solongonews
“Их БРИКС”-ийг цогцлоох таван санаачилга
2026-09-18 16:21
“Их БРИКС”-ийг цогцлоох таван санаачилга

БРИКС-ийн орнуудын 18 дахь удаагийн дээд хэмжээний уулзалт энэ сарын 12-ноос 13-нд Энэтхэг улсын нийслэл Шинэ Дели хотноо болж өндөрлөлөө.

БРИКС бол анх Бразил, Орос, Энэтхэг, Хятад гэсэн дөрвөн томоохон хөгжиж буй эдийн засгийн хамтын ажиллагааны хэлбэрээр бий болж, дараа нь Өмнөд Африк нэгдсэнээр өнөөгийн нэршлээ олсон олон талт хамтын ажиллагааны механизм юм. Сүүлийн хорин жилийн хугацаанд хүрээгээ тасралтгүй тэлж, өнөөдөр 11 гишүүн орон, 10 түнш оронтой, дэлхийн өмнөдийн орнуудын хамтын дуу хоолой, эдийн засаг, улс төрийн хамтын ажиллагааны томоохон платформ болон өргөжжээ.

БРИКС-ийн цар хүрээг тоогоор илэрхийлбэл, дэлхийн хүн амын бараг тал хувийг, дэлхийн эдийн засгийн ойролцоогоор 30 хувийг, дэлхийн худалдааны тавны нэгийг бүрдүүлж байна. Тиймээс БРИКС -ийг зөвхөн эдийн засгийн хамтын ажиллагааны бүлэг гэж харах нь өнөөгийн бодит байдлыг бүрэн илэрхийлэхгүй. Энэ бол олон улсын харилцаанд дэлхийн өмнөдийн орнуудын дуу хоолойг нэмэгдүүлэх, олон туйлт дэлхийн тогтолцоог дэмжих, дэлхийн засаглалын бүтцэд өөрчлөлт шаардах улс төрийн чухал талбар болоод байна.

Гэхдээ нэг зүйлийг тодотгох хэрэгтэй. БРИКС нь Европын Холбоо шиг нэгдсэн улс төр, эдийн засгийн холбоо ч биш, НАТО шиг цэргийн эвсэл ч биш. Харин өөр өөр улс төрийн тогтолцоо, эдийн засгийн бүтэц, үндэсний ашиг сонирхолтой орнууд нийтлэг ашиг сонирхлын хүрээнд хамтран ажиллах боломжийг эрэлхийлдэг платформ юм.

Тиймээс БРИКС-ийн хүч нь зөвхөн адил төстэй байдалдаа бус, харин ялгаатай орнуудыг нэг ширээний ард суулгаж чаддагт оршдог.

БРИКС хаашаа явж байна вэ?

БНХАУ-ын дарга Ши Жиньпин Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модигийн урилгаар есдүгээр сарын 12-ноос 13-нд Шинэ Делид болсон БРИКС-ийн 18 дахь дээд хэмжээний уулзалтад оролцлоо.

Энэ удаагийн уулзалтын хамгийн сонирхол татсан зүйл нь зөвхөн БРИКС-ийн өргөжилт, дэлхийн өмнөдийн орнуудын улс төрийн байр суурь биш байв. Харин БРИКС цаашид яг ямар агуулгатай хамтын ажиллагааны механизм болох вэ? гэсэн асуултад Хятад улс нэлээд тодорхой хариулт өгсөн явдал байлаа.

Ши Жиньпин “их БРИКС”-ийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх чиглэлээр хиймэл оюун ухаан, худалдаа ба хөрөнгө оруулалт, дижитал эдийн засаг, ухаалаг үйлдвэрлэл, шинжлэх ухаан-технологийн хүний нөөц гэсэн таван чиглэлд санаачилга дэвшүүлэв.

Өнгөц харахад энэ нь эдийн засаг, технологийн салбарын таван санал мэт. Харин цааш тодруулан харвал, Хятад улс БРИКС-ийг ирээдүйн дэлхийн эдийн засгийн шинэ хөдөлгүүрүүд болох технологи, үйлдвэрлэл, дижитал эдийн засаг, хүний капиталын хамтын ажиллагааны платформ болгохыг зорьж байна гэсэн зураг харагдана.

Энэ бол БРИКС-ийн 18 дахь удаагийн уулзалтын хамгийн чухал мессеж юм.

“Их БРИКС”:  Хиймэл оюун ухаан

Ши Жиньпиний дэвшүүлсэн таван санаачилгын эхнийх нь нээлттэй бөгөөд хүртээмжтэй хиймэл оюун ухааны санаачилга байв.

Энэхүү санаачилгын хүрээнд Хятад улс БРИКС-ийн хиймэл оюун ухааны нээлттэй эхийн нийгэмлэг байгуулахад манлайлах, томоохон хэлнүүдийн загвар боловсруулж ашиглах чиглэлээр хамтран ажиллах, төрөлжсөн сургалт, семинар зохион байгуулах юм байна.

Энэ бол цаг үеэ олсон санаачилга.

Өнөөдөр хиймэл оюун ухаан зөвхөн мэдээллийн технологийн салбарын нэг хэсэг төдийгүй үйлдвэрлэлийн бүтээмж, боловсрол, эрүүл мэнд, санхүү, батлан хамгаалах, шинжлэх ухааны судалгаа, тэр ч байтугай улсын өрсөлдөх чадварыг тодорхойлох стратегийн хүчин зүйл болж байна.

Ийм нөхцөлд хиймэл оюун ухааны технологи цөөн хэдэн өндөр хөгжилтэй орон, технологийн компанийн гарт төвлөрөх үү, эсвэл хөгжиж буй орнууд ч өөрсдийн технологийн чадавхыг бий болгох уу гэдэг нь дэлхийн өмнөдийн оруудын хувьд маш том асуудал.

Хятадын саналын “нээлттэй эх”, “хүртээмжтэй экосистем” гэсэн хоёр түлхүүр үг энд онцгой анхаарал татна.

Өөрөөр хэлбэл, Бээжин BRICS-ийн хүрээнд технологийн хэрэглэгч биш, технологийн хамтран бүтээгч болох боломжийг гишүүн орнуудад санал болгож байна.

“Их БРИКС”:  Худалдаа, хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх нь

Хоёр дахь санаачилга нь худалдаа, хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөхөд чиглэж байна.

Хятад улс БРИКС-ийн тусгай эдийн засгийн бүсүүдийн түншлэл байгуулах, улс орнуудын бодлогыг уялдуулах “ухаалаг портал” бий болгох, нээлттэй хөгжлийн шинэ талбар бий болгохыг санал болгож, ирэх онд БРИКС-ийн Үйлчилгээний худалдааны форум зохион байгуулахаа мэдэгдсэн.

Гишүүн орнуудын эдийн засгийн хэмжээ том боловч тэдний хоорондын худалдаа, хөрөнгө оруулалтын орчин бүрэн уялдаатай биш. Тэгвэл тусгай эдийн засгийн бүсүүдийг холбох, бодлого зохицуулах, худалдааны үйлчилгээг өргөжүүлснээр энэ зөрүүг багасгах боломж бүрдэнэ.

“Их БРИКС”: Дижитал аж үйлдвэрлэлийн дэд бүтэц

Ши Жиньпиний гурав дахь санаачилга нь БРИКС-ийн дижитал экосистемийн үүлэн платформ байгуулах юм. Ингэснээр дижитал ур чадварын сургалт, технологийн солилцоо, аж үйлдвэрийн уялдааг хөгжүүлэхээр зорьж байна.

Дижитал эдийн засгийн өрсөлдөөнд улс орнуудын ялгаа зөвхөн интернетийн хурд, хэрэглэгчдийн тоогоор хэмжигдэхээ больсон. Өгөгдөл, үүлэн тооцоолол, кибер аюулгүй байдал, хиймэл оюун ухаан, мэргэжилтэй хүний нөөц зэрэг нь үндэсний хөгжлийн шинэ дэд бүтэц болж байна.

Тиймээс БРИКС-ийн хэмжээнд дижитал экосистем бий болгох нь урт хугацаандаа нэлээд том алхам болж чадна.

“Их БРИКС”: Ухаалаг үйлдвэрлэлийн хамтын ажиллагааны санаачилга

Хятад улсын эдийн засгийн ололт амжилтын нэг гол тулгуур нь үйлдвэрлэл. Харин одоо дэлхийн үйлдвэрлэл дараагийн шат буюу автоматжуулалт, роботжуулалт, хиймэл оюун ухаанд суурилсан “ухаалаг үйлдвэр”-ийн эрин рүү шилжиж байна.

Ши Жиньпин БРИКС-ийн орнуудад ухаалаг үйлдвэр байгуулахад дэмжлэг үзүүлэх, стандарт, норм боловсруулахад хамтран ажиллах, үйлдвэрлэлийн өөрчлөлт, шинэчлэлийг хамтдаа сайжруулахыг санал болгосон.

Энэ санаачилга Хятад улсын өөрийн хөгжлийн туршлагатай шууд холбоотой.

Гэхдээ үүнийг зөвхөн Хятадын технологийг бусад улс руу нийлүүлэх асуудал гэж ойлгож болохгүй. Хэрэв БРИКС-ийн орнууд өөрсдийн үйлдвэрлэлийн салбарыг технологийн шинэчлэлтэй хослуулж чадвал нэмүү өртөг шингээсэн үйлдвэрлэл, экспорт, ажлын байр, бүтээмжийн хувьд том боломж нээгдэнэ.

“Их БРИКС”: Шинжлэх ухаан, технологийн талентын хөгжлийн санаачилга

БНХАУ-ын даргын дэвшүүлсэн тав дахь санаачилга нь БРИКС-ийн хамтын ажиллагааг зөвхөн эдийн засаг, худалдааны хүрээнээс хальж, хүний капитал, шинжлэх ухаан, технологийн чадавхид тулгуурласан урт хугацааны хөгжлийн түншлэл болгон өргөжүүлэх зорилготой гэж дүгнэж болно.

Инженерүүдийг хамтран бэлтгэх, мэргэжлийн ур чадварын стандартыг харилцан хүлээн зөвшөөрөх, залуучуудын шинжлэх ухаан, технологийн солилцоог дэмжих нь гишүүн орнуудын технологийн зөрүүг багасгаж, инновацын экосистемийг бэхжүүлэх боломжтой. Ялангуяа залуу үеийн мэдлэг, туршлага солилцоонд хөрөнгө оруулалт хийх нь өнөөдрийн хамтын ажиллагаанаас илүүтэй маргаашийн БРИКС-ийн өрсөлдөх чадварыг бүрдүүлэх стратегийн алхам юм.

Иймээс энэхүү санаачилгын үнэ цэнэ нь зөвхөн инженер, мэргэжилтэн бэлтгэхэд бус, шинжлэх ухаан, технологийн салбарт харилцан итгэлцэл, нийтлэг стандарт, урт хугацааны хамтын ажиллагааны суурийг бий болгоход оршиж байна. 


Редактор : Д.МӨЧИР
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл