Хятадын Олон улсын нийлүүлэлтийн гинжин хэлхээг дэмжих дөрөвдүгээр экспогийн гол тайлан болох “2026 оны дэлхийн нийлүүлэлтийн гинжин хэлхээг дэмжих тухай тайлан”-г 22-ны өдөр Бээжин хотноо Хятадын Олон улсын худалдааг дэмжих зөвлөл нийтэллээ.
Тайланд дурдсанаар, Хятад улс дэлхийн аж үйлдвэр болон нийлүүлэлтийн гинжин хэлхээний чухал оролцогч, идэвхтэй хувь нэмэр оруулагч байсаар ирсэн бөгөөд дэд бүтцийн түншлэл, өндөр түвшний нээлттэй бодлого, технологийн инновацын хамтын ажиллагаа, санхүүгийн тогтолцооны дэмжлэг зэрэг чиглэлээр ажил хэрэгч хамтын ажиллагааг тасралтгүй гүнзгийрүүлж, дэлхийн нийлүүлэлтийн гинжин хэлхээг илүү аюулгүй, үр ашигтай, хүртээмжтэй, харилцан ашигтай хөгжүүлэхийг дэмжиж байна.
Өнөө үед гаалийн тарифын саад тотгор нэмэгдэж, худалдааны маргаан байнга үүсэж байгаа нь дэлхий нийтийг тогтворгүй байдал, өөрчлөлтийн шинэ үед оруулаад байна. Дэлхийн нийлүүлэлтийн гинжин хэлхээг бэхжүүлснээр л эрсдэл, сорилтыг үр дүнтэй даван туулж, инновацын чадавхыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ илүү шударга, зохистой дэлхийн нийлүүлэлтийн гинжин хэлхээний засаглалын тогтолцоог бүрдүүлэн, дэлхийн эдийн засгийн уян хатан өсөлтийг хадгалахад дэмжлэг үзүүлэх боломжтой гэж уг тайланд мөн тэмдэглэжээ.
