Шинэ эрчим хүчний тээврийн хэрэгсэл, литийн батерей, фотовольтайк зэрэг бүтээгдэхүүнүүдийг даган хиймэл оюун ухаан, робот, шинэ эм зэрэг шинэ бүтээгдэхүүнүүд гадаад зах зээлийг хурдтай нээж, Хятадын гадаад худалдааны шинэ нэрийн хуудас болж байна.
Мэдээллээс харахад 2026 оны эхний хагаст Хятад улсын аж үйлдвэрийн роботын экспорт 18.6 хувиар өсч, дэлхийн 141 улс орон, бүс нутагт хүрсэн, мэс заслын роботын экспортын зах зээлийн тоо өнгөрсөн оны мөн үеийн 23-аас 49 болж өссөн, шинэ эмийн гадаадын зөвшөөрөлтэй гүйлгээний үнэ цэнэ ойролцоогоор 110 тэрбум ам.долларт хүрч, 2025 оны нийт дүнгийн 80 хувийг эзэлж, түүхэн шинэ дээд амжилт тогтоосон.
Эдгээр шинэ бүтээгдэхүүний онцлог шинж чанарууд юу вэ? Яагаад тэд гадаад худалдааны шинэ өсөлтийн цэг болсон бэ?
Тэргүүний чадавхаар маш өндөр хэрэглээний үнэ цэнийг харуулав
Хиймэл оюун ухааны нүдний шил нь ердөө 49 грамм жинтэй боловч Хятад, Франц, Англи зэрэг 89 хэлний хооронд бодит цагийн орчуулга хийдэг бөгөөд хэрэглэгчид шил зүүсэн даруйдаа орчуулсан үсгийг дэлгэц дээр олж хардаг. Саяхан Францын Парис хотын Версаль үзэсгэлэнгийн төвд Ханьжүөгийн Линбань шинжлэх ухаан ба технологийн ХХК-ын танилцуулсан Rокid хиймэл оюун ухааны нүдний шил олон оролцогчдын анхаарлыг татсан. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон хиймэл оюун ухааны нүдний шилийг туршиж үзсэнийхээ дараа өндөр үнэлгээ өгч, компанийн ажилтнуудаас нэрийн хуудас авав.
Хиймэл оюун ухааны нүдний шил олны анхааралд орсон нь тэдний түрүүний чадавхи, маш өндөр хэрэглээний үнэ цэнэтэй салшгүй холбоотой. Ханьжүөгийн Линбань шинжлэх ухаан ба технологийн ХХК-ын дэд захирал, олон улсын бизнесийн хэлтсийн дарга Шао Хуачян сэтгүүлчдэд компанийн экспортолсон хиймэл оюун ухааны нүдний шил (Rокid Glаѕѕеѕ) нь гэрэл зураг, бодит цагийн орчуулга, навигаци, ухаалгаар асуулт асуух хариулах зэрэг олон чадавхийг нэгтгэсэн. Түүнчлэн маш өндөр хэрэглээний үнэ цэнэтэй гэж хэлсэн байна. Одоогийн байдлаар Rокid хиймэл оюун ухааны нүдний шил нь дэлхийн хамгийн хөнгөн олноор үйлдвэрлэгддэг, бүрэн чадавхтай хиймэл оюун ухааны нүдний шил юм.
- Бид нээлттэй экосистемийн стратегийг баримталж, гадаадын хэрэглэгчдэд үндсэн загваруудад чөлөөтэй сонгох боломжийг олгож, өөр өөр бүс нутгийн хэрэглэгчдийн хувийн хэрэгцээг бүрэн хангаж байна. Энэ оны эхнээс хойш компанийн экспортын захиалга тогтвортой өсөлттэй хэвээр байгаа бөгөөд гадаадын бизнесийн эзлэх хувь нэмэгдсээр байна гэж Шао Хуачян хэллээ. Гаалийн ерөнхий газрын дэд захирал Ван Жюнь:
- Ухаалаг бионик роботууд болон цэвэрлэгээний роботуудад энэ жил тусгай татварын код олгож, өөрсдийн гэсэн олон улсын худалдааны "үнэмлэх"-тэй болсон нь статистикийн шинжилгээг илүү сайн, илүү нарийвчлалтай болгож, салбарын хөгжлийн чиг хандлагыг тусгасан. Гаалийн байгууллага зохицуулалтын үйлчилгээг оновчтой болгож, Хятад улсын гадаад худалдааны тогтвортой нэмэгдлийг дэмжиж, Хятадын эрч хүчийг дэлхийн ухаалаг эдийн засагт оруулна гэж хэлэв.
Үйлдвэрлэл, амьдралд зохицсон өргөн хэрэглээ
Гадаадад борлуулалт өндөр, тээвэрлэлт хурдан байгаа нь бүтээгдэхүүнүүд гадаадын хэрэглэгчдийн үйлдвэрлэл, өдөр тутмын хэрэгцээг үр дүнтэй хангаж байгаатай холбоотой.
Тяньжинь Ванюань Ухаалаг шинжлэх ухаан технологийн ХХК-ийн үйлдвэрлэлийн баазад дэлхийн анхны шумбах зориулалттай усан сан цэвэрлэх ухаалаг робот болох S3 олноор үйлдвэрлэгдэж байна. Энэхүү бүтээгдэхүүн нь гадаадын хувийн шумбалтын усан сан цэвэрлэх салбарт тулгардаг хангалтгүй цэвэрлэгээ, засвар үйлчилгээний өндөр өртөг зэрэг бэрхшээлийг шийдвэрлэж, шумбалтын усан сан цэвэрлэх үйл явцыг бүрэн автоматжуулж, засвар үйлчилгээ хийдэг.
- Өнөөдөр Ванюань төхөөрөмж нь усан доорх хиймэл оюун ухааны хараа, усан доорх харилцаа холбоо, усан доорх байршил тогтоох, усан доорх 3D загварчлал, автомат цэнэглэлт, автомат хог хаягдал цуглуулах зэрэг дэвшилтэт технологийг бие даан боловсруулсан. Эдгээр шинэ технологийг хэрэглэснээр Ванюань компанийн бүтээгдэхүүн өөрийгөө мэдрэх, өөрийгөө үнэлэх ба төлөвлөх, өөрийгөө ажиллуулах болон удирдах чадвартай болж, үйлчлүүлэгчдийг усан сан цэвэрлэх хөдөлмөрөөс бүрэн чөлөөлөв гэж Жу Шяо хэллээ.
Хэрэглэх хувилбаруудын хүрээ өргөн байх тусам зах зээлийн боломж өндөр байна. Шанхайн гаалийн мэдээллээр, Шанхайн экспорт энэ оны эхний хагаст анх удаа нэг их наяд юаниас давжээ. Хиймэл оюун ухаан, робот техник зэрэг шинэ салбарууд, түүнчлэн хөлөг онгоц, автомашин зэрэг уламжлалт салбарууд гадаад худалдааны эерэг суурийг бий болгоход хувь нэмэр оруулсан.
Бүтээгдэхүүнээ цаашид шинэчилж, хэрэглэгчдэд улам сайн үйчилгээ үзүүлэв
Шинийг санаачлах нь хиймэл оюун ухаан, робот зэрэг шинээр гарч ирж буй бүтээгдэхүүнүүдийн гадаад худалдаачдыг татах өвөрмөц онцлог бөгөөд тэдгээрийг олон улсын худалдааны шинэ дүр төрх болгон хувиргахад чухал дэмжлэг болдог.
Жянсү Хэнрүй Эмийн ХХК саяхан хагас жилийн тайлангаа нийтэлсэн бөгөөд 2026 оны эхний хагаст тус компанийн шинэ эмийн борлуулалтын орлого 8.809 тэрбум юаньд хүрч, өмнөх оны мөн үеэс 16.38 хувиар өссөн нь эмийн борлуулалтын нийт орлогын 63.16 хувийг эзэлж байгааг харуулж байна. Тайланд тус компани нь АНУ, Европ, Австрали, Япон зэрэг улс оронд шинэ эмийг хэрэглэх туршилтыг эхлүүлсэн бөгөөд бүтээгдэхүүнээ 50 гаруй улс оронд худалдаанд гаргаж, дэлхийн зах зээлд идэвхтэй сурталчилж байна.
Сүүлийн таван жилийн хугацаанд Хятадын судалгаа, хөгжүүлэлтийн зардал жилд дунджаар 10 хувиар өсөж, дэлхийд хоёрдугаарт жагссан. Шинжлэх ухааны судалгаанд тасралтгүй хөрөнгө оруулалт хийснээр “Хятадад үйлдвэрлэв”-ийг “Хятадын ухаалаг үйлдвэрлэл” болгон хөтөлсөн бөгөөд энэ нь ялангуяа робот, хиймэл оюун ухааны салбарт илт харагдаж байна.
Чанша Чантай Роботын ХХК нь ухаалаг өндөр зэрэглэлийн тоног төхөөрөмжийн судалгаа, хөгжүүлэлтэд анхаарлаа хандуулдаг. Тус компанийн экспортын гол бүтээгдэхүүн нь бие даасан ухаалаг утас ороох роботууд, бие даасан ухаалаг даавуу ороох болон шалгах машинууд, бие даасан ухаалаг цэвэрлэгээ, өнгөлгөөний роботууд зэрэг гурван том стандартчилагдсан тоног төхөөрөмж юм. Тус компанийн захирал Гаоди:
- Бид Хунань Их Сургууль болон Жүннань Их Сургуультай хамтран ухаалаг мэдрэгч, хүч ба байрлалын хяналт зэрэг гол технологийн чиглэлээр лаборатори байгуулж, бүтээгдэхүүнийхээ технологийн давуу талыг бататгаж байна. Гадаад зах зээлд зориулсан шинэ бүтээгдэхүүний судалгаа, хөгжүүлэлт, инновацын хувьд бид гадаадад хуулийн гэрчилгээ авах үйл явцыг хурдасгаж, Ойрхи Дорнод, Европ, Зүүн Өмнөд Ази зэрэг өөр өөр бүс нутагт бүтээгдэхүүнийхээ бүх цувралыг стандартын дагуу хийж байна. Үүний зэрэгцээ бид тоног төхөөрөмжийнхөө байгаль орчинд дасан зохицох чадварыг сайжруулж, гадаад зах зээлд зориулсан ухаалаг үйлдвэрлэлийн бүрэн шийдлүүдээ тасралтгүй сайжруулж байна гэж хэллээ.

Шаньдүн мужийн Чиндао боомт дахь ачааны хөлөг онгоцууд
Зургийг: Ардын өдрийн сонины ЖАН ЖИНЬГАН

Чан Санжяо бие даасан ухаалаг өгөгдөл цуглуулах сургалтын талбайд роботын сургалт явуулж, холбогдох өгөгдлийг эмх цэгцтэй байдлаар цуглуулж байгаа нь.
Зургийг: Ардын өдрийн сонины ТАО ХАЙШЯН

Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн 300 гаруй үйлчлүүлэгч Аньхүйн Жүн Ляньжүн ухаалаг ложистиктой танилцаж байна.
Зургийг: Ардын өдрийн сонины ВАН ВЭНЬШЭН
