ӨМӨЗО-ы Алшаа аймгийн Эзэнээ хошууны баруун бүсийн Хар бүргэдийн уул сууринд тэмээ малаа өнөр өсгөж, хөдөлмөрийн баатар медаль хүртсэн тэмээчин бүсгүй бий гэх мэдээллээр саяхан Эзэнээ хошууны төв Далайнхөв суурингаас мордож, тэнэгэр говийн өрцөд хар уулын нөмөрт байрлах малчин айлыг зорьсон билээ. Говийн тэнгэртэй өнгө ижилсэх цэнхэр дээвэртэй хоёр өрөө тоосгон байшин, том агуулахтай, машины зогсоолтой малчин айлд 300 км давхиулсан хойно хүрлээ.
Бид өөр ажлаа амжуулан үдээс хойш 16:00 цаг болтол гэрийн эзнийг хүлээж балаа. Ямаа нь хүртэл хотны гадаа ирээд байхад эзэн нь мөн л ирээгүй. Харанхуй болохоос өмнө бид буцах шаардлагатай тул машиндаа суутал холоос мотоциклын түржигнэх дуун сонсогдлоо. Хар үстэй малгай дарж, хар нүдний шил зүүж, ногоон хүрэм өмссөн бүсгүй мотоциклын ард заг мод ачсан ирлээ. Хөдөлмөрийн баатар цолтой тэмээчин бүсгүй Хасцэцэг ганцаараа тэмээ малаа арчлан үржүүлж, эр нөхөр Дайчин нь Далайхөв сууринд такси барин, хүү охиноо сургуульд нь зөөж байгаа ажээ.
- Та нарыг бүтэн өдөр хүлээлгэсэндээ уучлал хүсэж байна. Мэддэг бол үдийн үед миний тэмээгээ усалдаг хээрийн худаг дээр очих байж гээд Хасцэцэг гэртээ орж, галаа хөгжөөж цай чаналаа. Бид ч тулга тойрон дулаацаж, боорцог идэж, цай балган Хасцэцэгтэй яриа дэлгэлээ.
Одоо тэрээр нутаг бэлчээртээ 100-аад ямаа, 200 гаруй тэмээ маллан үржүүлжээ. Энэ хавар 40 ботго, 30 гаруй ишиг тоссон бөгөөд 30 гаруй тэмээгээ зарж, 300 мянга гаруй юанийн орлого олжээ. Хүйтрэхээс өмнө 4-5 тонн бордоо худалдан авч нөөцөлсөн байна.
- Энэ хоёр жил 20 ингэний саамаас 50 мянган юань, тэмээнийхээ ноос зогдроос 60 мянган юань, дээр нь нам засгаас өгч байгаа бүх талын нөхвөр мөнгө зэргийг нэмээд жилд арван хэдэн мянган юанийн цэвэр орлоготой болсон гэж Хасцэцэг танилцууллаа.
Өнөөдөр ийм амьдралыг эдэлж байгаа ч Хасцэцэг өмнө нь зүдүүхэн амьдралтай ядуу буурай өрх байсныг мэдэх хүн цөөн. Энэ жил 49 настай Хасцэцэг 1996 онд 10 ямаа, 5 тэмээтэй л байжээ. Тэрээр арван хэдэн наснаасаа аавыгаа дагаж тэмээ маллаж, тэмээ малын арга ухааныг олсон болохоор тэмээгээ үржүүлж амьдралаа өөд татахаар шийджээ.
- Бусад айлаас эцэж туйлдсан ботго тором худалдан авч, гурил зуурч идүүлэн тэнхрүүлээд мал болгодог. Тэмээ муудвал давстай усаар усалж тэнхрүүлнэ. Миний гараар дамжин мал болсон тэмээ олон байна. Тэмээд миний дуугаар намайг таньдаг гэлээ.
Хасцэцэг тэмээгээ тэнгэрийн амьтан гэж сүжиглэн дээдэлж, амь голтойгоо холбож хайрлан өсгөсөн тэнэгэр говийн тэмээчин бүсгүй. Түүний нутаглаж суугаа Улаан-Уул багийг хамарсан Тойг Шилийн нутаг нь нэр алдаршсан буйд эзгүй бүс нутаг бөгөөд 1992 онд энэхүү нутгийг Нэгдсэн Үндэстний байгууллагаас “Хүн амьдрах боломжгүй газар” гэж үнэлсэн. Говь нутагт өвөлдөө чоно сүрэглэн тэмээ малыг хөнөөх тул Хасцэцэг тэмээгээ хамгаалахын тулд хэчнээн өвлийн шөнө тэмээн сүргийн дөрвөн талд ямааны хоргол унгасгаж, утаа манаруулж чоныг хөөж үүр цайлгаж байсан учиртай. Түүний шаргуу хөдөлмөрийн хариуд тэмээ мал нь нэмэгдсэний дээр нам засгийн төрийн бодлогын дэмжлэгээр амьдрал нь сайжирсан.
- Нам засгийн төрийн бодлогын ачаар тэмээчний амьдрал өдрөөс өдөрт өөдөлж байна. Сүүлийн өдрүүдэд болсон ХКН-ын Төв хорооны XIX их хурлын тавдугаар бүгд хурлаар хөдөө аж ахуй, хөдөө тосгоныг эхлээд хөгжүүлэхэд илүү анхаарал хандуулах болсныг хараад их баярлаж зориг орсон. Тэмээгээ сайн маллах урам зориг минь улам бүр нэмэгдсэн. Хүүгээ ч сайн тэмээчин болгож нутгаа сахиулах бодолтой байна гэж Хасцэцэг санал бодлоо хуваалцлаа.
Тийм ээ. Ингэн тэмээний буйлаанд балрын говь хэзээд тэнүүн, ухаант ардын зүтгэлд тэнэгэр говь ашдын хөгжилтэй.
Тэнэгэр говийн тэмээчин бүсгүй
2021-01-06 16:35
Тэнэгэр говийн тэмээчин бүсгүй.
Зохиогч: ШИНЭБИЛЭГ, ЦОВОО
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : mgyxw.net
Дэлгэрэнгүй үзэх
