

Хонь
Гэнэтийн бэлэг, амлалт, эрч хүчээр дүүрэн сар эхэлж байна. Бусдыг хайрлаж хүндэлдэг учраас хүмүүс чамтай харьцахдаа дуртай байдаг. Тиймээс ч хийх гэж буй ажил, хайр дурлалын тал дээр хүмүүс чамд аль болох туслахыг хичээнэ. Үүний ачаар үр дүн ч сайн байх болно. Хайр дурлалаас гадна сексийн амьдрал ч гэсэн таатай байх нь ээ. Ганц бие Хонинууд хэд хэдэн болзооны урилга авна. Гэхдээ том өөрчлөлт гарахгүй л болов уу. Харин хостой хүмүүст гэр орныхны зүгээс ямар нэг шахалт дарамт ирж мэднэ. Гэхдээ энэ нь тийм ч удаан үргэлжлэхгүй ба тэвчээртэй байхыг од эрхэс сануулж байна. Энэ сард Ангараг гариг чамд илүү их эрч хүч, амжилтанд хүрэх “шунал” –ыг өгч шинэ төсөл, гэрээ, сорилт эсвэл шинэ ажил, өрсөлдөөнд оролцож, өөрийн чадвараа харуулах боломж өгнө. Байнгын хөдөлгөөнтэй, ажил ихтэй байж, түргэн хугацаанд шийдвэр гаргах, эрсдэлтэй алхам хийх сар ирж байна. Учир нь чамайг аз ивээж байгаа учраас барьж авсан боломжоо алдахгүй байхад анхаараарай. Энэ сарын чиний орлого хамтын ажиллагаа, нийгмийн сүлжээ, багийн ажлаас бүрдэх болно. Гэхдээ төлөвлөгөөгүй нөхцөл байдал үүсч магадгүй учраас бага зэрэг сэрэмжтэй, болгоомжтой байхад илүүдэхгүй. Ямар нэгэн эрсдлийг сөрөхгүй л бол хүссэн үр дүн чинь тийм амар гарахгүй шүү дээ. Хэтэрхий их догдлох, сандрах, уурлах зэргээс болоод бие ядарч, сульдаж магадгүй учраас аль болох тогтмол биеийн дасгал хийж, эрч хүчтэй, сэргэлэн байдлаа хадгалах хэрэгтэй. Зүрх судасны шинжилгээ хийлгэж, хяналттай байвал сайн. Аль болох уурлаж, бухимдахгүй тайван байхыг хичээгээрэй. Ууртай үед гаргасан шийдвэр хэзээ ч сайн үр дүн авчрахгүй шүү. Бие давхар Хонинууд амьдралын баяр баясгаланг энэ сарын турш мэдэрнэ.
Үхэр
Хостой Үхрийнхний хувьд хосын харилцаа нь аз жаргал дүүрэн байхаас гадна хамтын амьдралдаа шинэ уур амьсгал оруулах хүсэл төрнө. Харин ганц бие бөгөөд жинхэнэ хайрыг мөрөөдөн суугаа Үхрийнхэн өөрөө ямар нэг үйлдэл хийж эхлэхгүй бол асуудал улам л ээдрээтэй болж, хэн ч чиний жинхнээсээ юу хүс ч байгааг мэдэхгүй хэвээр үлдэх нь. Энэ сард Сугар болон Ангараг гаригууд Үхрийн ордод байрласнаар амьдралын баяр баясгалан нэмэгдэнэ.Зарим Үхрийнхэн нууцлаг харьцаанаас таашаал авч магадгүй. Сарын хоёрдугаар хагаст Сугар гариг хайр дурлалын аз, сэтгэл татам, тачаангуй байдлыг чамд бэлэглэнэ. Гэхдээ аливаа шийдвэрийг сэтгэл хөдлөл, мэдрэмжиндээ захирагдаж биш эрүүл ухаанаар гаргахгүй бол харамсах зүйл тохилдож магадгүй шүү. Харин сарын эхний хагаст Үхрийнхэн ажлын талбар дээр ганцаардал, идэвхигүй байдлыг мэдэрнэ. Гэхдээ энэ нь тийм ч удаан үргэлжлэхгүй шинжтэй байгаа бөгөөд харин ч хувийн зохион байгуулалтаа сайжруулах, өөрийнхөө нэн тэргүүний зорилгыг тодорхойлох шалтаг, шалтгаан болно. Үүний нөлөөгөөр хэрэггүй хэрнээ хайран цагаа зориулан хийж ирсэн зүйлсээсээ ч бас сална. Мөн ажил, мэргэжлийн хүрээн дэх хүмүүсийн харилцаа зөрчилтэй байна. Учир нь чамайг байдаг чадлаараа дэмжих хэн нэгэн байхад, урхинд оруулахыг хүсэгчид ч отсоор байна. Анхааралтай ажиглаж, дүгнэлт хийх чадвараа ашиглан таагүй нэгнээс зайгаа бариарай. Зөн совин чинь хэзээ ч чамд худал хэлэхгүй.