solongonews
Харилцан ойлголцол хамтын ажиллагааны хөгжлийн гүүрийг байгуулна
2026-09-23 09:58
Монгол Улсын хэвлэл мэдээллийн удирдах албан тушаалтнууд болон сэтгүүлчдийн төлөөлөл ӨМӨЗО болон Сычуань мужтай танилцлаа.


Хятад, Монголын хэвлэл мэдээллийн XVI форум 9-р сарын 8-ны өдөр ӨМӨЗО-ны төв Хөххотод болж өнгөрлөө. Тус арга хэмжээг Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбоо болон Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл санаачлан зохион байгуулж, ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба хариуцан зохион байгуулсан бөгөөд “Хэвлэл мэдээллийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд хоёр улсын найрамдлыг бэхжүүлэх нь” уриан дор зохион байгуулагдсан билээ. Форумд оролцсон Монгол Улсын хэвлэл мэдээллийн удирдах албан тушаалтнууд болон сэтгүүлчдийн төлөөлөл ӨМӨЗО болон Сычуань мужтай танилцлаа.

Ард түмний сэтгэлийг холбосон гүүр

Форумд оролцогчид хэвлэл мэдээлэл нь улс хоорондын солилцооны болон ард түмний сэтгэл зүрхийг холбогч гүүр болдог гэдэгт санал нэгдэв. Уул усаараа холбогдсон найрсаг хөршүүд болох Хятад, Монгол улс хэвлэл мэдээллийн салбарын солилцоо, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх нь хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийг урагшлуулах гол хөдөлгөгч хүч мөн гэж тэд үзэж байна. Хоёр улсын хэвлэл мэдээллийн байгууллагууд чин сэтгэл, бодит байдалд тулгуурласан, найрсаг хандлагыг хадгалахын зэрэгцээ бодитой, үнэн зөв, цогц мэдээлэл түгээх зарчмыг баримтлах ёстойг илэрхийлэв. Тэд форумаас дэвшүүлсэн хэвлэл мэдээллийн үүрэг хариуцлагыг биелүүлж, энх тайвнаар зэрэгцэн орших, харилцан туслалцах, хамтдаа хожих зарчмыг идэвхтэй сурталчлан таниулах, мөн бие биеийнхээ хөгжлийн ололт амжилтын талаарх мэдээллийг өөр өөрийн орны ард түмэндээ хүргэж байх шаардлагатайг онцоллоо. Харилцан ойлголцлыг тасралтгүй бэхжүүлж, Хятад, Монголын найрамдлын олон нийтийн дэмжлэгийг хадгалан, найрамдлын түүхийг сайн сайхнаар өгүүлснээр хэвлэл мэдээллийнхэн “Хятад, Монголын хувь заяаны нэгдмэл цогц”-ыг байгуулахад эерэг таатай орчныг бүрдүүлж байна.

Форумын үеэр хоёр талын холбогдох орон нутгийн засаг захиргаа болон хэвлэл мэдээллийн байгууллагуудын хооронд хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж, 2026 оны “Хятад, Монголын найрамдлын тухай мэдээ, нийтлэл”-ийн үзэсгэлэн, арга хэмжээг эхлүүллээ. 2010 онд анх зохион байгуулагдсанаасаа хойш уг форум нь хоёр улсын хэвлэл мэдээллийн салбарын хамтын ажиллагаа, солилцооны гол индэр, томоохон арга хэмжээ болж, ард түмнүүдийн харилцан ойлголцол, найрамдлыг бэхжүүлэх чухал гүүр болон ажиллаж ирсэн билээ.

Бүх Хятадын Сэтгүүлчдийн холбооны Намын хорооны дарга Цүй Шышинь илтгэлдээ, Хятад, Монголын хэвлэл мэдээллийн форум байгуулагдсан цагаасаа хойш арав гаруй жилийн турш тасралтгүй хөгжиж, хоёр орны хэвлэл мэдээллийн салбарынхан харилцан санал бодлоо солилцох тогтмол үйл ажиллагаа бүхий чухал платформ болон хөгжсөнийг онцлов. Үе үеийн сэтгүүлчид энэхүү платформоор дамжуулан харилцан туршлага солилцож, гар нийлэн хамтран ажиллаж, хоёр орны ард түмний сэтгэл зүрхний зайг улам ойртуулсаар ирсэн бөгөөд энэ нь Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг тогтвортой, алсын хараатай хөгжүүлэх, ард түмэн хоорондын харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэхэд хувь нэмэр оруулдаг онцлог бүхий брэнд арга хэмжээ болсон байна гэжээ.

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц хэлэхдээ, тус форум нь хэвлэл мэдээллийн салбарын харилцаа, хамтын ажиллагаа болон хоёр орны ард түмний харилцан ойлголцол зэрэг чухал асуудлаар гүнзгий хэлэлцүүлэг өрнүүлдэг. Энэ нь Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, хоёр орны сэтгүүлчдийн харилцан ойлголцол, харилцаа холбоог цаашид бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой хэмээн тэмдэглэв.

Хятад, Монголын хэвлэл мэдээллийн форум 2010 онд байгуулагдсан цагаасаа хойш хоёр орны хэвлэл мэдээллийн салбарын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх чухал платформ төдийгүй, хоёр орны ард түмний харилцан ойлголцлыг бэхжүүлэх гүүр, холбогч чухал суваг болон хөгжиж ирсэн юм.



Хятадын соёл иргэншилтэй танилцав

9-р сарын 8-12-ны өдрүүдэд Монгол Улсын хэвлэл мэдээллийн удирдах албан тушаалтнууд ӨМӨЗО-ны Хөххотоос Сычуань мужийн Чэндү хоттой танилцах аяллаа эхлүүллээ. Төлөөлөгчид түүх, соёлын дурсгалт өвөөс Хятадын соёл иргэншлийн үүх түүхтэй танилцаж, шинжлэх ухаан, технологийн инновацын шинэчлэлийн эрч хүчийг биечлэн мэдэрч, хэвлэл мэдээллийн салбарын солилцоогоор хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн хүлээх үүрэг хариуцлагын талаар санал бодлоо хуваалцан ярилцлаа.

Өвөр Монголын музейд зочлох үеэр төлөөлөгчид “Бүргэдийн оройт алтан титэм чимэглэл”, “Чэнь улсын гүнжийн алтан баг”, “Тугалжин уулын Ляо улсын үеийн булшнаас олдсон зурагтай модон авс” зэрэг үнэт ховор дурсгалын өмнө удаан саатан, эдгээр үндэсний үнэт өвд шингэсэн эртний түүхийг музейн хөтчөөс сонсож, бахархан бишрэхийн  зэрэгцээ олон төрлийн асуулт сонирхон асууж байлаа.

Монгол Улсын Reelnews.mn сайтын эрхлэгч М.Уранчимэг: “Би эдгээр эртний түүх, соёлын дурсгалд үнэхээр их дуртай. Тайлбарыг сонсож байхдаа мянган жилийн тэртээх тал нутгийн салхи сэвэлзэх шиг санагдсан. Эх орондоо буцсаны дараа эдгээр соёлын дурсгалын цаанах сонирхолтой түүхүүдийг Монголын ард түмэнд хүргэх болно. Цаашид хүүхдүүдээ дагуулан дахин ирж, Хятадын соёл иргэншил, түүх, өв соёлыг биечлэн мэдрэхийг хүсэж байна” хэмээн ярив.


Сычуань мужийн Гуанхань дахь Саншиндүйн музейд зочлохдоо төлөөлөгчид “Хүрэл шүтээн мод”, “Хүрэл зогсоо хүн”, “Босоо нүдэт баг” зэрэг ховор нандин дурсгалын өмнө удаан саатан, олон мянган жилийн түүхтэй Башү нутгийн соёл иргэншлийн ул мөрийг эрэлхийлж, Хөхмөрний дээд урсгалын нутагт хэдэн мянган жилийн өмнө цэцэглэн хөгжиж байсан эртний соёл иргэншлийн гайхамшигт ололтыг мэдэрлээ.

Аварга хулсны баавгай нь Сычуань мужийн дэлхий дахинд алдаршсан соёлын бэлгэдэл бөгөөд Хятадын болон олон улсын ард түмний найрсаг харилцааны элч болсоор ирсэн. Чэндү хотын Аварга хулсны баавгай үржүүлэг, судалгааны баазад зочлох үеэр төлөөлөгчид “Юаньмэн”, “Юаньзай”, “Хуаньхуань” зэрэг эх орондоо буцан ирсэн аварга хулсны баавгайнуудтай танилцаж, гар утсаа нэгэн зэрэг гаргаж ирэн энэ ховор нандин мөчүүдийг гэрэл зураг, дүрс бичлэгт буулгаж байлаа. “Хятадад өдгөө хэдэн аварга хулсны баавгай байдаг вэ?”, “Аварга хулсны баавгай хэдэн насалдаг вэ?” гэх мэт асуултыг тэд тайлбарлагчаас сонирхон асууж , газар дээр нь ярилцлага хийж байв.

Тал нутгийн соёл иргэншил болон эртний Башү нутгийн соёл иргэншил нь газар зүйн хувьд өөр өөрийн онцлогтой хэдий ч урт удаан хугацааны түүхийн явцад харилцан нөлөөлж, нэгдэн хөгжиж ирсэн байна. Сэтгүүлчид газар дээр нь биечлэн танилцсанаар Хятад улс эртний дөрвөн том соёл иргэншлийн нэг болохын хувьд гүн гүнзгий түүх, соёлын суурьтайг илүү тодорхой мэдэрлээ.


Технологийн инновацын эрч хүчийг мэдэрэв

“Өмнө нь Сычуань мужийн талаарх миний ойлголт зөвхөн аварга хулсны баавгайгаар хязгаарлагддаг байсан. Харин хэдэн өдрийн турш газар дээр нь танилцаж, сурвалжилснаар Хятадын баруун нутгийн Чэндү хотын шинжлэх ухаан технологийн инновацын ололт амжилтыг биечлэн мэдэрлээ. Энд аж үйлдвэр, шинжлэх ухаан, технологи, эрүүл мэнд, боловсрол зэрэг салбарын хөгжил нь тэргүүний түвшинд хүрсэн ” хэмээн Монголын “Тэнгэр” телевизийн сэтгүүлч Б.Нарантуяа хэлэв.

Аяллын хэдхэн өдрийн хугацаанд Монгол Улсын хэвлэл мэдээллийн төлөөлөгчид Чэндү хотын шинжлэх ухаан, технологийн инновац болон гадаад нээлтийн хөгжлийн эрч хүчийг биечлэн мэдэрлээ. Сычуань их сургуулийн Хуаши шүд, амны хөндийн эмнэлэгт зочлох үеэр төлөөлөгчид Хятадын шүд, амны хөндийн анагаах ухааны түүхэн уламжлал, орчин үеийн эмчилгээний технологийн өндөр түвшнтэй ойрхноос танилцаж, виртуал симуляц бүхий шүдний эмчилгээний төхөөрөмжийн өмнө суун “шүдний эмч” болж, шүд цооролтыг оношлох, шүдний эдийг эмчилгээний зориулалтаар бэлтгэх зэрэг дадлага хийлээ.

Сычуань мужийн Жюйшэнь технологийн төв, Чэндү Минтү технологийн компани, Чэндү хотын Хүн дүрст роботын инновацын төвд зочлохдоо дижитал хүний сонирхолтой хэрэглээнээс эхлээд бүжиглэж буй хүн дүрст робот, хөдөө аж ахуйн салбарт ашиглаж буй хогийн ургамал устгагч робот хүртэлх олон төрлийн технологийн шийдэлтэй танилцаж, хүн дүрст роботын хамгийн сүүлийн үеийн технологийн ололт амжилт болон түүний төрөл бүрийн хэрэглээг ойроос үзлээ. Ийнхүү төлөөлөгчид шинжлэх ухаан, технологийн инновацын сонирхолтой, интерактив туршлагад оролцов.


Эрт дээр үед Торгоны замаар худалдаа арилжааны тэмээн жингийн цуваа зорчдог байсан бол өнөөдөр “ган тэмээн жин” болсон Хятад-Европын ачааны галт тэрэг үйлчилж байна. Төлөөлөгчид мөн Чэндүгийн олон улсын төмөр замын боомтод зочлон, далайд гарцгүй, хилийн бүс байхгүй эх газрын энэ боомт Хятад-Европын ачааны галт тэрэгний сүлжээг ашиглан олон улсын худалдааны гарцыг нээж, Хятадын дотор газрын нээлттэй хөгжлийн зангилаа төв болгон хөгжүүлж буй үйл явцтай газар дээр нь танилцлаа. Тус боомт нь Чэндү хотыг гол зангилаа төв болгон, баруун зүгт Европ, хойд зүгт Монгол, ОХУ, зүүн зүгт БНСУ, Япон, өмнөд зүгт АСЕАН-ы орнуудтай холбосон олон улсын төмөр замын тээврийн чиглэлүүд болон дэлхийн хуурай газар, далайн тээврийн нэгдсэн түгээлтийн тогтолцоог бүрдүүлжээ.

“Эртний торгоны зам’-аас өнөөгийн ‘Бүс ба Зам’-ын санаачилга хүртэл олон улсын худалдааны томоохон коридоруудыг холбож ирсэн. Энэхүү худалдаа, тээврийн томоохон коридор нь Ази, Европын улс орнуудын хоорондын зайг ойртуулж,  Монгол, Хятадын эдийн засаг, худалдаа болон иргэд хоорондын харилцан ойлголцлын гүүрийг бий болгож байна” хэмээн Монголын Өдрийн сонины Албаны дарга Я.Баярбаатар хэлэв.


Харилцан туршлага солилцоно

Аяллын үеэр Монгол Улсын хэвлэл мэдээллийн төлөөлөгчид Өвөр Монголын радио, телевиз, Өвөр Монголын өдрийн сонин, Сычуань мужийн радио, телевиз зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагуудаар зочилж, Хятад, Монголын хэвлэл мэдээллийн салбарынхан хиймэл оюун ухаанаар уламжлалт хэвлэл мэдээллийн байгууллагын шинэ экосистемийг бүрдүүлэх, олон улсын мэдээлэл түгээх үйл ажиллагаа болон соёлын харилцаа, солилцоог хөгжүүлэх зэрэг асуудлаар санал бодлоо солилцлоо.

Монгол Улсын Үндэсний олон нийтийн радио, телевизийн Программын бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Б.Сонинчимэг: “Өвөр Монгол, Сычуань мужийн хэвлэл мэдээллийн салбарын мэргэжил нэгтнүүдийн хэвлэл мэдээллийн салбарын өөрчлөлт, шинэчлэлийн явцад хийж буй эрэл хайгуул, туршлагатай танилцах нь надад ихээхэн урам зориг өглөө. Тухайлбал, хиймэл оюун ухааны технологийг мэдээ мэдээлэл бэлтгэх, сурвалжлах, боловсруулах бүх үйл явцад ашиглаж байгаа нь бидний суралцаж, туршлага судлах зүйл байв. Цаашид хоёр орны хэвлэл мэдээллийн байгууллагууд харилцаа, хамтын ажиллагаагаа улам бэхжүүлээсэй гэж хүсэж байна” гэжээ.

“Монгол, Хятад хоёр улс уул усаараа холбогдсон мөнхийн хөршүүд билээ. Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн форум нь хоёр орны хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх чухал талбар болж байна. Цаашид Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн салбарын харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлж, хоёр орны ард түмний уламжлалт найрамдал, нөхөрлөлийг хамтдаа гүнзгийрүүлэн хөгжүүлж, харилцан ойлголцол болон хамтын хөгжлийг холбосон гүүрийг хамтдаа байгуулахыг хүсэж байна” хэмээн Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Ерөнхийлөгч Л.Нижжамц хэлэв.


 

 


Редактор : Б. ХУРЦ
Зохиогч: Б. ХУРЦ, ЛЮ ЖЫШЯНЬ
Эх сурвалж : solongo
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл