solongonews
Хонины таван цул хүний биед ямар сайн нөлөөтэй вэ
2016-09-06 11:02
Монголчууд эрт дээр үеэс мал, амьтны дотор цулыг нөөцлөн боловсруулж хоол хийх аргыг амьдрал ахуйдаа маш сайн хэрэглэж ирсэн. Үүнд, бог малын таван цул нь маш хүндтэй хоолны төрөлд орохын дээр маш сайн анагаах үйлчилгээтэй. Ийнхүү таван цулын орцтой хоол хүний биед ямар үйлчилгээ өгдөг тухай Шилийнгол аймгийн Монгол эмнэлгийн хорооны уламжлалт заслын салбарын эмч Жилинбаяртай хийсэн ярилцлагаа та бүхэндээ хүргэе.


      Элэг, уушги, зүрх, дэлүү, бөөрийг таван цул гэдэг. Энэхүү хонины таван цулаар шөл буюу битүү шөл, бууз, хуушуур хийхээс гадна малын эрхтний онцлогийг ашиглан бас янз бүрийн нарийн хоол хийдэг..Жилинбаяр эмч:

- Хонины таван цулын шөлийг цус төлжүүлэх зорилгоор өргөн хэрэглэдэг. Мөн төмөр ба иодын дутагдлаас сэргийлж, хавар бие сулран  ядаргаанд орсон үед таван цулын шөл илүү сайн ач тустай. Монгол уламжлалт эмнэлэгт таван цулын хүчин чадлыг нарийн тэмдэглэсэн байдаг. Үүнд, хонины элэг гашуун амттай, сэрүүн чанартай,  элгийг төлжүүлэн, элэгний хий халууныг арилгах, хий халуун, нүд улайх, нүүр царай муудах, эцэж турахыг анагаана . Хонины уушги амтлаг ба уушгины хийг дарж, уушгийг төлжүүлдэг. Голдуу хий ханиалгах, шээс хоригдох зэрэг зовиурыг анагаана. Хонины зүрх амтлаг амттай, бүлээн чанартай, зүрхний тамирыг сайжруулж, хий дарах чадалтай. Голдуу зүрхний тамир тэнхээг сайжруулж, зовниж унтууцах зэрэг зүрхний хийг анагаана. Хонины дэлүү нь маш амттай. Дэлүүг төлжүүлж, ходоодны шингээлтийг сайжруулна. Хонины дотор бөөр их амттай, бүлээн чанартай, бөөрний хүйтнийг арилгаж, бөөрний хүйтэн хийгээр чих дүлийрэх, чих шуугих, нуруу шархиран өвдөх, бөөрний тамир тэнхээг сайжруулдэг гэж ярьлаа.
Жилинбаяр эмч: - Таван цулыг хоол хүнсэнд хэрэглэхэд онцгой анхаарах зүйл байхгүй. Байгалийн эрүүл хонины дотор цулыг хүнсэндээ хэрэглэх нь биед маш сайн. Одоо нутаг бэлчээр муудсан, хонь малын зүү тариа олширсон учир захаас худалдан авахдаа сайн чанартай бүтээгдэхүүнийг сонгох хэрэгтэй. Гарал үүсэл нь тодорхойгүй махыг битгий хэрэглээрэй Үүнээс гадна, хүүхэд багачууд, залуу хүмүүсийн таван цулын үйл ажиллагаа сайн байдаг учир хэт их идэж болохгүй гэж санууллаа .

Зохиогч: Зулаа
Найруулагч: САРАА
Эх сурвалж : www.solongonews.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл