
БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Ардын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам хамтран зохион байгуулж буй “Хятад орныг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын XIV өдөрлөг 9-р сарын 23-нд Улаанбаатар хотод нээгдлээ. Нээлтийн арга хэмжээнд зохион байгуулагч талууд болон Монгол Улсын соёл, урлаг, хэвлэл мэдээллийн салбарын 300 гаруй төлөөлөл оролцов.
ӨМӨЗО-ны Намын хорооны Суртал ухуулгын хэлтсийн орлогч дарга Сун Үгуань нээлтийн үеэр хэлэхдээ, “Хятад орныг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдөрлөгийг зохион байгуулж буй нь хоёр улсын иргэд хоорондын харилцаа, солилцоог гүнзгийрүүлэх тухай чухал тохиролцоог хэрэгжүүлэх бодит арга хэмжээ юм гэв. Тэрбээр уг арга хэмжээг өмнө нь 13 удаа амжилттай зохион байгуулж, хоёр орны ард түмний харилцан ойлголцол, нөхөрлөлийг бэхжүүлэх чухал арга хэмжээ болгон хөгжүүлж ирснийг онцоллоо.

Энэ удаагийн соёлын өдөрлөг “Нээлттэй хөгжлийн шинэ боломжийг хуваалцаж, тал нутгийн шинэ Торгоны замыг хамтдаа байгуулъя” уриан дор зохион байгуулагдаж, 12 төрөл, чиглэлийн нийт 23 арга хэмжээ багтжээ. Эдгээр арга хэмжээ нь худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхийн зэрэгцээ Хятад, Монголын соёлын солилцоо, харилцан суралцах, туршлага хуваалцах талбар болох юм. Мөн Монголын иргэдэд Хятадад аялах, танин мэдэхүйн болон судалгааны аялал хийх, суралцах тухай мэдээлэл авах боломж бүрдүүлнэ гэж Сун Үгуань хэллээ.

Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Алтантуяа хэлэхдээ, Монгол Улс, БНХАУ нь олон зуун жилийн түүхэн хэлхээ холбоотой, найрсаг харилцаатай хөрш орнууд юм. Хоёр орны иргэд харилцан визгүй зорчих боломжтой болж, жуулчдын урсгал жилээс жилд нэмэгдэж байгаа нь хоёр талын хамтын ажиллагаа улам бэхжиж буйн нэг илрэл юм гэв. Тэрбээр мөн соёлын салбарын харилцаа, хамтын ажиллагаа улам өргөжин хөгжиж буйд баяртай байгаагаа илэрхийллээ.




