 гаруй сэтгүүлчдийн байгууллага, нэг сая гаруй сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтантай өргөн хүүрээнд харилцаж, форум, семинар, хамтарсан сурвалжлага, харилцан айлчлал, мэргэжлийн сургалт зэрэг олон төрлийн арга хэмжээг тогтмол зохион байгуулж, улс орнуудын хэвлэл мэдээллийн байгууллагуудад эрх тэгш харилцан яриа өрнүүлэх, ажил хэрэгч хамтын ажиллагаа хэрэгжүүлэх урт хугацааны механиизмыг бүрдүүлсэн юм. Үүний зэрэгцээ бид "Олон улсын сэтгүүлчдийн гэр бүл" байгуулах ажлыг тууштай дэмжиж, хэвлэл мэдээллийн элч, хэвлэл мэдээллийн дугуй ширээний уулзалт, гадаад дахь хамтарсан сурвалжлага, сайн дурын ажилтны хөтөлбөр зэрэг онцлог төслүүдийг хэрэгжүүлэн, дэлхийн хэвлэл мэдээллийн салбарын ажилтнуудад зориулсан харилцаа, үйлчилгээний платформыг байгуулж байна. Ингэснээр улс орнуудын сэтгүүлчид хил дамнасан сурвалжлага, судалгаа хийх, мэдээлэл солилцох, туршлага хуваалцах таатай орчныг бүрдүүлж байна. Хятад, Монгол хоёр орны хэвлэл мэдээллийн хамтын ажиллагаа нь тус хоёр том платформын бүтээн байгуулалтын чухал бүрэлдүүн хэсэг юм гэж Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны дарга Цүй шышинь нээлтийн ёслол дээр онцлон ярилаа.
Жил бүр зохион байгуулагдаж байгаа Хятад, Монголын хэвлэл мэдээллийн форум нь хоёр орны хэвлэл мэдээллийн байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагаа улам бүр тэлэн өргөжих тавцан болж байгаа бөгөөд энэхүү хамтын ажиллагааны эгнээнд сүүлийн үед маш олон хэвлэл мэдээллийн байгууллага шинээр нэгдэж буй нь баярлууштай явдал юм.

Хэвлэл мэдээллийн салбарынхны хариуцлага юу вэ
“Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь мэдээлэл түгээх гол хүч, соёл иргэншлийн харилцан ойлголцлыг холбох гүүр болсны хувьд цаг үеийн өөрчлөлтийг үнэн зөв тэмдэглэн үлдээх, бодитой үнэн зөв дуу хоолойг хүргэх, танин мэдэхүйн зөрүүг арилгах, нэгдсэн ойлголтод хүргэх чухал үүргийг хүүлээж байдаг гэж Цүй Шышинь хоёр орны хэвлэл мэдээллийн үүрэг хариуцлагын тухай ярьсан юм. Харин:
- Өнөөдөр хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа улс төр, эдийн засаг, худалдаа, боловсрол, соёл болон бусад олон салбарт өргөжин хөгжиж байна. Энэхүү баялаг, олон талт хамтын ажиллагааг улам бэхжүүлэх, хоёр ард түмний харилцан ойлголцол, итгэлцлийг зузааруулахад хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн үүрэг оролцоо онцгой чухал юм гэж үзэж байна. Учир нь хэвлэл мэдээлэл бол зөвхөн үйл явдлыг мэдээлдэг хэрэгсэл биш.. Энэ бол хүмүүсийг ойлголцолд хүргэж, харилцан итгэлцлийг бэхжүүлэн, хамтран хөгжих боломжийг нээдэг гүүр юм гэж Л.Нинжжамц ярьсан нь хэвлэл мэдээллийн хэрэгслийн үүрэг хариуцлагын тал дээр хоёр орны хүмүүсийн үзэл бодол ойлголт нэгдмэл байгааг харуулсан юм.
Өнөөдөр дэлхий дахинд сүүлийн зуун жилд тохиогоогүй өөрчлөлт хурдтай өрнөж, олон улсын хамтын нийгэмлэг тогтворгүй байдал, өөрчлөлтийн шинэ үед шилжиж байна. Геополитикийн мөргөлдөөн ойр ойрхон гарч, ганц талт үзэл, ивээх үзэл дахин сэргэж, дэлхийн аж үйлдвэрийн болон нийлүүлэлтийн сүлжээ гүнзгий өөрчлөгдөн, уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүчний аюулгүй байдал, эдийн засгийн сэргэлтийн сул дорой байдал зэрэг дэлхий нийтийн олон сорилт харилцан огтлолцож байна. Олон улсын олон нийтийн хэвлэл мэдээллийн өрсөлдөөн улам ширүүсэж, худал мэдээлэл замбараагүй цацагдаж буйн зэрэгцээ, үзэл ойлголтод нөлөөлөх далд урсгал идэвхжиж, мэдээллийн саад тотгор болон танин мэдэхийн зөрүү улам тодорхой болж байна.
Зүүн хойд Азийн геополитикийн чухал бүсэд оршдог Хятад, Монгол хоёр орон хоёулаа хөгжиж байгаа орон бөгөөд гадаад орчны өөрчлөлтөөс үүдэх хөгжлийн дарамтыг даван туулахын зэрэгцээ стратегийн уялдаа холбоо, бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх ховор боломжуудтай нүүрлэж байна. Ээдрээтэй, донсолгоотой олон улсын нөхцөл байдал нь хоёр орны эрсдэлийг даван туулах, тогтвортой хөгжих чадварт сорилт учруулж буй төдийгүй, найрсаг хөгжлийн харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааны цаг үеийн үнэ цэнийг тодорхойлж байна.
Хиймэл оюун ухаан, дижитал технологи дэлхийн мэдээллийн орчныг үндсээр нь өөрчилж байна. Өнөөгийн дэлхий ертөнцөд мэдээлэл асар их, олон талтай, ээдрээтэй болж байна.
Монгол Хятад төдийгүй, дэлхий дахинд цөлжилт, газрын доройтол, усны хомсдол, хүүлэмжийн хийн ялгарлыг бууруулах асуудал тулгамдаж байна.
Иймэрхүү нөхцөл байдалд хоёр орны ард иргэдийн хоорондын харилцаа, солилцооны сувгийг нээлттэй байлгаж, хоёр орны хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид үүрэг хариуцлагаа илүү ухамсарлан идэвх санаачилгатай ажиллаж, зөвхөн мэдээлэл солилцох төдий биш, харин шинэ чиглэлүүдэд хамтран ажиллах шаардлагатай байна.

Хамтын ажиллагааг зөвхөн тоо баримтаар илэрхийлэх нь хангалтгүй
Энэ жил бол Хятад улсын “15-р таван жил”-ийн төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх эхний жил. Хятадын хөгжил дэлхий дахиныг тасралтгүй шинэ боломжуудаар хангаж байна. Хятад улсын “Бүс ба Зам” санаачилга болон Монгол Улсын “Талын зам” хөгжлийн стратегийн уялдаа холбоо ч мөн тасралтгүй сайжирсаар байна. Олон улсын байгууллагуудын тооцооллоор Хятадын эдийн засаг 1 хувиар өсөхөд Монгол Улсын экспортын хэмжээ 4 хувиар нэмэгдэж, эдийн засгийн өсөлт 0.6 хувиар нэмэгдэж байна гэж мэдэгдлээ. Энэ нь хоёр орны эдийн засгийн харилцан нөхөх чанар өндөр, харилцаа нягт буйг бүрэн харуулж байгаа юм.
2025 онд ӨМӨЗО-ны Монгол Улстай хийсэн импорт, экспортын нийт худалдаа 80.72 тэрбум юаньд хүрч, Бүгд Найрамдах Хятад Ард Улс болон Монгол Улсын нийт худалдааны 64.2 хувийг эзэлжээ. Энэ оны 4-р сард Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлөөс Хятадын Өвөр Монголын чөлөөт худалдааны бүс байгуулахыг албан ёсоор батлан зөвшөөрсөнтэй холбоотой.
“Өнөөдөр Монгол, Хятадын хамтын ажиллагаа эдийн засаг, худалдаа, боловсрол, шинжлэх ухаан, соёл зэрэг нийгэм, иргэдийн амьжиргааны олон салбарт өргөжин тэлж байна. Гэхдээ энэхүү хамтын ажиллагааг хэвлэл мэдээллийхэн зөвхөн тоо баримт, статистикаар илэрхийлэх нь хангалтгүй. Бид бодит ажил хэрэг, бодит хүмүүсийн түүх, хамтын амжилтыг харуулсан контент бүтээх хэрэгтэй. Хоёр улсын хил дамнасан бизнес эрхлэх, хамтран зохион байгуулж буй залуусын уулзалт, хамтарсан судалгаа хийж буй их сургуулиуд, эрдэмтэн судлаачид, хоёр орны соёлыг түгээн дэлгэрүүлж буй уран бүтээлчид, мэдлэг боловсрол эзэмшиж буй оюутан залуус бол Монгол, Хятадын хамтын ажиллагааны бодит илэрхийлэл төдийгүй, ирээдүйн хөгжлийн гол хөдөлгөгч хүч мөн. Тийм учраас тэдний түүх, туршлага, хамтын ажиллагааны үр дүнг олон нийтэд хүргэх нь хоёр орны харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулах болно гэж Л.Нинжжамц ярьсан бөгөөд "Бодит мэдээлэл нь ойлголцлын үндэс, ойлголцол нь итгэлцлийн үндэс юм” гэж онцоллоо.
Энэ талаар хоёр орны хэвлэл мэдээллийн төлөөлөгчид яах аргагүй үзэл бодол нэгдэж байна. Хятадын мэдээллийн агентлагийн Улс төр, соёлын хэлтсийн дэд эрхлэгч Ли Шяоюй:
- Хэвлэл мэдээллийн байгууллагын хувьд бид өөрийн улс болон харилцаатай улсынхаа хөгжлйн нөхцөл байдлыг объект, үнэн бодит, цогц, олон талаас нь мэдээлж, нарийн ширийн зүйлс болон жижиг өнцгөөс хоёр орны ажил хэрэгч хамтын ажиллагааны түүхийг гүнзгий нээн харуулъя. Ингэснээр үзэгч, уншигчдад Хятад, Монголын олон салбарын хамтын ажиллагааны бодит үр өгөөжийг үнэн зөв мэдрүүлж, хоёр талын харилцан итгэлцэл дэмжлэг нь нийтлэг эрх ашигт нийцэж байгааг ойлгуулан, Хятад, Монголын харилцааг хөгжүүлэх таатай уур амьсгалыг бүрдүүлнэ гэж ярив.
Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн дэд ерөнхийлөгч, Монгол Улсын Дорнод аймгийн Дөл сонинны эрхлэгч Д.Дэлгэрмаа:
- "Хоёр орны харилцааг зөвхөн төр засгийн түвшний уулзалт, томоохон хэмжээний гэрээ хэлэлцээрээр хэмжих боломжгүй юм. Энэ харилцааны хамгийн энгийн бөгөөд бодит зүйл нь иргэд хоорондын ойлголцол, харилцаа гэдгийг онцолъё”, “Зарим тохиолдолд улс орон гэдэг ойлголтыг том бодлогоос илүү хүний түүхээр дамжуулан ойлгох нь дөхөм байдаг. Хөрш орны тухай зөвхөн албан мэдээ, тоо баримтаар төсөөлөхөөс илүүтэй, тэнд амьдарч буй жирийн хүмүүсийн хөдөлмөр, гэр бүл, соёл, хүсэл мөрөөдлийн тухай мэдэх нь харилцан ойлголцлыг илүү ойртуулдаг болов уу гэж бодож байна гэж сэтгэгдлээ хуваалцсан юм. Тэрбээр цааш үргэлжлүүлэн:
- Найрсаг харилцаа гэдэг заавал бие биеэ магтахыг хэлэхгүй, харин бие биеэ хүндэтгэх, ялгаатай байдлыг ойлгох, үнэн бодитой бөгөөд хариуцлагатай мэдээллийг хэлнэ. Сэтгүүлчийн ажил бол аливаа улсын тухай зөвхөн сайхан дүр зураг бүтээх бус, үнэн бодит мэдээллийг олон нийтэд хүргэх явдал юм. Харин бид энэ ажлаа хийхдээ үл ойлголцол үүсгэхээс илүү ойлголцлыг бий болгох, талцуулах бус ойртуулх өнцгийг эрэлхийлэх нь чухал гэж онцлов.
- Томоохон сэдэв, макро өгүүлэмжтэй харьцуулахад жирийн иргэдийн бодит туршлага, өдөр тутмын харилцаа илүү сэтгэл хөдөлгөм, илүү хүчтэй түгэх чадвартай байдаг. Ард иргэдийн амьд, бодит түүх бол Хятад, Монголын найрамдлын сэтгэлийн холбоосыг бэхжүүлэх хүчирхэг хэрэгсэл юм гэж Хятадын өдрийн сонины Олон улсын харилцааны албаны “Хятадыг ажиглахуй” редакцын дэд эрхлэгч Чэнь Инчюань ярьсан нь “бодитой” , “үнэн ”, “жирийн ”гэх талаасаа басхүү дээр ярьсан хүмүүсийн бодол саналтай ижилхэн байлаа .
Ер нь хэн нь индэр дээр гараад ярьсан ч объект, үнэн бодит, олон талаас мэдээлэх зарчмыг мөрдөж, хоёр орны хэвлэл мэдээллийн байгууллагууд үзэг, микрофон ба дурангаараа хоёр орны тухай мэдээллийг дамжуулан хүргэх төдийгүй, тухайн улсын бодит амьдрал, хөгжил дэвшил, иргэдийн амьжиргаа, соёл, үнэт зүйлсийг харилцан ойлгуулан, хоёр орны ард түмний ойлголцлыг нэмэгдүүлж, хоёр орны найрамдлын олон нийтийн үндэс суурийг бэхжүүлэн, улмаар хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг тасралтгүй урагшлуулахад шинэ, илүү хувь нэмэр оруулах шаардлагатай гэж санал нэгтэй үзэв.

