Энэ оны тавдугаар сард Хятадын эдийн засгийн үйл ажиллагаа ерөнхийдөө тогтвортой байж, олон үзүүлэлт мэдэгдэхүйц сайжран, хөгжлийн эерэг хандлага үргэлжлэв.
Статистик мэдээллээс үзвэл, тавдугаар сард улсын хэмжээнд боомтын тоног төхөөрөмжийн ашиглалтын түвшин өнгөрсөн оны мөн үеэс ойролцоогоор 9 нэгж хувиар өсөж, бүх төрлийн инженерийн техник хэрэгслийн дундаас хамгийн өндөр өсөлттэй үзүүлэлт болсон байна. Энэ нь боомтын ложистикийн эрэлт өндөр хэвээр байж, гадаад худалдааны тогтвортой байдал улам бэхэжсэнийг харуулж байна.
Хэрэглээний зах зээл ч үргэлжлэн сэргэж байна. Тавдугаар сард аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны идэвхийн индекс дараалан гурван сар өсөж, оффлайн хэрэглээний төлбөр тооцооны хэмжээ өмнөх оны мөн үеэс 2.4 хувиар нэмэгдсэн нь өмнөх сараас 0.7 нэгж хувиар хурдассаныг харуулжээ. Үүнээс электрон бүтээгдэхүүн, нийтийн хоол үйлчилгээ, тээвэр, зорчих үйлчилгээний салбарын хэрэглээ илүү хурдтай өссөн байна.
Хөрөнгө оруулалтын бүтэц үргэлжлэн сайжирчээ. Хиймэл оюун ухаан, хүн дүрст робот зэрэг тэргүүлэх салбаруудын хөрөнгө оруулалтын хэмжээ өмнөх оны мөн үеэс ойролцоогоор тав дахин өссөн бол тооцоолох хүчин чадал, дата төв, сүлжээний дэд бүтэц зэрэг төслүүдийн тендерийн дүн хоёр дахин нэмэгдэж, шинэ чанарын үйлдвэрлэх хүчийг төлөвшүүлэх ажил эрчимжиж байна.
Инновацын чадавх тасралтгүй нэмэгдэж байна. Тавдугаар сард стратегийн ач холбогдол бүхий шинэ хөгжиж буй салбаруудтай холбоотой патентын зөвшөөрлийн тоо өмнөх оны мөн үеэс 19.7 хувиар өссөн нь өмнөх сарынхаас 2.2 нэгж хувиар өндөр үзүүлэлт болсон байна. Инновацын үр дүн үйлдвэрлэл, зах зээлд шилжих үйл явц түргэсэн, эдийн засгийн өндөр чанартай хөгжилд шинэ эрч хүч өгсөөр байна.
Мэдээллээс үзвэл, гадаад худалдаа, хэрэглээ, хөрөнгө оруулалт болон инновац зэрэг салбарт эерэг өөрчлөлтүүд гарсан нь Хятадын эдийн засаг тогтвортой өсөлт, эерэг хөгжлийн чиг хандлагаа хадгалж байгааг харуулж байна.