Үүнээс гадна бусдад биш өөртөө найдахгүй бол хэдий тэд чамд сайн хандсан ч зорилгодоо хүрэхэд чинь туслаж чадахааргүй нэгэн байж болох юм. Ямар нь сайн тодорхойгүй бүлэг, холбооны гишүүн бололгүй, зарлагаа ухаалгаар зохицуулж чадвал мөнгө асуудал биш байх болно. Үхрийнхний бие сарын эхний хагаст бага зэрэг чилээрхэж магадгүй. Өөрийнхөө эрүүл мэндэд хариуцлагатай хандаж, анхаарал хандуулаарай. Ялангуяа удирдах албан тушаал хашдаг, чадварлаг Үхрийнхэн эрүүл мэндийн асуудлаа хойш тавьж огт болохгүй шүү. Гэхдээ сарын 17-нд эерэг сэтгэлгээ чинь эргэн ирж чи эрч хүчийг мэдрэх болно. Сарын туршид гэнэтийн осол гэмтэл, халдварт өвчнөөс сэрэмжлээрэй.
Ихэр
Хөгжилтэй, адал явдалтай сар айсуй. Ирээдүйгээ төлөвлөж, түүнийхээ төлөө том алхам хийхдээ бэлдээрэй. Нэгэн хэвийн, урсгалаараа өрнөх амьдралаас гарах боломж чамд тохиолдоно. Хостой Ихрүүд хайртай хүнтэйгээ ирээдүйн амьдралаа төлөвлөж, эхнээс нь биелүүлж, арга хэмжээ авч эхэлнэ. Сарын эхний хагаст та хоёрт хамтын амьдралтай холбоотой үл ойлголцол үүсч магадгүй. Үүний хайрынхаа хүчээр намжааж, бие биедээ буулт хийгээрэй. Харин ганц бие Ихрүүдийн хувьд сонирхол, нийтийн бүлгүүдэд хамрагд. Янз бүрийн арга хэмжээ, сонирхлын бүлэгт очсоноор өөртэйгээ санаа нийцэх хүнтэй танилцаж, найз нөхөрлөлийн хүрээлэл өөрчлөгдөнө. Төрсөн гэр, эх орноосоо хол байгаа Ихрүүдэд ч мөн энэ хамаатай. Сарын хоёрдугаар хагаст хайр дурлалын хувьд эерэг бас томоохон өөрчлөлт гарах болно. Яарч сандран шийдвэр гаргавал буруудаж, харамсаж болзошгүй учраас сайн бодоорой. Хэн нэгэнд биелүүлж чадахгүй амлалт өгөхөөс зайлсхий. Энэ сард чамд шинэ ажлын санал ирж магадгүй. Орлого чинь ажлаас шууд хамааралтай учраас хийх боломжтой бүхнийг хийвэл илүү үр дүнтэй. Боломжийг ашиглаж чадвал карьертээ өөрчлөлт хийж, бусдын хүндэтгэлийг хүлээж чадна. Хойшоо сууж, залхуурах тухай март. Энэ сард хувь хувьсгалын ажлуудаа нэгтгэж гаргаад өөрийнхөө нэн тэргүүний санаа тавих ажлаа тодорхойлж зохион байгуулалтаа шинээр төлөвлөвөл сайн. Ажлын талбарт энэ сарын турш хамгийн ихдээ гурван том ажил төлөвлө. Олон байх тусам үр дүнгүй болж, цалгардах аюултай. Хуучин харилцагчтайгаа нэгдэж хийсэн ажил амжилттай байх болно. Ямар нэгэн арга хэмжээ, үдэшлэг, нэгдсэн уулзалт гэх мэт үйл ажиллагаа зохион байгуулах ажил гарч ирнэ. Анхнаас нь эмх цэгцтэй байлгаж чадвал амжилттай байх бөгөөд нэр хүнд, ур чадвараа дахин харуулах боломж байна. Сарын бүх орлого ажлаас хамааралтайг дахин нэг сануулъя. Тэр тусмаа багийн болон хамтарсан ажил маш чухал нөлөөтэй шүү. Биеийн чинь ерөнхий эрүүл мэнд сайн байна. Гэхдээ огт анхаарахгүй орхих хэрэггүй. Аль болох хөдөлгөөнтэй байж, биед таагүй нөлөөтэй зүйлд донтохоос сэргийл. Элдэв осол гэмтлээс болгоомжлоход илүүдэхгүй. Мөн хоолны хордлогоос сэргийлж, элдэв зүйл идэхээс татгалзаарай.
Мэлхий
Мэлхийн ордныхны хайр дурлалын хувьд тайван цаг үе ирэх ба сэтгэл хөдлөлөө илэрхийлж, өөртөө бүрэн итгэх болсноор дур булаам зан чанар нь өсөх болно. Чи ирээдүйн хосоо бахархам амжилттай, чиний хүндэтгэлийг хүлээсэн магтууштай нэгэн байгаасай гэж хүсэх ба яг тийм нэгэн л чиний сэтгэлийг татах болно. Ингэснээр энэ сард чи өөрийнхөө өндөр шаардлагад нийцүүлэхийн тулд хүндхэн сонголтыг хийх бололтой. Өөрөөсөө илүү чадварлаг хэн нэгэнтэй учирч магадгүй ба түүнийхээ тусламжтайгаар нийгмийн байр сууриндаа ахиц дэвшил ч гаргаж болзошгүй. Эсвэл хосын чинь эрхэлдэг ажил хэрэг амжилтанд хүрэх магадлал тун өндөр байна. Энэ шинэ сард Мэлхийн ордныхон хувийн амьдралаа ажил, мэргэжлээсээ ялгаж удирдан чиглүүлэхэд суралцах үе байх болно. Ангараг болон сугар гариг энэ сард Мэлхийн ордны мөнгө санхүүгийн харилцааг ивээж санаачлагатай байдал, дайчин зан чанар, урдаа тавьсан зорилгынхоо төлөө өөрийн хүч чадлыг шавхан тэмүүлэхэд чинь дэмжлэг үзүүлнэ. Харин Сугар гариг чамайг улам их сэтгэл татам байж азтай харилцаа үүсгэж, ахин дэвшихэд туслах юм. Ангараг болон Сугар гаригын энэ хослол нь зорилгынхоо төлөө тууштай тэмцэх үеийн чинь бэлэг тэмдэг болох ба чамайг энэ сард ажил төрөл болон санхүүгийн хувьд арвин их амжилттай байж аль алинд нь таатай үе болох дүр зургийг илэрхийлж байна.Харин 3-р сарын 21-ээс эхлэн Нар энэ ордны ажил хэрэг болон мөнгө санхүүгийн харилцаанд нөлөөлж эхлэх ба өмнөх өдрүүдээс ч илүү ашигтай давуу нөхцөл байдлыг бий болгоно. Нэг үгээр хэлэхэд энэ сарын бүх өдрүүд гайхалтай амжилтыг чамд амлаж байна. Бухимдал, стресс, бага зэргийн ядаргааг эс тооцвол эрүүл мэндийн хувьд санаа зовох зүйл байхгүй байх бололтой. Чиний сэтгэл санаа болоод бие бялдар аль аль нь эрүүл саруул байна. Хэрвээ эрүүл мэндэд чинь ямар нэг асуудал үүсвэл бусад бүх зүйлийг үл харгалзан эрүүл мэнддээ л анхаарлаа хандуулах хэрэгтэйг од эрхэс сануулж байна. Учир нь багахан өвчин урхагшиж эмгэг болж магадгүй аж. Соёл урлаг, сургалт судалгаа, аялал жуулчлалын холбоонд нэгд! Энэ сар бол мэдлэгийнхээ хүрээг өргөжүүлэх хамгийн таатай үе шүү.
Арслан
Арслангийн ордны хайр дурлалыг хариуцагч Бархасбадь гариг ирж яваа тул хосынхоо амьдралд энэ сарын турш, цаашилбал энэ зуныг хүртэл сэтгэл хангалуун, итгэл дүүрэн байх болно. 2015 оны эхний хагасаас 3-р сар хамгийн гайхалтай нь болж өнгөрөх нь. Хүсэл шуналын Ангараг, хайр дурлалын Сугар гаригуудын нөлөөгөөр Арслангийн ордныхны зүрх сэрж, шинэ харилцаа үүсгэх юм уу, одоо байгаа харилцаанаасаа бие болоод сэтгэлийн таашаал авахад эергээр нөлөөлнө. Хостойгоо хамтын зорилго тавьж түүндээ хүрэхэд тохиромжтой сар. Сургуульд явах, аялал хийх зэрэг өөрийгөө хөгжүүлэхийн тулд аян замд гарахад таатай. Мөн чиний хайртай хүний ажил хэрэг амжилтаар гялалзана. Харин чиний ажил хэргийн хувьд, эхлүүлсэн төсөл чинь дуусах тийшээгээ хандаж, ингэснээр шинэ түлхэц, шинэ санаа, шинэ чиглэлийг олох магадлалтай. Хэд хэдэн өөрчлөлт, шинэчлэл, дахин зохион байгуулалтын асуудлууд байна. Ерөнхийдөө олон төрлийн сорилт болон сэтгэл ханамжтай, идэвхтэй сар болж өнгөрөх төлөвтэй. 1-нээс 17-ны хооронд карьерын хамгийн хөгжил хөдөлгөөнтэй үе өрнөх учир энэ үед холын зайны хамтын ажиллагаа, сургууль соёл хөөцөлдөхөд тааламжтай. Харин 17-ноос 31-ний хооронд хэрэгтэй хүмүүстэй танилцаж, дээд албан тушаалтныхаа итгэлийг олж, нөхцөл байдлууд сайжирна. Мөнгөний тал дээр ухаантай, бодитой ханд. Эрүүл мэнд тэр чигтээ сайн байхыг амлахгүй. Хууч өвчин сэдэрч, огт санаанд ороогүй зүйлс илрэхийг үгүйсгэхгүй. Ямарваа зүйлийг хэтрүүлэхээс болгоомжилж, өөрийгөө арчилж тордоорой. Тодорхой бус, ёс суртахуунгүй санхүүгийн үйл ажиллагаанаас холуур байхыг зөвлөж байна.
Охин
Охиныхны хувьд романтик бөгөөд идеалист үе ирж байна. 3-р сарын 21-нийг хүртэл Охины ордонд Нар айлчилж, гэрэл гэгээ, халуун дулаан байдлыг бэлэглэн хосуудын амьдралыг гийгүүлнэ. Харин 20-ны үеэр өвөрмөц, гэнэтийн, тааламжгүй үйл явдал тохиолдох нигууртай байна. 3-р сарын 13-нд Буд гариг Охины ордонд айлчилснаар сэтгэл хөдлөл дээд цэгтээ хүрэх ч энэ нь эндүүрэл, буруу сонголт, эргэлзээтэй асуудлууд, урам хугаралт руу урваж магадгүй. Тиймээс юунд орооцолдож байгаагаа сайн бодолцож, болгоомжтой байгаарай. Ажил хэргийн тал дээр хамтын ажиллагаа, гэрээ хэлцэл анхаарлын төвд байна. Аливаа хамтын ажиллагаа хэчнээн ашигтай санагдсан ч шударга, маш ойлгомжтой, тодорхой нөхцлүүдийг тусгахгүй бол муу тал руугаа эргэх магадлалтай. Тиймээс нээлттэй, чин үнэн, зорилго нь тодорхой харилцааг эрхэмлээрэй. Санхүүгийн тал дээр 3-р сар Охины ордныхны хувьд хөл хөдөлгөөнтэй болж өнгөрнө. Ангараг, Сугар, Нар гурав таны санхүүгийн харилцааг чиглүүлснээр хөрөнгө оруулалт, бизнесийн гараа, зарим үнэ цэнэтэй зүйлийг эргүүлэн сэргээх, материаллаг ашиг сонирхлын дохионууд ирнэ. Гэхдээ санхүүгийн эрсдэл, алдагдлын магадлал ч байгаа тул сэрэмжтэй байхад илүүдэхгүй. Хоолын хордлого, сэтгэл санааны хямрал зэрэг бие махбодийн өөрчлөлтүүдэд өртөж магадгүй. Бүхнийг сахилга баттай, зөв зарчимтай явуулахад хичээл зүтгэл шаардах төлөвтэй. Уур бухимдлаа дарж, бясалгал хийгээрэй.
Жинлүүр
Жинлүүрийн ордны хосуудын хувьд хүчтэй сар байх нь. Гэнэтийн бэлэг шинэ зүйлд дуртай эрч хүчтэй Тэнгэрийн ван гариг, хүсэл тачаал, дур хүслийн илэрхийлэл болсон шатаж буй Ангараг гариг, хайр дурлал, мэдрэмжийн бэлэг тэмдэг тайван Сугар гариг, эцэст нь энэ гаригуудаас арай хожуу бүгдийг захирагч Нар хосуудын харилцаанд байрших аж. Олон нийтийн уулзалт цуглаан бүхий маш том арга хэмжээ тэмдэглэлт үйл явдал түлхэц болсноор Жинлүүрийн ордны хувийн амьдралд эрч хүчтэй шинэ эрин үе эхлэх нь. Иймээс ганц бие Жинлүүрүүд шинэ харилцаа бий болгох өндөр магадлалтай. Харин хосуудад бол одоо байгаа харилцаандаа шинэ алхам хийж, шинэ хүнтэй болох эсвэл хамтран амьдрах шийдвэр гаргана. Хэрвээ сэтгэл санаа чинь эмзэг тогтворгүй байвал найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ багахан аялал зугаалганд явж, нийгэмших нь чухал ач холбогдолтой.
Мөн энэ сард Жинлүүрийн ордныхон багаар ажиллах, бүлгийн төсөл, зохион байгуулалт, олон нийтийн харилцаа холбоо, аялал гээд бүх л зүйлд бие биеэ дэмжиж амжилттай ажиллах болно. Үүний зэрэгцээ та ажил, бизнесийн хүрээнд өрсөлдөөн, тэр ч байтугай шууд сөргөлдөөнтэй ч нүүр тулж мэднэ. Хэрвээ та энэ бүхнийг дипломат харилцаагаар удирдах гэж байгаа бол өөрийн яаруу, хурц ширүүн зан авираа засч асуудлыг аль болох намжаах талаас нь ажиллаарай. Харин санхүүгийн хувьд үнэхээр таатай сар байх нь. Сарын 17 хүртэл эрүүл мэнддээ ихээхэн анхаарал хандуулж, ядаргаа, стресс, сэтгэл зүйн дарамтаас хол байгаарай. Эрүүл мэнддээ онцгойлон анхаарал хандуулж цаг хугацаа, мөнгөө харамгүй зарцуул. Аливаад уян хатан хандаж, ямар нэгэн байдлаар нөхцөл байдалд дасан зохицож сураарай!
Хилэнц
Энэ жилийн хамгийн романтик сар. Ганц бие Хилэнцийнхэн өөрөө ч мэдэлгүй дурлах болно. Хавар ирсний дохио болгож, хайрлаж дурлах улирал эхэлжээ. Мөн өмнөх харилцаагаа сэргээж магадгүй. Хэрэв сэргээх бол өмнөх алдаагаа санаж, өөрөөр бүхнийг эхлүүлээрэй. Эргэлзээ, тээнэгэлзээ бүхнийг анхааралтай чагнаж, яаран шийдвэр гаргах хэрэггүй. Харин хосуудын хувьд харилцаагаа шинэ түвшинд ахиулж, гэр бүлийн гишүүн нэмэх тал дээр төлөвлөвөл тохиромжтой. Хайртынхаа санал бодлыг сайтар сонсож байхыг од гаригс зөвлөж байна. Учир нь өнгөрсөн хугацаанд хэтэрхий их өөрийнхөөрөө шийдсэнээс болоод асуудал үүсэх гэж байж болох юм. Гэхдээ тийм ч ноцтой биш ба хосууд өөрсөддөө хоёулхнаа байх цаг гаргаж, болзоонд явж, харилцаандаа хөг аялгуу нэмвэл бүх зүйл аяндаа шийдэгдэнэ.
Ажил карьерын хувьд энэ сарын туршид Хилэнцийнхэн тун завгүй байх нь. Мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэх ажил, төсөл орж ирнэ. Тэдгээр ажлыг хийх явцад өөрийнхөө мэдлэг, чадвар, боловсролыг нэмэх боломж гарч ирэх учраас ямар нэгэн ажлын саналаас аль болох татгалзахгүй байвал сайн. Янз бүрийн яаралтай нөхцөл байдал, асуудал, эрсдэлтэй үеүд гарч ирнэ. Аль болох бусдын санал бодлыг сонсож, сайтар тунгаасны дараа шийдээ гаргаарай. Зөв шийдвэр гаргаж чадвал үр дүн нь чамайг амжилтанд хөтлөх болно. Хэрвээ чи шинэхэн ажилтан бол аль болох өөрийн ур чадвар, авьяас билгийг харуулах зүйл хий. Тэгж чадвал хүссэн байр сууриндаа очих боломж илүү хурдан ирнэ. Санхүүгийн хувьд ч гэсэн таатай сар байна. Сарын хоёрдугаар хагаст илүү азтай байх учраас эргэлзээтэй асуудлаа тэр үед шийдэж болно. Эрүүл мэндийн хувьд бага зэрэг асуудалтай. Ямар нэгэн өөрчлөлт, өвчин зовиур мэдэгдвэл шууд эмчид үзүүлж байхыг зөвлөж байна. Мөн ажлаас болж стресст орохоос зайлсхий. Аль болох өөрийн сэтгэл санааг тайвшруулж, спортоор хичээллээрэй. Хаврын эрч хүч сул үед энэ хамгийн ихээр тусална. Ямар нэгэн хэрэгцээгүй үйл, үр дүн багатай зүйлд оролцож илүү эрч хүч зарцуулах, биеэ ядраах хэрэггүй.
Нум
3-р сар Нумынхны хувьд хамгийн сэтгэл хөдлөл, хүсэл тэмүүлэл, догдлол дүүрэн сар болж өнгөрөх төлөвтэй байна. Санаанд оромгүй гэнэтийн үйл явдлууд тохиолдож, өмнө нь туулж байгаагүй шинэ содон зүйлсийг туршиж, эротик тал дээр хөгжиж дотоод галаа сэргээнэ. Хамгийн хөдөлгөөнтэй гариг болох Ангараг Нумын ордны хайр дурлалын хэсэгт шилжиж ирснээр гэрэлтүүлэгч Нар, мэдрэмтгий Сугар гаригтай хосолж энэ бүхэн биеллээ олж байна. Мэдрэмжийг чинь хөглөх таатай нөхцөл байдлууд аяндаа үүсэх нь. Зугаа цэнгэлийн араас бүхнийг мартан хөөцөлдөх, сексийн амьдралаа баялаг болгох туршилтуудыг хийх хоёрын аль ч хэлбэрээр нөлөөлж магадгүй. Хосуудын хооронд үл ойлголцол, хэрүүл маргаан гарахгүй. Ажил хэргийн хувьд, хэрвээ чи өөртөө удаан хугацааны зорилт тавьж, алсын хараагаа тодорхойлсон бол 3-р сард түүнийхээ төлөө чухал алхмуудыг хийнэ. Энэ сард бизнестээ хөрөнгө оруулж, хөгжүүлэх, цааш өргөсгөх тал дээр нь анхаарах хэрэгтэй. Од гаригсийн эрхшээлийн нөлөөгөөр чамд үүнийг хийх хангалттай эрч хүч олгогдож, араас чинь түхэх хөшүүрэг болно. Боломж бүр чиний талд байх хэдий ч чи өөрөө түүнийгээ ашиглах учиртай. Эдгээр таатай нөхцөл байдлын давуу талыг бүрэн ашиглахын тулд яг юу хүсч байгаагаа тодорхой болгоорой. Зарим зүйл дээр чиглэлээ эндүү барьж аван, буруу тийш будаа тээх магадлалтай байна. 3-р сарын турш чи хүч чадлаа зөв хуваарилснаар бие махбодийн хувьд эрүүл чийрэг байна. Ямар нэг хөгжилтэй, эрч хүчтэй спортоор хичээллэвэл зохистой.
Матар
Матрын ордны хайр сэтгэл болоод хосуудын харилцаанд шинэ сарын эхэн үе тийм ч өгөөмөр хандахгүй бололтой. Хосууд гэр бүлийн харилцаа болон орон гэр гэх мэт бодит зүйлс дээр төвлөрөх болно. Гэрээ нүүлгэх, тавилгаа шинэчлэх, эцэг эхтэйгээ холбоотой зарим асуудлыг шийдвэрлэх гэх мэт. Эдгээр нь чамаас маш их хүч хөдөлмөр шаардах учраас ачаалалтай, завгүй байх нь. Харин 3 сарын 17-оос эхлэн Сугар гариг энэ ордны хосуудын харилцаанд байршиж өөрчлөлт хийнэ. Энэ байрлал нь хосуудын хувьд аз жаргалтай, романтик, сэтгэл хөдөлгөм мөн эротик гэмээр туйлын хөгжилтэй цаг хугацааг бэлэглэхийг од эрхэс зөгнөжээ. Чиний сэтгэл татам зан чанар улам ихээр хүмүүсийг татах ба Матрын ордныхны бодол санаа, сэтгэл хөдлөл, мэдрэмж маш хүчтэй илэрч хайр дурлалын хэрэгцээ нь өсөх болно. Чи энэ сард хайр дурлалд одтой байж бүгдийг байлдан дагуулна эсвэл өөрийгөө батлан харуулж чадна. 3 сарын 22 болон 23 чиний хувьд хамгийн таатай үе байх аж. Ангараг, Тэнгэрийн ван, Сугар гаригууд Хонины ордонд байрлаж эхэлснээр ажил хэргийн болон санхүүгийн харилцаанд бэрхшээл гарч өөрийн зүгээс эрчимтэй арга хэмжээ авах шаардлагатай болно. Асуудлын цөм нь байшин, компанийн байр (хэрэв байвал) мөн түүнчлэн үл хөдлөх хөрөнгийн бизнес, хөдөө аж ахуйн бизнес, байгалийн нөөцийн ашиглалт зэргийг хамарч болзошгүй. Сарын дундуур ажил мэргэжилтэй холбоотой шинэ боломжууд гарч, дэмжлэг туслалцаа маш сайн үр дүнтэй байх болно. Шинэ сар чамд уран төсөөлөл, шинэлэг санаа, оюун ухаан, практик бүтээлч байдлыг зээлдүүлснээр өмнө нь гаргасан алдааны чинь шалтгаан чиний өмнө ил болно. Эрүүл мэндийн хувьд сарын эхэн үе мөн л сайнгүй байх бололтой. Матрын ордныхны хувьд сэтгэл санаа тогтворгүй, уур уцаартай мөч байх аж. Энэ нь гэр бүлийн дотоод асуудал, үүрэг хариуцлага зэргээс шалтгаалж магадгүй. Товчхондоо энэ сар чамд тийм ч найрсагаар хандахгүй тул чи өөрөө аль болох найрсаг харилцааг буцаан бий болгох хэрэгтэй юм. Хуучны анд нөхөдтэйгөө холбоотой байж чин сэтгэлээсээ ярилцаарай.
Хумх
Энэ сард ганц бие Хумхынханд Хонины ордны эсрэг хүйстний зүгээс сонирхолтой санал ирнэ. Шинэхэн танилцсан дажгүй залуутай хамт аялал зугаалгаар явах, харилцааныхаа тухай үр дүнтэй яриа өрнүүлэх эсвэл зурвас илгээх гэх мэтчилэн гоё үйл явдлууд болох нь. Юмыг яаж мэдэхэв, цоо шинэ хайрын романс ч байж болно. Эдгээр нь Хумхынхны хайр дурлалын амьдралыг сэрээж сонирхлын групп, бүлэг хамт олонтой нэгдэх боломжуудыг нээснээр сонирхолтой үйл явдлууд эхэлнэ. Холын зайны харилцаа ч байж болно. Сарын хоёрдугаар хагас хувийн амьдралд чинь энэрэнгүй хандаж, гэр бүл, гэр орныг чинь жаргалтай байлгана. Энэ нь Сугар гаригийн нөлөө тав тух, халуун дулаан байдлыг Хумхынханд мэдрүүлж байгаатай холбоотой. Ангараг, Тэнгэрийн ван гаригуудын Хумхынхныг сэрээж, шинэ санааны ундарга,урам зоригоор дүүрэн байхад нь туслах болно. Үүнээс Хумхынхан хөдөлгөөнд орж ажлын байраа өөрчилж ч мэдэх юм. Мөн энэ сард мэдлэг, ур чадвартай холбоотой өрсөлдөөнд орж, бүтээлч байдал, мэтгэлцэх чадвар чинь тун их хэрэг болно. Энэ үеэр амьдралдаа тохиох нэгэн чухал шийдвэрийг гаргах ба сэтгэл хөдлөлөөр хандахгүй байхыг зөвлөе. Мөнгө, санхүү энэ сард чиний хувьд асуудал биш байна. Гэхдээ л тооцоогүй зарлагаас хол байгаарай. Сэтгэл санааны тогтворгүй байдал чамайг тавгүйтүүлнэ. Хэн нэгэнд хэлсэн үг эсвэл урьд нь гаргасан амьдралынхаа чухал шийдвэртээ маш ихээр харамсана. Энэ нь чамайг цочмог, түргэн ааштай болгож мэдэх болохоор бүх зүйлийг дотроо хадгалаад явалгүй найз нөхөд эсвэл сэтгэл зүйчид ярьж зөвлөгөө аваарай. Жолооны ард байхдаа болгоомжлоорой.
Загас
Сарын эхний хагаст Загасныхны хайр дурлалын амьдрал нам гүм байна. Шинэлэг зүйлс тохиолдохгүй эсвэл болсон зүйл нь чамайг аз жаргалтай болгохгүй л болов уу. Хос чинь чамайг үл тоох, ойлгохгүй байх зэрэг хандлага гаргаснаас ганцаардаж, сэтгэлээр унаж магадгүй. Харин сарын хоёрдугаар хагаст хайр дурлалын Сугар гариг сонирхолтой байрлалд шилжсэнээр дурлалын романсаас илүүтэйгээр бизнес, хөрөнгө оруулалтын харилцаа, санхүүтэй холбоотой сайхан зүйл болно. Загасныхныг энэ нь харин ч илүү ихээр баярлуулах юм. Сарын хоёрдугаар хагаст хайр дурлалын гариг маань үндсэн үүргээ биелүүлж чиний сэтгэл татам төрхийг эргүүлэн авчрах болно. Ганц бие Загаснууд сарын сүүлээр хэд хэдэн болзооны урилга авна. Хостой хүмүүс хамтдаа шинэ аялалын төлөвлөгөө гаргаж магадгүй.
Харин ажил хэргийн хувьд Загасныхны үе ирж байна, хонгор минь! Нар Загасны ордныхны карьерийг гийгүүлж зохион байгуулах, хүнтэй харьцах чадварыг чинь ил гаргана. Чи анхаарлын төвд байж, бүх давуу чанарууд чинь чиний нэр хүндийг өсөхөд мэдэгдэхүйц нөлөөлнө. Үүгээр дуусахгүй шүү. Бархасбадь, Санчир гаригийн холбоо чиний санхүүгийн амьдралыг чинь өдөөж өгөх ба ингэснээр чиний ажил, карьер, санхүүгийн түншлэл, харилцаанууд чинь бие биенээ дэмжиж хэд хэдэн таатай боломжуудыг нээж өгнө. Үүнээс үүдээд чи амжилт, орлогыг соронз шиг л өөртөө татах болно. Гэхдээ эрсдэлтэй шийдвэр гаргахаас зайлсхийхгүй бол санхүүгийн томоохон алдагдалд хүрч магадгүй шүү. Харин сэтгэл санааны хувьд сарын эхний 2 долоо хоногт гайхалтай эрч хүчтэй, өөртөө итгэлтэй байх болно. Эрүүл мэндийн асуудал байгаа бол түүнийгээ нэг мөсөн арилгахад тун тохиромжтой. Сарын 13-наас Буд гариг чамд ганцаардлыг мэдрүүлж магадгүй. Тийм учраас олон хүмүүстэй харилцаж эелдэг байхыг хичээ.
