solongonews
Батбаярын жаргалтай амьдрал
2016-11-24 16:46
ӨМӨЗО-ны төлөөлөгчдийн X хуралд зориулсан ӨМӨС-ны Үлгэр булангийн нийтлэл 18

2016 он Батбаяр гуайн хувьд дал хүртэл насалсны хамгийн баяр жаргалтай нэг жил гэлтэй.

- Биднийг бага байхад их л хүнд хэцүү орчинд амьдардаг байснаа санаж байна, идэх будаа сардаа хүрэхтэй үгүйтэй, архи чихэр гэж жил цагаан сар болохоор тасалбараар хэмжээтэй хангадаг, явж суухад сайндаа илжгэн тэрэг, нөхөөс дөхөөстэй хувцас хунар өмсөөд л явж байсан. Одоо гишгэвэл машин гүйлгэчихнэ, товчидвол утас нэвтэрчихнэ. Бид энэ шинэ байшиндаа орж суугаад гурван сар болж байна. Үнэхээр жаргаж байна гэж буйдан дээрээ сууж, янжуур тамхиа хааяа нэг сорчихсон одоогийн амьдралынхаа тухай бахдаад барахгүй зоог дэлгэнэ.

10 дугаар сарын 19-ний өдөр бид Баяннуур хотын Урадын дунд хошууны Онгон суурингийн Шарчулуу багт хүрч, малчин Батбаяр гуайг хайж явсаар хүү Зоригттой нь тааралдаж билээ.

Зоригтын суурьшлаас баруун хойнохон байх шинэхэн зассан хар замын ард “Урадын дунд хошууны Баян-Улаан шинэ тосгоны махны хонь тэжээн үржүүлэх тойрог” гэж байдаг. Баяннуурын мернусан хонийг тэжээн үржүүлэхээр Шарчулуу багаас 50 өрхийг сонгож, суух байшин, малын хашаа саравчийг нь бэлтгэж өгсөн нь энэ байлаа. Бид Зоригтыг дагаж явсаар аавынд нь ороход үд хэлбийсэн нарны гэрэл өрөө гийгүүлж, шинэ цагийн тавилга хэрэгсэл байр байрандаа цэвэр цэмцгэр байрлана. Батбаяр гуай хөгшин Бүрэнцэцэгтэйгээ цай цагаан идээгээ ширээ дүүрэн өрж биднийг угтан зочлов.

Батбаяр гуай энэ жил далан насны давааг давж, хөгшин Бүрэнцэцэг нь жаран таван настай, 5 охин, 1 хүүтэй гэнэ.

- Өмнө нь амьдрал ядуу болохоор өвчин үзүүлэхэд хүний царайг харж, мөнгө зээлэх эсвэл тэрэг хөсөг гуйна. Нэг удаа охин минь өвчлөөд би хориод газар үүрч гүйгээд дөнгөж эмчид очсон. Хүүхдээ сургуульд суулгахад ч бүр энд тэндээс мөнгө зээлдэг байсан. Аргал түлж, ус дамнан, малдаа бүр явган гүйнэ. Тэр үед манай багт ганцхан илжгэн тэрэг байсан. Мал унаа ч айл болгонд байх биш дээ. Идэж уух юм их ховор. Одоо бол улсаас нөхвөр тэтгэлэг гэж өгч л байна, амьдрал ч сайжирсан. Энэ жил манай энд бороо хур элбэг болохоор малын тарга хүч сайн, тарианы хураалт ч гайгүй боллоо хэмээн Батбаяр гуай сэтгэл тэнүүн ярина.

Батбаяр гуай хөгшин Бүрэнцэцэгийн хамт

Эднийх ам бүл олон болохоор бэлчээр нутаг их, 200 гаруй бог мал маллаж, арваад адуу, хэдэн унааны морь, хэдэн саалийн үнээтэй ажээ.

- Энэ жилийн ноос ноолуурын цэвэр орлого 60 мянган юань дөхсөн, харин малын үнэ унасан болохоор малаа зараагүй л байна гэж Зоригт зөөлөн дуугаар ярина.

- Энэ жилийн 10 дугаар сард манай багийн 50 өрхөд 30 мернусан эм хонь даалган өгч, гурван жилийн дараа 60 хурга буцаан авч, эх мал болон бусад төлийг даан авсан өрхөд өгөх төсөл өгсөн гэж Бүрэнцэцэг гуай ярилаа.

- Мань мэтийн хүмүүс гадагш гарч ажил хийж чадахгүй болохоор энэ хонийг нь хашаалж тэжээхэд яг болно. Сайн бол жилдээ 40 хурга тосчихно. Бид залуудаа зовж зүдсэн ч одоо төрийн бодлогын ачаар өтлөхийн үзүүрт жаргаж байна даа гээд Батбаяр гуай баяртай мишээж байлаа.

Таван жилийн өмнөхөн өр ширнээсээ гараагүй байсан эднийх одоо бэлчээрийн малаа маллахын дагуу тариа хураалт, хонь хашаалж тэжээх зэргээр хэдэн талаар орлого олох болж, цаг төрийн сайханд нутгийн хишгээ түшин шинэ амьдралын хав цэнгэлийг эдэлж явна.

Зохиогч: Бай Вэньшюай, Наранчимэг, Агиймаа, Төгсбилэг, Үндэс
Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл