solongonews
Хятад, Монголын хурдны морины уралдааны наадмын нээлт
2016-09-06 18:28
Хятад, Монголын хурдны морины уралдааны наадмын нээлт боллоо

      Өнөөдөр үдээс өмнө Хятад Монголын хурдны морины уралдаан болон VII удаагийн Хар адууны соёлын наадмын нээлт Шилийнгол аймгийн Авга хошнуунд болсон байна. Тус наадам нь Хятад, Монгол, Оросын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны форумын нэгэн хэсэг бөгөөд 9 дүгээр сарын 6-наас 8-ны өдрүүдэд үргэлжилнэ. Даага, хязаалан, соёолон, их насны морьдын уралдаанд Монгол Улс, мөн Өвөр Монголын уяачид, хурдны хүлгийнхээ шандсыг сорино. Түүнчлэн морин спортынн үзүүлбэр, морин дээрээс хадаг шүүрэх, сур харвах, морь уургалах, ганган морь шалгаруулах зэрэг тэмцээн уралдаанууд болов.  Нээлтийн үеэр Авга хошууг “Хятадын хар адууны нутаг”-аар өргөмжилсөн байна.

   Өвөр Монгол даяар алдартай Авга хар адууг бас сэнсэн хар адуу гэдэг. Авга хошууг гадагш сурталчлахад тустай, ойлгоход хялбарыг нь бодож сүүлийн үед “Авга хар адуу” гэдэг болсон байна. Сэнсэн хар адуу хэмээх нэрийдэл нь сэнсэн булгаас гаралтай. Энэ булгийг мөн “Цэнгэсэн булаг” гэдэг байжээ. Эзэн богд Чингис хаан үүгээр өнгөрөхдөө ус дутагдаж сэлмээрээ цавчиж булаг гаргаад, цэргүүд нь баясалдан цэнгэснээр “Цэнгэсэн булаг” нэртэй болсон гэсэн сайхан домогтой. Сэнсэн хар адууныхаа тоосонд хийморио сэргээж, сэнгэнэсэн айрагныхаа амтанд сэтгэл тэнүүн Авга түмэн өнөөдөр нутаг нутгийн хурдан хүлгийн төвөргөөнд цэнгэн баяслаа.

 

 

Найруулагч: М.БАНДИ
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл