Эрээн хотод олз омогтой, амжилттай ажиллаж буй цөөнгүй Монгол иргэд бий. Албан ёсны бүртгэлээр Эрээн хотод бизнес эрхэлж байгаа Монгол Улсын 500 гаруй иргэд байна гэсэн мэдээлэл байдаг.Сурвалжлагч энэ сэдвийн хүрээнд дараах гурван бизнес эрхлэгчдийг сурвалжилсан байна.
Ажил хийвэл ам тосдоно
Эрээн хотын “Вэнь жөү олон улсын худалдааны төв”-д дэлгүүр ажиллуулж, бэлэн хувцас худалдан борлуулдаг Н.Оюунгэрэлийн гол зорилго дэлгүүр ажиллуулахад биш, харин хүүхдээ зөв боловсон хүмүүжүүлэх юм.
Н.Оюунгэрэл
Хоёр жилийн өмнө түүний хоёр хүүхэд Эрээн хотын Олон улсын сургуулийг амжилттай төгсөж, Жэжян мужийн их сургуульд элссэн байна. Энэ нь түүний хувьд хамгийн бахархалт, баяр хөөртэй явдал байлаа. Мөн тэрээр олон жилийн хичээл зүтгэлээрээ Эрээн хотод орон сууц худалдан авчээ. Хичээл зүтгэл, цуцашгүй хөдөлмөрийн нэгэн жишээ болсон Н.Оюунгэрэл Эрээн хотын бизнесмэнүүд цахим худалдааны чиглэлээр хөгжиж байгаа тухайд:
- Хоёр хүүхэд маань сургуулиа төгссөний дараа бид ч гэсэн цахим худалдаа руу хөгжинө гэж ярьж байв.
Эрээн хотын иргэн болох уу гэсэн асуултад “Шийдээгүй байна” гэж хариуллаа. Хятад, Монголын иргэдийн хамтын ажиллагаанд Монгол Улсын иргэн Н.Цэрэндолгор одоогоос гурван жилийн өмнө Эрээн хотод ирж Өвөр Монгол бүсгүй Сараанатай хамтран бизнес эрхэлжээ.
Цэрэндолгор,Сараана
Тэдний анх танилцсан уулзалт нэгэн “Домог” шиг санагдана гэж дурсан ярьлаа. Цэрэндолгор, Сараана хоёул Хятадын иргэд Монгол Улсын бараа бүтээгдэхүүнд дуртай байдгийг анзаарсан гэнэ. Тиймээс тэд хоёулаа бизнес эрхлэхээр тохиролцож, Монгол Улсаас бараа оруулан Сараанагийн гэрт дэлгүүр ажиллуулж эхэлжээ.
Дэлгүүр нь хөгжсөөр “Вэнь Жөү худалдааны төв”-д лангуу түрээслэн ажиллуулах хэмжээнд хүрсэн байна. Одоогоор тэдний дэлгүүрт морин хуур, чихэр, бэлэн хувцас зэрэг олон төрлийн бараа бүтээгдэхүүн худалдаалагдаж байна. Хамтран ажиллах явцдаа хоёул эв найртай, сэтгэл, зорилго нэгтэй, амжилттай ажилласаар.
Соёмбо Монгол барааны дэлгүүр
Монгол охины орчуулагчийн мөрөөдөл Н.Сарантуяа гадаад хэл суралцаж, орчуулгын компани байгуулах мөрөөдлтэй. Монгол Улсын Хөвсгөл аймагт төрж өссөн тэрээр Эрээн хотын хоолны газарт зөөгч хийж эхэлсэн байна. Хятад хэлийг сайн сурахын тулд Эрээн хотын Олон улсын сургуульд суралцаж, хятад хэлний түвшнээ мэдэгдэхүйц дээшлүүлжээ.
2015 оны эхний хагас жилд түүнд нэгэн сайхан боломж тохиосон гэнэ. Тэрээр Эрээн хотын Хятад, Монголын хил дамнасан цахим худалдааны индэр болох “Хотын дэлгүүр” цахим хуудастай танилцахдаа хятад, монгол хэлний орчуулгын алдааг нь олж харсан байна. Ингээд тэрээр өөрийгөө тус цахим хуудаст хятад, монгол хэлний орчуулагчаар танилцуулав.
Хотын дэлгүүр
Тэрээр ярилцлага өгөх үеэрээ:
- “Хотын дэлгүүр” цахим хуудаст орчуулагчаар ажиллах хугацаандаа өөрийнхөө хятад хэлний түвшинг дээшлүүлэх шаардлагатай гэдгээ улам сайн ойлгосон. Өөрийн гэсэн орчуулгын компани байгуулах мөрөөдлөө биелүүлэхийн тулд ажлын бус цагаар хятад хэлний түвшнээ дээшлүүлэх талаар судалж, ажил тарсны дараа ССTV-1 зэрэг хятад хэлний нэвтрүүлгийг үзэж, хятад хэлээ сайжруулж байна. Мөн CCTV-гийн нэвтрүүлэгчдийн хятад хэл нь төв аялга бөгөөд бидэнд зөв зүйтэй суралцахад үлгэр жишээ болно гэж ярилаа.
