solongonews
Алдарт зураач Раш бяцхан уншигчиддаа үнэт өвтэй ирлээ
2016-08-02 11:54
Номын цагаан буян дэлгэрэх болтугай!

         Буурал түүхээ дээдэлж, бичиг судраараа бахархнам. Хятад улсын номын 26 дахь үзэсгэлэнгийн ачааг тэгнүүлж Өвөр Монголын Хүүхэд багачуудын хэвлэлийн хороо алдарт зураач Рашийн “Монгол үндэстний нэвтэрхий түүх” хэмээх зурагт номын хуримыг 7 дугаар сарын 30-ны өдөр Бугат хотын үзэсгэлэнгийн төвд зохион байгууллаа.

  Өвөр Монголтой нас чацуу хэмээн өөрийгөө танилцуулсан алдарт зураач Раш нь Улаанцав аймгийн уугуул. Хятад улсын нэгдүгээр зэрэглэлийн зураач, Монголчуудын мянга гаруй жилийн түүхийг 1036 зургаар гурван жил гаруй зурж, “Монгол үндэстний нэвтэрхий түүх” хэмээх гурван боть зурагт номыг бүтээсэн хүндэт хүн.

“Түүхийг зурж гаргана гэдэг үлгэрийн зураг зурахтай адил бус. Түүхийн агуулгад улс төр, эдийн засаг, соёл, шашин, худалдаа зэрэг олон төрлийг хамардаг. Тэр бүх зүйлийг зургаар илэрхийлнэ гэдэг, ялангуяа түүхийн үнэнийг хариуцна гэдэг хялбар биш. Жамухын дүрийг зурахаар жишээлэхэд, энэ хүний тухай хулжин зальхай гэж ярих нь их, гэвч бодитой түүхэн байдалд нь үндэслэж дүрийг нь бүтээх хэрэгтэй” гэж тэрээр ярьж байв.

        Энэ номыг ямар зорилттой бүтээсэн тухай сонирхоход, Өвөр Монголын Хүүхэд багачуудын хэвлэлийн хорооны дарга Сайн-Өлзий: - Манай хэвлэлийн хороо монгол үндэстний соёл түүхийг уламжлах үүрэгтэй. Монгол хүүхдийн ой ухааныг нээж гэгээрүүлэх зорилготой цуврал номууд хэвлүүлэх, хятад хэвлэлийн хорооноос хэвлүүлсэн хүүхэд багачуудын шилдэг сайн номыг орчуулж хэвлүүлэх, хүүхдийн уран зохилын цуврал гаргах, сурах бичигт хавсаргасан хичээлээс гадуурх унших ном хэвлүүлэх зэрэг төслүүд бий. Хүүхэд багачуудад хялбар ойлгогдох, сонирхлыг нь татах үүднээс түүх соёлын номыг зураг хавсаргахыг хичээдэг. Иймээс бид Раш багштай хамтран монгол түүхийг зурсан хэлбэрээр хүүхэд багачууддаа хүргэхийг зорилоо гэв.

        “Монгол үндэстний нэвтэрхий түүх” ном 2004 онд хятад хэлээр хэвлэгдсэн. “Уг ном хятад хэлээр хэвлэгдсэний дараа нийгэмд маш өргөн нөлөөг үзүүлж, Хятад улсын шилдэг номын шагнал хүртсэн. Монгол хэлээр хэвлэгдсэн номыг асууж, сураглаж байгаа хүн олон байгаа гэж Өвөр Монголын Хүүхэд багачуудын хэвлэлийн хорооны ерөнхий найруулагч Багмад ярилаа.

        Агуу дээдсийн мянга гаруй жилийн буурал түүхийг мянган зургаар илэрхийлсэн энэ сайхан ном олон олон уншигчдын гарт хүрч, номын цагаан буян дэлгэрэх болтугай.

Найруулагч: Арвинтал
Эх сурвалж : xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл