Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 06-р сарын 15-нд Улаанбаатар хотод ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын ГХЯ-ны сайд Ван И-г хүлээн авч уулзав.

Н.Учрал хэлэхдээ “ БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаагаа хөгжүүлж, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл юм. Монгол Улс, БНХАУ нь бие биеийнхээ тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал болон бие биеийнхээ сонгосон хөгжлийн замыг хүндэтгэсээр ирсэн. Монгол Улс нэг Хятадын зарчмыг хатуу баримталж, Тайвань, Шиньжян, Төвөд, Хонконгтой холбоотой асуудлууд бол БНХАУ-ын дотоод хэрэг, БНХАУ-ын засгийн газар бол бүх Хятадыг төлөөлөх цорын ганц хууль ёсны засгийн газар гэж үздэг бөгөөд "Тайванийн тусгаар тогтнол"-ыг дэмждэггүй. Монгол Улс хоёр төрийн тэргүүний тохиролцсон чухал зөвшилцлийг хэрэгжүүлж, өндөр түвшний нягт харилцаа холбоогоо хадгалан, улс төрийн харилцан итгэлцлийг бэхжүүлж, дэд бүтцийн холболтыг эрчимжүүлэн, "Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын хамтын ажиллагааг бэхжүүлэх, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх тухай хэлэлцээр" болон томоохон төслүүдийн бүтээн байгуулалтыг идэвхтэй дэмжиж, хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг тасралтгүй урагшлуулахын тулд БНХАУ-тай хамтран ажиллахад бэлэн байна. БНХАУ бол Монгол Улсын худалдаа эдийн засгийн хамгийн чухал түнш бөгөөд хоёр талын худалдааны эргэлт энэ онд 20 тэрбум ам.долларын зорилтдоо хүрэх төлөвтэй байна. Хоёр тал худалдааг хөнгөвчлөх илүү олон арга хэмжээг авч хэрэгжүүлж, худалдааны бүтцийг төрөлжүүлэх, боомт, төмөр зам зэрэг салбарын холболт болон дэд бүтэц, уул уурхайн хамтын ажиллагааг бэхжүүлнэ гэдэгт найдаж байна. Монгол Улс БНХАУ-ын аж ахуйн нэгжүүдийн анхаарал хандуулж буй асуудлыг чухалд үзэж байгаа бөгөөд Монгол Улсад хөрөнгө оруулах БНХАУ-ын аж ахуйн нэгжүүдэд илүү ээлтэй, хууль дээдлэх бизнесийн орчин бүрдүүлж өгөхөд бэлэн байна” гэжээ.
Ван И хэлэхдээ “ БНХАУ, Монгол Улс нь уул усаараа холбогдсон, хувь заяагаа хуваалцсан мөнхийн хөрш юм. Сайн хөршийн найрамдал, эв нэгтэй хамтын ажиллагаа, хамтын ирээдүйгээ цогцлох бол хоёр талын цорын ганц зөв сонголт юм. Монгол Улс БНХАУ-тай харилцаагаа хөгжүүлэхийг гадаад бодлогынхоо тэргүүлэх чиглэл болгож байгаа бөгөөд БНХАУ-ын гол ашиг сонирхолд хамаарах асуудлаар БНХАУ-ын зүй ёсны байр суурийг ойлгож, дэмжиж байгааг БНХАУ сайшааж байна. Хоёр тал цаашид мөн бие биедээ итгэн, дэмжиж, хоёр талын харилцааны хөгжлийн улс төрийн суурийг бэхжүүлж, зөв чиглэлийг ханган, олон салбарын хамтын ажиллагаанд бат бөх баталгааг өгөх ёстой. Хятадын Коммунист Нам болон Монгол Ардын Нам хоёулаа зуун жилийн замналыг туулж ирсэн тул хоёр тал намын засаглал болон үндэсний засаглалын чиглэлээр туршлага солилцохоор дамжин, тус тусын улс орноо бүтээн байгуулах, ард түмнийхээ үр өгөөжийг нэмэгдүүлэх, БНХАУ Монгол Улсын найрамдлыг гүнзгийрүүлэхэд илүү их үүрэг гүйцэтгэх боломжтой” гэв.
Мөн Ван И хэлэхдээ “ Хөгжил цэцэглэлт нь БНХАУ, Монгол Улсын нийтлэг ажил үүрэг бөгөөд хамтын ажиллагааг бэхжүүлэх нь хоёр талын хамтын хүсэл эрмэлзэл юм. Хоёр улсын эдийн засаг нь өндөр түвшинд бие биеэ нөхдөг бөгөөд харилцан эрэлт хэрэгцээ ихтэй тул хамтын ажиллагааны өргөн боломжийг нээж өгч байна. Монгол Улстай хөгжлийн стратегийн уялдаа холбоог бэхжүүлж, "Бүс ба зам" санаачилгыг өндөр чанартайгаар хамтран бүтээж, Монгол Улс хоёр талын хамтын ажиллагаа, Хятад, Монгол, Оросын хамтын ажиллагаа, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага зэрэг хөгжлийн гурван хөдөлгүүрийг сайн ашиглахад нь тусалж, өөрийн үндэсний нөхцөл байдалд тохирсон орчин үеийн шинэчлэлийн замаар замнахад нь туслахад БНХАУ бэлэн байна” гэжээ.
