Тоотой хэдэн малаасаа үлэмж ашиг орлого хүртэж, орлогоо нэмэгдүүлнэ гэдэг малчин хүний ухаан, мал маллах арга туршлага, амьдрах ухааны бас нэгэн салшгүй хэсэг болохыг Авга хошууны Хонгоргол суурингийн Их булаг багийн малчин Хатанбаатар бодит үйл ажлаараа харуулж явна. Хатанбаатарынх гэртээ дөрвүүл амьдардаг. Хоёр хүүхэд нь аймгийн төвд сургуульд сурдаг.
Хатанбаатарынх энэ жил 33 тугал зарж 300 гаруй мянган юаний орлого олж, өнгөрсөн жилийн мөн үеэс 50 мянган юаниар илүү орлого олсон байна. 195 га нутаг бэлчээр дээр 40 гаруй үхэр малладаг гэхэд энэ орлого нь цөөн малаас өндөр ашиг хүртэж байгаа явдал. Тэгвэл Хатанбаатарынх энэ жил малаа хэрхэн борлуулсан бол? Ямар арга туршлага байгаа бол? Энэ талаар сонирхон тэднийд хүрлээ.
Амьдрал гэдэг олон сонголт туршлагаас үрлэн төлждөг. Хатанбаатар өнгөрсөн жил малаа захын наймаачинд шууд худалдахдаа нэг бүрийг 14 мянган юаниар 8 тугалтай үнээ, нэг бүрийг 7500 юаниар 14 эр тугал, нэг бүрийг 6000 юаниар 5 охин тугал, нэг бүрийг 13 мянган юаниар 3 бухан бяруу тус тус зарж, 286 мянган юаний орлого олсон бол энэ жил мал худалдахдаа нэг шинэ аргыг судалсан байна. Тугал нь бие бялдар, тарга хүч сайтай байдаг болохоор Хатанбаатар энэ жил захын наймаачинд зарсангүй. Хөрин Wechat-аар тугал зарах зар тавьж, нэг бүрийг нь 13000-15000 юаниар 8 тугал, нэг тугалыг 7500 юаниар 15 охин тугал, нэг бүрийг 8000 юаниар 10 эр тугал зарж, нийт 304500 юаний өндөр орлого олов.

Танай тугал яаж ийм үнэ хүрсэн бэ? Өөрийн гэсэн нууц байна уу?
Хатанбаатар: - Нууц гэмээр зүйл байхгүй. Би малын тоог нэмэгдүүлэхээр зүтгэдэггүй. Нутаг бэлчээртээ тохирсон цөөн хэдэн малынхаа үүлдрийг сайжруулж, тарга хүчийг нь нэмэгдүүлэхэд орлого тогтвортой, нутаг бэлчээрт халгүй, өвс тэжээлд хэмнэлттэй, хөдөлмөр хүчийг ч хэмнэдэг гэв.
2000 онд Хатанбаатарынх 300 гаруй хонь ямаа, 30-аад үхэртэй байв. Гэвч тэрээр их ган гачиг үргэлжилсэн хатуухан цагаар хонь ямаагаа цөөн болгож, үхрээ siemmental үүлдрийн болгохоор зоримог шийдэв. 2004 онд хамгийн анх Тунляо нутгаас нэг siemmental үүлдрийн үхэр 3800 юаниар авснаас хойш 3 жилд нэг үрийн мал солих аргыг баримталж ирэв. 2010 онд 3600 юаний охин тугал 15-ыг авч, мөн жилээс эхлэн жил бүр хориод үнээнд хээлтүүлэг хийж эхлэв. Гэвч хээл тогтох норм нь өндөр биш болохоор энэ жил Тунляогийн малын эмчийг сарын 3000 юаний цалинтайгаар ажиллуулж, үнээ бүрт 100 юаниар 25 үнээнд хээлтүүлэг хийлгэжээ. Энэ нь түүний үхрийн үүлдэр угсааг сайжруулахад хийсэн арга туршлага.
Жил бүрийн 12 сараас 5 дугаар сар хүртэл өдөр бүр хоёр удаа өвс тавьж өгнө. Нэг удаад нэг үхэрт 5 килограммын баримжаатай өвс тавьж өгдөг. Сүүлийн хэдэн сард нь нэмэлт тэжээл 2.5-3 килограммыг нэмж өгнө, ус хангалттай уулгадаг байна. Ингээд малын тарга хүч буурахаас завдаж тэжээдгээс үхэр нь тарга хүч сайтай өвөл хаврыг ажиггүй давж, тугал нь ч бойжилт сайтай болдог. Мөн өвсний ургалтын үед бэлчээрээ хэмнэж бэлчээрийн ургац нь хэвээрээ үлдэж, жилдээ 33 га хадлан хадаж бэлчээрээсээ өөрийн өвсний хэрэгцээгээ хангачихдаг болжээ.

Иймээс Хатанбаатарын siemmental үүлдрийн тугал бие том, өнгө зүс жигд сайн байдаг. 2005 оноос эхлэн сум, суурин, хошууны шилдэг үүлдрийн малын шалгаруулалтад оролцож үргэлж шагнал хүртдэг байна. Хол ойрын малчин түмэндээ шилдэг үүлдрийн малаараа танигдаж, өндөр үнээр тугалыг нь худалдан авах захын наймаачин олон болжээ.
Ийнхүү Хатанбаатар цөөн малаасаа өндөр орлого олж, аймгийн төв Шилийнхотод байшинтай, сайхан төмөр хүлэгтэй, хөдөө нутагтаа орон сууцтай, хашаа хороо сайтай, худаг ус гээд хүний хэрэгцээ цөм бүрэн чинээлэг амьдралынх нь илэрхийлэл болон гялалзана.
