Хөлөнбуйр хотын Шинэ Барга баруун хошууны Хэрлэн сумын Найрамдал гацааны Мядагмаа гэгч сайхан сэтгэлийн хайлан болсон бүсгүй. Хошуу зэрэглэлийн шилдэг намын гишүүн, шилдэг эмэгтэй удирдагч, 2008 онд гуравдугаар удаагийн “Дундад улсын зуун шилдэг ээж” -ийн нэг, 2010 онд Бүх Улсын Хөдөлмөрийн Жишээч, 2011 онд Өөртөө Засах Орны шилдэг 50 намын гишүүнээр сонгогдож явсан түүхтэй. Гэвч энгэртээ гялалзуулсан шагналаас илүүтэй өргөж тусалсан хүмүүс нь өөдөө сайхан амьдралтай байгаа нь түүнд сэтгэлийн урам дэм болдог гэх.
10 дугаар сарын сүүлчээр Барга нутагт цас лавслан, хүйтэн салхи шуугиж, өвлийн улирал цагаасаа эрт саатжээ. Сурвалжилгын аян замдаа бид нэгэн сайхан хайрын түүхэнд уярч явсан билээ. “Амьддаа бие биеээ хайрла, аливаа сайхан бүхнээ бусдаас битгий харамла” гэдэг. Энэ хорвоод хүн хүнээ хайрлаж туслах цайлган хайр байдаг учир амьдрал эвийн өнгөөр солонгордог ажээ .
Гэнэтийн захидал
1994 оны хаврын тэр өдөр айлын мал хариулан суусан Мядагмаа нэгэн захидал хүлээж авсан нь гурван хүүхэд болон өвчтэй нөхрөө Мядагмаад найдсан Оюунчимэгийн захидал байв. Уушигны хорт хавдраар мөнх бусыг үзүүлэхээсээ өмнө өр зүрхнээсээ уяатай үр хүүхдээ Мядагмаад захисан Оюунчимэгийн гэрээс бичиг байлаа. Үүнийг хараад өр зөөлөн сэтгэлт Мядагмаа тэр даруй нөхөр Хүрэлтэйгээ зөвлөж Оюунчимэгийн нөхөр, гурван хүүхдийг гэртээ авчрахаар шийдсэн байна.
Оюунчимэгийн нөхөр Бодь гэгч төрөлхийн сэтгэцийн өөрчлөлттэй, өөрийн насаа хүртэл мэдэхгүй хүн байлаа. Гурван хүүхдийн том нь эрэгтэй, бага хоёр нь эмэгтэй балчир хүүхдүүд байсан гэх. Том нь Жаргал гэж мөн л сэтгэцийн өөрчлөлттэй хүүхэд, том охин нь Адьяажав, бага охиныг нь Бөхгол гэдэг. Хүүхдүүд нь бие дааж амьдрах чадваргүй, ийм дөрвөн хүн амьдралын дарамт болно гэдгийг мэдэж байсан хэдий ч Мядагмаа татгалзалгүй авчирсан байна. Эхийнхээ хайраас өнчирсөн гурван хүүхэд, дээр нь нэмээд сэтгэцийн өөрчлөлттэй нэг том хүнийг тэжээж арчилна гэдэг тийм хялбар биш гэдгийг хэн хүн мэднэ. Тухайн үед Мядагмаагийн өөрийн амьдрал ч бас амаргүй байв. Айлын хонь хариулаад сар болгон дөнгөж 400 юаний оролготой байсан юм. Төрөлхийн бамбай булчирхайн өвчинтэй Адьяажавт сар болгон 300 юаний эм тан авч, хагас жил илааршуулж байгаад нэлээд эдгээж авсан. Өөрийн гурван хүүхэд нь ч өсөж томроогүй байсны дээр өрөөлийн дөрвөн хүн ам нэмэгдэж, хонь хариулсан орлогынхоо ихэнхийг нь эмчилгээнд зарцуулдаг тул амьдралд нь бага бус дарамт болж байсан ч Мядагмаа өнчин өрөөснийг хайрлахгүй байж чадсангүй.
Өнчин хоёр хүүхдээ үрчилсэн нь
Тэр жилдээ Мядагмаагийн эгч нь гэр бүлээ цуцлаад гурван сартай, гурван настай хоёр хүүхдээ аав ээжээрээ асруулахаар авчирсан боловч 1994 онд Мядагмаагийн аав ээж насан өөд болсон болохоор өнчирсөн хоёр хүүхдийг нь өөр дээрээ авчээ. Ингээд ам бүл улам нэмэгдэж, амьдралын дарамт хүндэрсээр байв.
Өөрийн гэрийн 5, Бодийн гэрийн 4 дээр эгчийнх нь 2 хүүхэдтэй Мядагмаагийн ам бүл өнөр олуул болж, бүхий л зардлыг Мядагмаа нөхөртэйгээ хонь хариулж олж байсан хэдий ч үүнийгээ тээршааж байсангүй. “Би хүнд амьдралтай хүмүүсийг өрөвддөг, өөрөө бас бэрх амьдрал туулсан болохоор ядуу хүний зовлонг мэднэ ” гэж Мядагмаа ярьж байлаа. Зовлон бэршхээлтэй хүмүүст тусалж явсан түүний амьдрал тийм ч дардан биш аж. Бодийн бага охин Бөхгол төрөлхийн ясны үрэвсэлтэй болохоор хорин нас хүрсэн ч долоо найман настай хүүхэд шиг бага биетэй бөгөөд өвчнөөсөө болж яс нь хэврэгшин, хоёр удаа хөлөө хугалж байсан гэх. Амьдрал нь хамгийн хэцүү байсан үе нь 1994-2002 он. Бөхголын өвчин улам хүндэрч,100 мянган юань зарцуулж эмчлүүлсэн боловч эдгээж чадалгүй алдсан байна.
“Мядагмаа дэлгүүр ” монгол хувцасны дэлгүүр
2002 онд Мядагмаагийн амьдрал харьцангуй дээшилж эхэлсэн боловч дал гаруй настай гар хөл нь зэмдэг Ригжидмаа хөгшин хэдэн хүүхэдтэйгээ хамт Мядагмааг түшиж ирсэн байна. Ер нь түүнийг зорьж ирэх хүмүүс ажиллах чадваргүйн улмаас тоо нь нэмэгдэх тусам амьдралын дарамт дагаад нэмэгддэг байв. Тэднийх хамгийн олондоо 18 хүнтэй байсан гэх. Хэдэн хүүхдийг сургуульд суулгаж, төлбөр зардал их болоход Мядагмаа хошууныхаа төвд очиж, “Мядагмаа дэлгүүр” нэртэй монгол хувцасны дэлгүүр нээж, амьдралдаа нэмэр болгохоор болов. Одоо тэднийх хувцасны дэлгүүртэй, 400 гаруй хоньтой амьдрал нь харьцангуй сайжирчээ. Гурван хүүхэд нь ч өсөж, том охин нь ажилд орж, нэг хүү нь цэрэгт яваад зарцуулах зардал багасаад ирэв. Тэтгэж дэмжсэн айлаа тарааж, зөвхөн Бодийнх үлдээд байлаа. Түүнийг хошууны “Монгол хуаран”-д шилжүүлж, чөлөө заваараа эргэж асардаг болов. 2011 онд улсын төрийн бодлогын дагуу хошууны ядуу буурай 50 өрхөд хямд түрээсний орон сууц олгох болсон тухай мэдээг сонсоод Мядагмаа хошууныхаа төвд очиж, холбогдох байгууллага нэгжтэй холбогдон Бодид 55 км талбайтай орон сууц хөөцөлдөж өгсөн байна.
Мядагмаагийн сэтгэлийн урам
Бодь гэж 60 гаруй настай. Түүний царай зүс, үс гэзэгний арзайсан байдлаас нь харахад ухаан санаа эрүүл биш болох нь илт мэдэгднэ. Үг дуу цөөтэй Бодь өвгөн өөрийн насаа хүртэл мэдэхгүй боловч “Мядагмаагийн ачаар энэ зэрэгтээ амьдарч байгаа” гэж өрөөлийн тусыг санаж явахаа мартаагүй нь гайхмаар.
Зөвхөн Бодь шиг ийм хүнээс гадна Мядагмаа шиг бусдад тусалж, хүүхдүүдийг дэмжин сургуульд элсүүлэх, эрүүл мэндэд нь анхаарах зэрэг буяны үйл хийж яваа хүмүүс … гээд нийгэмд сайхан сэтгэлтнүүд олон байх юм. Түүний энэхүү ариун үйлийг нөхөр нь ойлгон дэмжиж, “Сайхан сэтгэлийг нь бахархан дэмждэг” гэж урамтай үгээ хэлж байсан юм. Нам засаг ч түүний ажлыг үнэлж, олон арван шагналаар энгэрийг нь мялаасан байна. Олон нэр хүндтэй шагнал хүртэж явсан түүнд болон түүний нөхрийн хувьд хамгийн баяртай явдал бол энгэрт нь гялалзсан шагнал биш, харин өргөж тэтгэсэн хүмүүс нь өөдтэй сайхан амьдарч байгааг харах тэр л агшинд сэтгэлийн урам болдог байна. “Одоо ажил хөдөлмөр гэж зөндөө. Хөдөө явах нь олширсон байна. Амьдрал маань улам сайжирч байгаа болохоор хөдөө нутагтаа харина гэж л бодож байна. Малаа хариулах маань хамгийн таатай амьдрал байх аа” хэмээн ярих сайхан сэтгэлт Мядагмаа хөдөө нутгийнхаа зүг тэмүүлсээр ......
